Хойд Америкийн ҮХЛ-н Бостон Брюинс баг өөрсдийн “TD Garden” ордондоо Нью-Йорк Рейнжерс багийг хүлээн авч улирлын ээлжит тоглолтоо хийлээ. Тус тоглолтонд талбайн эзэн Бостон Брюинс баг өрсөлдөгчөө 6-3 харьцаатай хожсон бөгөөд талбайдаа хийсэн сүүлийн 12 тоглолтондоо дараалан ялалт байгуулж байна. Энэ тоглолтонд Чех легионер Д.Пастрняк 2 гоол, 2 гоолын дамжуулалт өгсөн бол Б.Марчанд 3 гоолын дамжуулалт өгчээ. Бостон Брюинс баг тус тоглолтонд хожил байгуулснаар 103 дахь оноогоо авч дивизионы дэд байранд бичигдэж байна. Бостон Брюинс баг плэй-оффын эрхээ баталгаажуулж байгаа бол Нью-Йорк Рейнжерс баг улирлын 34 дэх ялагдлаа хүлээлээ. Нью-Йорк Рейнжерс багийн хувьд плэй-оффт шалгарах боломжгүй болсон.
Плэй-оффын байрлалаа баталгаажуулахын төлөө тоглож буй Колорадо Эвеланш баг талбайдаа өнгөрсөн улирлын лигийн дэд байранд орсон Вегас Голден Найтс багийг 4-3 харьцаатай хожсон байна. Колорадо Эвеланш баг тус тоглолтонд хожил байгуулснаар 83 дахь оноогоо авч Өрнөд бүсдээ дөнгөж плэй-оффын бүсэд багтаад байгаа. Тэдний хувьд плэй-оффын төлөө Аризона Койотис багтай өрсөлдөж байгаа бөгөөд нөгөөдөр талбайдаа Аризонаг хүлээн авч тоглоно. Тус тоглолт Колорадо Эвеланш багийн хувьд заавал хожих шаардлагатай тоглолт байх болно.
Б.БЯМБАБАЯР