Монголчууд бүгд шударга бие даагчид гарч ирээсэй гэж хүлээж байгааг бие даасан судалгааны байгууллагууд нэг биш удаа нотолжээ. Хүмүүс яагаад бие даагчдыг хүсэх болов? Учир нь тэдний сэтгэлгээ шинэчлэгдэн өөрчлөгдөж, байгаагийн нэг том нотолгоо нь шинийг хүсэмжлэх их хүлээлтээр илрэн гарч байгаа хэрэг.
“Бие даан нэр дэвшигчдийн холбоо” нэрийн доор Монголын төр, нийгмийн зүтгэлтнүүд нэгдэж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвших хүмүүсийг тодруулах “Электорат” хөдөлгөөн байгуулагджээ. Энэхүү хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субъект биш. Юуны өмнө 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх, бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой юм. Улмаар бие даан нэр дэвшигчдийн дундаас олон түмний шалгуурт нийцсэн хэсгийг шалгаруулан дэмжих үүргийг тус хөдөлгөөн хүлээгээд байна.
“Электорат” хөдөлгөөн албан ёсоор байгуулагдсаныг өчигдөр /2019.03.28/ олон нийтэд зарлан, тус хөдөлгөөний 60 гаруй гишүүд хамтын тунхаг бичигт гарын үсэг зурсан юм. Тус хөдөлгөөнийг Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн сайд асан С.Оюун, хамба лам Д.Чойжамц, Төрийн хошой соёрхолт, хөгжмийн зохиолч.Н.Жанцанноров, нийтлэлч Б.Баабар нар санаачилжээ.
Энэ үеэр нийтлэлч Б.Баабараас “Электорат” хөдөлгөөний талаарх байр суурийг сонирхлоо.
БИД ЯМАР Ч ШАЛГУУРГҮЙГЭЭР СОНГОЛТ ЯВУУЛДАГ
Тэрбээр “Монгол Улсад сонгууль замбараагүй явагддаг. Бид ямар ч шалгуургүйгээр сонголт явуулдаг. Эрүүгийн гэмт хэрэгтэн гарч ирээд төрийг удирдаад явчихдаг. Өчигдрийн шоронгийн хулгайч өнөөдрийн Ерөнхийлөгч болчихдог. Хүмүүс улс төрийн намд итгэх итгэл алдарсан байна.
Том, жижиг бүх намуудын дэмжлэг 30 хувиас илүү гарахгүй байна. Хоёр голлох намын дэмжлэг өмнө нь хийсэн 20 гаруй жилийн судалгаанаас үзэхэд дандаа 50 хувиас давж байсан. Хэзээ ч ийм доошоо орж байсангүй. Тиймээс ард түмэн бие даасан шинэ хүмүүсийг дэмжиж байна. Гэтэл шинэ хүмүүсийн дэмжиж байгаа тэрхүү дэмжлэгийн орон зайг өөр хүмүүс дүүргэх аюултай.
Бид бие даан нэр дэвшигчдэд зөвхөн зөвлөж ажиллана. Нөгөө талаасаа хэний ч эсрэг сурталчилгаа явуулахгүй. “Электорат” хөдөлгөөн сонгууль дуусахаар үйл ажиллагаагаа бүрэн зогсооно. Бүрэн зогсооно гэдэг нь цаашдаа өөрсдийн дэвшүүлж гаргасан хүмүүсээр далимдуулж хэн нэгэн нь ашиг сонирхолд хүрэхгүй гэсэн үг" гэв.
Түүнээс “Электорат” хөдөлгөөний нэрийн утгыг асуухад “Аль ч нийгэмд замбараагүй сонгууль болдоггүй. “Электорат” бол шат шатаар дамжаад нийгмээс шударга хүмүүсийг шигшдэг АНУ-ын механизм юм.
Энд яриад буй “Электорат” бол АНУ-аас ялгаатай, зөвхөн “Зөв хүмүүсийг зохион байгуулалттайгаар Бие даан нэр дэвшүүлэх” хэмжээний электорат юм. Тэднийг нэр дэвшүүлэн дэмжигч, ард нь байгаа баталгаа нь улс төрийн нам биш, харин олон түмний итгэл найдварыг өнөө болтол хадгалж яваа нэр хүндтэй хүмүүсийн сайн дурын эвсэл байна гэсэн санаа.
Дараагийн сонгуульд улс төрийн намыг жинхэнэ утгаар нь шинэчилж чаддаггүй юм гэхэд олон түмний нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх авах хувь хүмүүсээ дэгэн догон боловч ямар нэг шалгуураар оруулан дэвшүүлье гэсэн зорилготой” гэлээ.
Тэд зорилгоо ингэж тодорхойлжээ.
- Төрийн эрх баригчдын дотор эзлэх хууль зөрчигчдийн тоог огт үгүй болгож чаддаггүй юм гэхэд цөөлөх.
- Нэгэнт улс төрийн намуудын нэр хүнд унасан энэ тохиолдолд тэдний хүртэж чадахгүй суудлыг эмх замбараагүй байдлаар талын нэг тараачихгүйн тулд бие даан нэр дэвшихээр шийдсэн хүмүүсийг аль болох төвлөрүүлэх.
- Нэр дэвшигчийг олон түмнээр хэлэлцүүлэн ил тод байдлыг эрхэмлэх төдийгүй сонгууль болгоноор нэр дэвшигчид сонгогчдодоо хэлдэг улиг болсон үл бүтэх хий хоосон амлалтыг биш, хувь хүнийхээ хувьд ямар зарчим болон ёс суртахуунтай байх андгай тавиулах.
2020 ОНЫ СОНГУУЛИАР НЭР, БИЕ ЦЭВЭР ХҮМҮҮС СОНГОГДОНО ГЭДЭГТ ИТГЭЛГҮЙ БАЙНА
Энэ үеэр “Электорат” хөдөлгөөний төлөөлөгч, нийтлэлч Б.Цэнддоо “Намуудын нэр хүнд шалан дээр унасан энэ үед олон түмний сүүлчийн итгэл шударга бие даагч нар дээр тулгуурлаж байгааг сүүлийн үеийн социологийн судалгаа харуулж байна.
Хамгийн сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр маш их мөнгөтэй хүн хоорондоо өрсөлдсөн. Сонгуулийн дүнд хамгийн их мөнгөтэй нь ялагдаж, мөнгө муутай өрсөлдсөн С.Ганбаатар сонгогдохоо шахсаныг хүн бүхэн санаж байгаа байх. Хүмүүсийг мөнгөө саналаар худалддаг гэдэг болов ч тэд сонголтоо өөрөөр хийдэг гэдгийг харуулсан.
2020 оны сонгуульд маш олон бие даагч оролцохоор харагдаж байна. Тэдгээр хүмүүсээс бид итгэл хүлээлгэсэн хүнийг сонгох ёстой. Хэрэв популист гараад ирвэл улс төрийг самраад л хаяна. Бид 2020 оны сонгуулиар нэр, бие цэвэр хүмүүс сонгогдоно гэдэгт итгэлгүй байна. Гэхдээ 2020 оны сонгуулийн үйл явц 2024 оны сонгуулийг шударга байлгах, шинэ намууд бүрэлдэж гарч ирэх тэр нөхцөлийг бий болгохын төлөө явж байна” гэлээ.
БИЕ ДААГЧИД ГАРЧ ИРЛЭЭ Ч АЖИЛЛАХ НЬ УЧИР ДУТАГДАЛТАЙ
Хуульч Д.Миеэгомбо тус хөдөлгөөний санаачилга үр дүнд хүрэх боломжтой эсэх талаар өнгөрсөн нэгдүгээр сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бие даагчид гарч ирлээ ч ажиллах нь учир дутагдалтай. Улс төрийн нам уг нь хамгийн тохиромжтой нь. Тиймээс намыг шинэчлэх талаар байнга хөнддөг ч улстөрчид үүнийг хүсдэггүй.
Хэдийгээр нэр хүндтэй, нөлөөтэй боловч улс төр дэх оролцоо нь хязгаарлагдмал тэдний сонгосон арга зам нь л энэ байх шиг. Байж болох хувилбар л даа. Гэхдээ энэ хөдөлгөөнд итгэхгүй байна. Тэдэнтэй л адил цөхөрч яваа хүний хувиар санаачилгыг нь зөв, зүйтэй хэмээн дэмжиж байна.
Эцсийн эцэст өнөөдрийн тогтолцоог хадгалж үлдье л гэвэл нам, төрийн мэргэшсэн албаны эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн тогтолцоог бүхэлд нь Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд шинэчлэх ёстой” хэмээн дурдаж байсан юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ