Moody&#39s агентлагийн үнэлгээг хэрхэн унших ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2015.04.29-нд нийтлэгдсэн

Moody&#39s агентлагийн үнэлгээг хэрхэн унших ёстой вэ?

Сүүлийн үед олон улсын үнэлгээний агентлагуудын тайлангаас иш татаж ярих нь ихэсчээ, ялангуяа улс төрийн хүрээнд. Ойрын саруудын “халуун” сэдэв болоод байгаа Тавантолгойн хүрээнд ийм маягаар ярих нь бүр ч “мода” болж. Хамгийн сүүлийн жишээ татахад, Тавантолгойн тендерт оролцож байгаа үндэсний ганц компаниа “энэ онд багтан дампуурна” гэж цоллоод, үүндээ олон улсын Moody’s үнэлгээний фирмийн тайланг эх сурвалж болгосон байх юм. Улстөржиж болно, дэгсдүүлж ярьж болно, гэхдээ бодитой байгаа эх сурвалжийг энэ мэтээр гуйвуулан ашиглавал арай ч хэтрэх болов уу. Ийм тодорхой зүйл дээр бүхэл бүтэн компанийг шууд л “дампууруулчихаж” байгаа хүмүүс өөр бусад асуудлуудыг хэр үндэслэлтэй ярьж байгаа бол гэхээс сэтгүүлчийн хувиар өөрийн эрхгүй бэх, цаас нийлүүлэхэд хүрлээ.  

Ингэхэд Moody’s гэж юу юм бэ? Юу хийж, ямар тайлан гаргадаг газар вэ? Moody’s бол дэлхийн 33 оронд 10,000 шахам ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг, санхүү, хөрөнгө оруулалт, эрсдлийн үнэлгээний фирм. Хөрөнгийн зах зээл, эдийн засгийн салбарууд, санхүүгийн нөхцөл байдал, зээл, хөрөнгө оруулалтанд хөндлөнгийн үнэлэлт дүгнэлт өгч, хэтийн төлвийг тодорхойлохын хажуугаар санхүү, эрсдлийн зөвлөгөө өгдөг. Эх сурвалжаар тооцож болох газар уу, тайланг нь унших ёстой юу гэвэл гарцаагүй тийм. Гэхдээ үнэлгээний тайланг уншихад учир байдгийг дараахь хэдхэн тайлбараар ойлгуулахыг хичээе.
Нэгэнт эрсдлийн тооцоо хийдэг байгууллага учраас Moody’s зах зээлийг хамгийн өндөр эрсдэлтэй талаас нь харж, боломжит хамгийн тааруу хувилбарт тулгуурлаж бичдэг. Өөдрөг биш гутранги талаас харж дүгнэх нь нэг бодлын салбарын талаар хэт таагүй ойлголт төрүүлдэг ч гэлээ нөгөөтэйгүүр хөгжиж буй Монгол шиг орнуудын хувьд эрдэс баялгийн үнэ ханшаа зөв тооцох, түр зуурын үнийн өсөлтөнд дулдуйдаж яаруу шийдвэр гаргахаас сэргийлж өгдөг сайн талтай. Тухайлбал, тус фирм 2013 оноос хойш коксжих нүүрсний зах зээлийг зөвхөн “сөрөг” байдлаас нь үнэлсэн тайлангуудыг гаргаж байна:

  • “….коксжих нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын гангийн үйлдвэрлэлийн өсөлтийн хурд удааширч, зах зээлийн нөхцөл байдал таагүй хэвээр байна. 2014 онд тус улсын гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 1.9%-иар буурсан төдийгүй нөхцөл байдал 2015 оныг дуустал таагүй байх магадлалтай…”
  • “2016 оны 2-р хагас хүртэл коксжих нүүрсний зах зээлд эерэг өсөлт ажиглагдах ямар ч боломжгүй. Коксжих  нүүрсний далайн чанадын зах зээлд л гэхэд нийт 15 сая тонн нүүрсний илүүдэл үүссэн. Австрали, Америкийн гол нийлүүлэгчид нийлүүлэлтээ танана гэж мэдэгдэж байгаа ч бодит байдал дээр нийлүүлэлт дорвитой буурахгүй байна”
  • “БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн таагүй байдал тус улсын гангийн үйлдвэрлэл болон коксжих нүүрсний эрэлтэнд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Байдал цаашид ч таагүй үргэлжлэх төлөвтэй..”

(Эх сурвалж: Moody’s-ийн 2014, 2015 оны үнэлгээний тайлангуудаас)

Өнгөрсөн 3-р сард олон улсын үнэлгээний Moody’s фирм тайлан гаргахдаа Mongolian Mining Corporation буюу ММС-гийн үнэлгээг “тогтвортой”-гоос “сөрөг” болгож бууруулсан нь үнэн. Тайлангийн гарчгийг үгчлэн орчуулбал “Оны эцэс гэхэд ММС компанид бэлэн мөнгөний хүндрэл учирч болзошгүй” гэх утгатай. Мэргэжлийн бус хүн харвал үнэхээр ч дампуурах нь уу гэж ойлгогдохыг үгүйсгэхгүй. Харамсалтай нь зөвхөн энэ гарчганд тулгуурлаж “компани дампуурлаа” гэж дүгнээд, тэрнийгээ зарлан тунхаглаад явах нь уг асуудлын мөн чанарыг бүрэн гүйцэд ойлгоогүй, таньж мэдээгүй эсвэл олон улсын үнэлгээний зарчмын талаар мэдлэг дутуу байдлаас үүдэлтэй болов уу. Ганц нэгхэн тайлбар хэлье.  

Moody’s фирм нь олон улсын коксжих нүүрсний зах зээл болон нүүрсний салбарын гол компаниудыг хамарсан тайланг тодорхой давтамжтайгаар тогтмол гаргадаг. Гэхдээ тайлангийн гол дүгнэлт нь аль нэг компанид тухайлан хандсан гэхээсээ илүү “коксжих нүүрсний үнэ цаашид ч уналттай байх нь” гэдэг сөрөг таамаглалд тулгуурласан. Өөрөөр хэлвэл коксжих нүүрсний үнэ цаашид сэргэх магадлал маш муу байгаа нь Moody’s-ийн зүгээс салбарын нийт компаниудын үнэлгээг бууруулах гол нөхцөл болсон. Уг тайланд ганц ММС гэлтгүй коксжих нүүрсний зах зээлийн олон том компанийн үнэлгээг “сөрөг” болгож бууруулсныг харж болно. Ерөөс нүүрсний үнийн чиг хандлага тун тааруу байгаатай уялдаж салбарын бүх компаниудын үнэлгээг хавтгайд нь бууруулсны зөвхөн нэг нь ММС юм. Жишээ авахад, Yanzhou coal – Ba2, “сөрөг” , Arch coal – Caa1, “сөрөг”, Alpha natural resources – Caa3, “сөрөг”, Vedanta – Ba2, “сөрөг” үнэлгээтэй харагдаж байна.

Хоёрдугаарт, нүүрсний зах зээлийн уналт, эдийн засгийн таагүй байдлаас шалтгаалан ганц ММС гэлтгүй Монгол Улс бүхэлдээ, түүн дотроо, банк, санхүүгийн байгууллагууд маань бүгд олон улсаас “сөрөг”, “хасах” үнэлгээ авч байгааг бид бүгдээрээ л мэднэ. Тэр тусмаа нүүрсний зах зээл ийм хүнд байгаа нөхцөлд Монгол Улсын нүүрсний салбарын олон улсын ганц төлөөлөл ММС улсаасаа давсан үнэлгээтэй байх боломжгүй. Аль ч үнэлгээний байгууллага аливаа компанид үнэлгээ хийхдээ тухайн үйл ажиллагаа явуулж буй улс орны ерөнхий үнэлгээ, зах зээл, салбарын нөхцөл байдалтай нь уялдуулдаг учиртай.  

Гуравдугаарт, ММС компанийн талаар Moody’s-ийн тайланд дурдахдаа “….болзошгүй” гэж гарчигласныг сайтар анзаарах хэрэгтэй. “Болзошгүй” гэдэг нь зах зээлийн хүнд нөхцөлд компанийн бэлэн мөнгөний урсгалд хүндрэл учирч магадгүй гэх таамаглалыг дэвшүүлснээс биш “гарцаагүй дампуурна, хүндэрнэ” гэх утгыг илэрхийлж буй хэрэг огтоос биш юм. Ер нь үнэлгээний фирмүүд зах зээлийн ойрын болон хэтийн төлвийн талаар таамаглал дэвшүүлдгээс биш ирээдүйг яг таг тааж мэдэх ямар ч боломжгүй, энийгээ ч тайлангууддаа тодорхой дурддаг. Нөгөөтэйгүүр, Moody’s фирм зах зээлийн нөхцөл байдалтай уялдан ММС-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй гэх таамаглалыг бүр 2012, 2013 онуудад ч дэвшүүлж л байсан. Хэрвээ уг таамаглалууд “дампуурна” гэх хөдөлшгүй үнэн утгыг илэрхийлж байсан бол ММС компани 2015 он гэхэд аль хэдийн дампуурсан буюу зах зээлээс бүрмөсөн гарсан байх биз ээ.

Дөрөвдүгээрт, үндэсний компаниудаа муулна, буруутгана гэхэд арай ч шууд гүжирдэж, газрын хөрснөөс “арчиж” боломгүй санагдана. ММС бол олон улсын зах зээлд нэгэнт танигдсан, үйл ажиллагаа нь жигдэрч тогтворжсон, зээл, төлбөрүүдээ хугацаанд нь төлж ирсэн, улсынхаа нэрийг дэлхийд таниулж яваа компани. Хамгийн сүүлийн жишээ татахад, ММС оны өмнөхөн нэмэлт хувьцаа гаргаж, санхүүжилт татсан.  2015 он гарсаар Шэньхуа компанитай хамтарч нүүрс борлуулалтын урт хугацааны гэрээ байгуулахад нь Ройтерс зэрэг мэдээллийн агентлагууд тэр дор нь эергээр жишээ татан мэдээлж л байсан. Бас Таван толгойн тендерт олон улсын корпорациуд Монгол түншээрээ ММС-г өөрсдөө сонгоод ороод ирсэн. Хэрвээ “тайлан уншигчдын” хэлсэнчлэн 2015 он гэхэд ММС дампуурахаар байсан бол дээрхи бүх үйл явдлууд явагдах ямар ч боломжгүй, ялангуяа олон улсын том компаниуд ММС-тэй урт хугацаанд хамтарч, түншлэх тухай бодох ч үгүй байсан нь ойлгомжтой юм.

Эцэст нь, Moody’s агентлагийн тайлангаас бид ямар гол дүгнэлтийг хийх ёстой юм бэ? Moody’s-ийн сүүлийн үеийн бүх л тайлангуудыг харахад, коксжих нүүрсний зах зээл ойрын мөддөө сэргэхгүй гэдгийг маш тодорхой тайлбарласан байгаа. Дэлхий даяар нүүрсний компаниудын нөхцөл байдал хүндэрч, түрүүчээсээ салбарын “гигант”-ууд нүүрсний уурхайнуудаа хямдхан ч болтугай зарж, борлуулахыг хүсэх болсон өнөө үед Таван толгой мэт төсөлд цаг, мөнгө зарах чадалтай бөгөөд сонирхолтой хөрөнгө оруулагч тун ховор гэдгийг тэд хэлсээр байна. Нэг үгээр хэлвэл, Таван толгойн төсөлд оролцож буй консорциум, ялангуяа бидний “дампууруулчих” гээд үзээд байгаа ММС одоогийн нөхцөлд байж болох хамгийн бядтай санал тавьсныг Moody’s-ийн тайлан батлаад байна шүү.

Судлаач: Г.Алтанцэцэг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж