Содон мэргэжилтэй С.Одонгэрэл

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Содон мэргэжилтэй С.Одонгэрэл

Содон мэргэжилтэй С.Одонгэрэл

Орилж, хашхирч, элдэв янзын авиа гарган, юутай ч юм бэ тэмцэлдэх нэгэн, харц нь гөлөрч, алхаа нь дайвалзан холхилдох хүмүүс. Өөрт болон өрөөлд гэмтэй үйлдэл хийхэд бэлэн энэ хүмүүстэй 20 гаруй жил ажиллаж байгаа эмч С.Одонгэрэлтэй уулзаж, адал явдлаар дүүрэн ажлынх нь талаар ярилцах боломж тохиосон юм. С.Одонгэрэл эмч мэргэжлээрээ 20 гаруй жил ажиллаж байгаа ч тун даруу, мэргэжилдээ эзэн болсон шилдэг эмч нарын нэг гэж ажлын хамт олон нь тодотгосны дагуу сэтгэцийн эмч дундаас түүнийг онцлон ярилцсан юм.

Тэрбээр 1997 онд АШУҮИС-ийг их эмч мэргэжлээр төгсөөд хоёр жил Ховд аймагт ажиллаж, улмаар нарийн мэргэжлийн курст хамрагдсанаас хойш 20 дахь жилдээ сэтгэцийн эмчээр ажиллаж байгаа нэгэн. Тэрбээр одоо Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын буюу хуучнаар хурцын тасгийн тавдугаар клиникийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм.

ӨДӨРТ ДУНДЖААР 5-6 ӨВЧТӨН ИРДЭГ

Юун түрүүнд өчүүхэн ч чөлөөгүй түүний ажлын нэг өдрийг сонирхлоо. Түүний ажил 09.00 цагт эхлэх бөгөөд тасгуудаар явж, шинээр ямар хүн хэвтсэн байна, өвчтөнүүд хэрхэн хоносон зэрэгтэй танилцаж, тойрон үзлэг хийснээр эхлэх ажээ. Үүний дараа ээлжээ хүлээлцдэг байна. Ингээд өвчтөнүүдийн талаар Рапорт уншиж, сэтгэцийн байдалтай нь танилцдаг аж. Ингэхдээ тусгаарлах өрөөнд  байгаа буюу хурц солиорлын байдалтай байгаа, өөртөө болон өрөөлд аюул учруулж болохуйц хүний сэтгэцийн байдалтай нэг бүрчлэн танилцдаг байна. Мөн энгийн өрөөнд байгаа буюу хурц солиорол нь арилаад, засарсан хүний сэтгэцийн байдалтай  ч танилцдаг аж.

Дараа нь шинээр хүн хүлээн авч, өвчтөний түүх нээж, өмнө нь хэвтэж байсан хүнийг дахин үздэг байна. Үүний хажуугаар нэг дэх өдөр эмч нарын хуралд сууж, хоёр дахь өдөр хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хуралд сууж, гурав дахь өдөр эмч нарын сургалтад суудаг байна. Мөн Шүүхийн сэтгэц судлалын магадлан шинжилгээнд илтгэгч, гишүүн эмчээр оролцдоно.  Тасгийн эрхлэгчийн хувьд тасгийг нэгдсэн удирдлагаар хангаж, өвчтөнүүдийн ар гэрийнхэнтэй уулзаж, ярилцдаг. Уг нь түүний ажил жижүүргүй үед 15.00 цагт тарах ёстой ч 17.00 цаг гэж тардаг ажээ.

Тавдугаар клиник буюу  С.Одонгэрэл эрхлэгчийн тасагт Баянзүрх, Багахангай, Баян-Өлгий, Ховдоос ирсэн өвчтөнийг хүлээн авдаг байна. Хурцын нэг тасаг нь 45 ортой ч 60-70 хүн хэвтэн эмчлүүлдэг. Үүний 20 орчмыг Тусгаарлах өрөөнд байгаа хүн буюу солиорлын байдалтай байгаа хүмүүс эзэлдэг байна. Тусгаарлах өрөөнд байгаа хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь дахин тусгаарлах бөгөөд 10 орчим хоногийн дараа, сэтгэцийн байдал нь засарсан үед энгийн өрөө рүү шилжүүлдэг ажээ. Нэг тасагт өдөрт дунджаар 5-6 өвчтөн ирдэг бол жилд 500-600 хүн хэвтэн эмчлүүлдэг гэж байлаа.

Тасагт гурван эмч, таван сувилагч 09.00-15.00, 15.00-09.00 цагаар ээлжлэн ажилладаг бол нэг ээлжид гурван туслах сувилагч ажилладаг. Туслах сувилагчийн нэг нь үүдэнд жижүүрлэдэг бол нэг нь гал тогоонд тусалж, нэг нь тусгаарлах өрөөнд жижүүрлэдэг аж.

СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНТЭЙ АЖИЛЛАХ НЭГ ӨӨР, СЭТГЭЦИЙН ХУРЦ ӨӨРЧЛӨЛТТЭЙ ХҮНТЭЙ АЖИЛЛАХ БҮР ӨӨР

С.Одонгэрэл эмчээс энэ амаргүй мэргэжлийг сонгосон шалтгааныг асуухад “Ээжийн зөвлөснөөр эмч мэргэжил сонгосон ч санаандгүй байдлаар сэтгэцийн эмч” болсон гэсэн юм. Товчхондоо дөнгөж төгссөн эмчид нарийн мэргэжлээр суралцах шаардлага тулгарчээ. Тухайн үед сэтгэцийн эмчээр нарийн мэргэжлийн курс хичээллэсэн тул түүнд нь хамрагдаж, сэтгэцийн эмч болсон аж.

Бусдын нүдээр тун адармаатай энэ мэргэжлээ тодотгохдоо тэрбээр “Сэтгэцийн өөрчлөлттэй хүнтэй ажиллах нэг өөр, сэтгэцийн хурц өөрчлөлттэй хүнтэй ажиллах бүр өөр. Тухайн эмчээс маш их тэвчээр, хатуужил, мэргэжлээ гэх сэтгэл шаарддаг ажил. Сэтгэцийн эмгэгтэй хүнтэй ажиллана гэдэг хэцүү ч нөгөө талаараа сэтгэцийн асуудлаас болоод ар гэрийнхэндээ үл хайхрагдаад, хэнд ч тоогдохоо больсон, олон жил энэ өвчнөөр өвчлөөд шаналж яваа хүмүүст тусална гэдэг сайхан. Тэднийг эмчилнэ, асарна, сувилна гэдэг асар том буян.

Сэтгэцийн эмчээр ажиллахдаа эхэндээ “Хэрэггүй л сэтгэцийн эмч болж дээ гэж боддог" хэмээн ярьсан юм. Гэхдээ талийгаач С.Бямбасүрэн багшийнхаа чадварлаг байгаа байдлыг хараад сэтгэцийн эмгэг судлал хэмээх шинжлэх ухаанд шамдан суралцаж, мэргэжилдээ дурласан. Өвчтөнүүдийнхээ ар гэрийнхнээс талархал, урмын үг сонсох надад сайхан байдаг. Одоо энэ мэргэжлийг сонгосондоо харамсдаггүй. Сэтгэцийн эмчээрээ ажилласаар байгаад тэтгэвэртээ гарна” гэсэн юм.

ХҮҮХЭД ӨӨРТ НЬ САЙН ХАНДАЖ БАЙГАА ХҮНД САЙН БАЙДАГТАЙ АДИЛ

Сэтгэцийн эмч болсон цагаасаа эхлэн хурцын тасагт ажиллаж байгаа түүнд сэтгэцийн хурц өөрчлөлттэй байгаа хүнд элдэв муу үгээр хэлүүлэх, халдалтад нь өртөх, цаашлаад зодуулах зэргээр олон асуудал тулгарах нь гарцаагүй. Энэ талаар дурсахдаа тэрбээр “Энэ мэргэжил асар их тэвчээр шаарддаг гэж дээр дурдсан. Өвчтөнүүдэд элдвээр хэлүүлэх наад захын асуудал. Өвчтөн хурцадсан нөхцөлд эмч хэрхэн биеэ авч гарах заавар байдаг. Гүйж гарахад хаалга онгорхой байх шаардлагатай. Ямар нэгэн иртэй, үзүүртэй зүйл ширээн дээр байж болохгүй.

Дээр үед сэтгэцийн эмч өвчтөндөө хутгалуулж байсан тохиолдолч бий. Олон жил энэ мэргэжлээр ажиллах хугацаанд янз бүрийн асуудалтай тулгарч байлаа. Яг одоо санаж байгаа явдлаас дурдъя. Өрөөндөө сууж байтал сэтгэцийн хурц өөрчлөлттэй нэгэн өвчтөн орж ирсэн юм. Надаас эмийн гаж нөлөө арилгах эм шаардахад нь “Эмчид нь тийм эм байхгүй” гэж хэлтэл маш их уурлаад, ширээн дээр байсан бүх зүйлийг бусниулж цацсан. Ширээн дээр байсан даралтны аппарат хагарсан байсан. Гарыг минь цохисноос болоод хэд хоног гар хүндүүрлэж өвдсөн. Бас нэг удаа өрөөнд хамт суудаг эмчийн өвчтөн гэнэт босоод цонхоор үсрэхийг оролдсон. Би араас нь татсан чинь намайг түлхээд, мөн гар руу цохисон. Маш том биетэй хүн байсан болохоор цохилт нь нэлээд хүчтэй байсан. Гар өвдөж удаан явсан шүү” гэлээ.

Сэтгэц нь өвчилсөн хүн ойр дотнынхонтойгоо тун ширүүн хандах нь бий. Гэтэл тэд эмнэлэгт эмч, эмнэлгийн ажилчидтай тун эелдэг харьцаж аж. Сэтгэцийн өвчтэй хүн эмч нартай эелдэг харьцдаг шалтгааныг нь лавлахад “Хүүхэд өөрт нь сайн хандаж байгаа хүнд сайн ханддаг. Үүнтэй адил. Тэдэнтэй хүн гэж харьцаж, ямар асуудал байгааг нь сонсдог, тулж ажилладаг болохоор тэд эмч нартаа сайн ханддаг юм. Сэтгэцэд нь түр өөрчлөлт гарчихаад л муухай авир гаргаж байгаа болохоос энд байгаа өвчтөнүүд бүгд хүн шүү дээ. Хүн гэдэг үүднээс нь харьцах хэрэгтэй.

Сэтгэцийн өөрчлөлттэй, сэтгэцийн хурц өөрчлөлттэй байгаа өвчтөнүүдтэй хэрхэн ажиллах чадварыг сэтгэцийн эмч эзэмшсэн байх шаардлагатай. Хурц өөрчлөлттэй хүнтэй эвийг нь олж харьцана. Тэгж байж сэтгэцийн байдлыг нь мэднэ. Харин сэтгэл гутралтай хүн юм ярихгүй, дуугүй суугаад л байдаг. Маш их цаг ордог, тэвчээр шаарддаг.

Сэтгэл гутралтай байгаа хүнийг оношлоход хэдэн цаг зарцуулах нь ч бий. Сэтгэцийн үзлэгт хамгийн багадаа 30 минутаас нэг цаг зарцуулдаг. Ихдээ хэдэн цаг ярилцах тохиолдол ч бий. Ингэж урт хугацаанд эмнэлзүйн ярилцлага хийж байж, сэтгэлзүйн байдлыг оношилдог.

Сэтгэцийн өвчин чагнуур тавиад, шинжилгээ хийгээд оношлогддоггүй. Тухайн хүний сэтгэхүй, уураг тархинд болж байгаа үйл явцыг судалдаг хийсвэр шинжлэх ухаан. Өвчтөнүүдийн итгэлийг, найдварыг төрүүлж байж өвчтөнүүд сэтгэлээсээ, сайн ярьдаг. Тэвчээргүй хүн энэ салбарт ажиллахад хүндрэлтэй. Тэвчээртэй, хүнийг сонсдог, ойлгодог, юманд сэтгэлээсээ ханддаг хүн л сэтгэцийн эмчээр ажиллана” гэж байлаа.

Мэргэжлийн онцлогоос шалтгаалан ажил дээрээ тайван байх “команд” өөртөө өгдөг, байнгын стресстэй нөхцөлд ажилладаг эмчээс хэрхэн өөрийн сэтгэцээ хамгаалж, эрүүл байлгадаг талаар асуухад “Сэтгэлзүйн байдлаас шалтгаалан өвчтөнүүд ямар ч үйлдэл хийхэд бэлэн байдаг болохоор ажил дээр байнгын түгшүүртэй байдаг. Бусад мэргэжлийн хүмүүс гэртээ очоод сайхан амардаг бол бид гэртээ очоод өвчтөнүүддээ санаа зовнисон хэвээр л байдаг. Стресс тайлах аргад суралцсан байдаг тулдаа л өөрсдийнхөө сэтгэцийг хамгаалж, ажил, амьдралаа зохицуулж байдаг. Стресс тайлах олон арга байдаг ч хэн нэгэнтэй ярилцаж дотоод сэтгэлээ хуваалцах нь чухал” гэлээ.

ЛАМ, БӨӨГӨӨР ЯВЖ ӨВЧИН ХҮНДЭРСНИЙ ЭЦЭСТ ЭМНЭЛЭГТ ХАНДДАГ

Сэтгэц өвчлөх олон шалтгаан байдаг ч ажил, амьдрал, хувийн зохион байгуулалтаас үүдэн стрессийн гаралтай сэтгэцийн өвчин ихэссээр байгаа ажээ. Мөн стрессээ зөв тайлж, өөртэйгөө ажиллаж, сэтгэл зүйгээ удирдаж сурахгүй бол ямар ч хүн сэтгэцийн эмгэгээр өвчлөх магадлалтай. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийг сахин хамгаалах, өөрийн сэтгэцийг хэрхэн хамгаалах боловсролтой байх нь чухал, сэтгэц эрүүл байж бие эрүүл байдаг гэдгийг эмч онцолж байлаа.

Мөн нэгэнт сэтгэцийн өвчтэй болсон, хурц солиоролд орсон хүн өөрт шүүмжлэл хүлээж авдаггүй, дүгнэлт хийх чадваргүй болсон байдаг тул тэднийг эмчлүүлэх, оношлуулахад ар гэрийнхний оролцоо чухал байдаг аж. Гэтэл “Ар гэрийнхэн нь тухайн өвчтөнийг лам, бөөгөөр авч явж, өвчнийг нь улам даамжруулсны эцэст эмнэлэгт ханддаг. Энэ өвчтөнийг ар гэрийнхэнд нь ойлгуулахад маш хүндрэлтэй байдаг” гэж эмч учирлаж байсан юм.

Тиймээс ойр дотнын хүнд нойрны хямрал үүсэх, биеэ авч яваа байдал нь өөр болох, үг яриа, үйлдэл нь хэвийн биш болох зэрэг олон шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэйг эмч сануулж байлаа.

Бид сэтгэцийн өвчнөөс айж, ичиж, өөрөөсөө "өөр" байгаа нэгнийгээ сэтгэцийн өвчтэй хэмээн гоочилдог. Ажил, амьдрал, хувийн зохион байгуулалт гээд олон зүйлээс шалтгаалан үүсэх энэ өвчин нь өнөөгийн нийгмийн "дайсан" болоод байгаа. Эмчийн хэлсэнчлэн стрессээ зөв тайлж, өөртэйгөө ажиллахгүй л бол хэн ч энэ өвчнөөр өвчлөх магадлалтай. Энэ бүхнийг ойлгуулж, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх дархлаа суулгаж, өвчилсөн нэгнийг нь анагаахаар С.Одонгэрэл эмч ажилласаар л байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж