Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр НИТХ-ын хуралдаанд оролцох үеэрээ Нийслэлийн Тээврийн газрын дарга нарт хандан “Кимчитэй шөлөөр нийтийн тээврийг битгий худалдаад байгаарай” гэх сануулгыг өгчээ.
Нийслэлийн Тээврийн үйлчилгээ ухаалаг системд шилжсэнээр зорчигчид мөнгөө бэлнээр төлөхөө больж, картаар үйлчлүүлдэг болсон. Уг үйлчилгээг “Смарт карт” компани хариуцдаг. Ингэхдээ сард хэдий хэмжээний мөнгө төвлөрч, хэд нь автобус компанид буцаан олгогддог зэрэг нь зөвхөн “Смарт карт” компанийн гаргаж өгсөн тайлангийн хүрээнд л зохицуулагддаг аж. Тодруулж хэлбэл, Нийслэлийн тээврийн газар нь зорчигчдын үйлчилгээний төлбөрийг давхар хянах боломжгүй юм байна. Санхүүд нь шалгалт оруулах гэж үзэж байсан ч хүлээн авдаггүй. Хурал хийх болоход Улаанбаатар хотод бус БНСУ-д очиж, хурлаа хийдэг аж. Иймээс нийслэлийн Тээврийн газрыг ажилдаа эзэн болж, ажиллахыг хотын дарга үүрэг болгосон байна.
Мөн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглүүлсэн ч түүнийгээ ашиглаж чадалгүй хаяж үрэгдүүлснээс нийтдээ 1.8 тэрбум төгрөг хуримтлагдсан байгаа аж. Үүнийг иргэдэд нь буцаан олгоно гэдгийг хотын дарга мэдэгдэв. Карт нь регистрийн дугаараар бүртгэгдсэн байдаг тул хэн гэдэг хүн ашиглаж чадаагүй байгаа вэ гэдэг нь цаанаа бүртгэлтэй байгаа аж. Иймээс буцаан олгоход ямар нэг хүндрэл гарахгүй. Харин хэзээ ямар зохион байгуулалтаар буцаан олгох вэ гэдэг шийдлийг гаргана. Түүний дараа энэ ажлыг хийх болжээ.
Түүнчлэн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх хүрээнд өнгөрсөн жилүүдэд 160 автобус оруулж ирж, 40-өөд тэрбум төгрөгийн зардал гарсан ч автобус компаниуд зээлээр авсан автобусныхаа үнийг буцааж төлөөгүй байна. Ердөө 4.1 тэрбум төгрөг буцаан төлөгджээ. Үлдсэнийг нь буцаан төлүүлэх шаардлага бий. Иймээс энэ өрийг төлүүлэхийн тулд автобус компаниудад нийслэлээс татаас болгон олгодог мөнгөнөөс нь суутгах уу гэдэг хувилбар ч яригдаж буй ажээ.
Нийслэлийн төсвөөс жил бүр 108 тэрбум төгрөгийг автобус компаниудад нөхөн олговор нэрээр олгодог байна. Гэвч үйлчилгээ нь сайжирдаггүй. Иймээс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлийг өнөөдөр хотын дарга Нийслэлийн тээврийн газрын удирдлагуудад өгчээ. Гуч хоногийн хугацаа өгсөн байна. Энэ хугацаанд автобусны эргэлтийг богино болгож, цаг хугацаандаа багтан үйлчилгээг шуурхай хүргэх зэрэг ажлууд хийгдэх нь. Хэрэв нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахгүй бол удирдлагыг чөлөөлөх асуудал яригдах юм.
Г.ХОРОЛ