Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зарлиг гаргалаа. Тодруулбал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх зарлиг гаргажээ. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг нь хүлээн авч, чөлөөлсөн байна. Тус зарлигт "Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсүгэй” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Ц.Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр дахин томилж байсан юм. Тэрбээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 1982 онд МУИС-ийн хуулийн ангийг төгсөөд, Сэлэнгэ аймаг, Улсын дээд шүүх, Хууль зүй, арбиртын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1993-2010 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, 2010 оны арваннэгдүгээр сарын 05-наас Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан.
ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАНГ ОГЦРУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланг огцруулах зарлиг гаргасан байна. Тэрбээр, 2015 оны хоёрдугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдож байсан юм.
Улсын Ерөнхий Прокуророор томилогдсон М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 6 дугаар сургуульд тус тус суралцаж, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургуульд хууль зүйн бакалавр, 2003 онд Оросын Холбооны Улсын МКСВУЗ-д хууль зүйн магистрын зэргийг тус тус эзэмшсэн. Дээд боловсролтой. Эрх зүйч мэргэжилтэй юм байна. Тэрээр 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатыг огцруулахыг тус зарлигт тусгажээ. Улсын Ерөнхий прокурорыг шинээр томилогдох хүртэл хугацаанд түүний бүрэн эрхийг хэрэгжүүлж байхыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарт даалган байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ