Б.Сарантуяа: Агиймаа нэр маань өөрийн нэр шиг л дотно санагддаг

Хуучирсан мэдээ: 2019.03.29-нд нийтлэгдсэн

МАРТАГДАШГҮЙ ТАНИЛ

Б.Сарантуяа: Агиймаа нэр маань өөрийн нэр шиг л дотно санагддаг

Б.Сарантуяа: Агиймаа нэр маань өөрийн нэр шиг л дотно санагддаг

"Загийн алим" киноны Агиймаагийн дүрийг vзэгчид андахгvй. Монголын кино урлагт залуу насаа мөнхөлж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр бүтээсэн эл бүсгүйг бид энэ удаагийн “Мартагдашгүй танил” буландаа урилаа. 1984 онд Улсын дээд шүүхэд ажиллаж байсан бүсгүй хэрхэн кино урлагт хөл тавьсан тухай сонирхолтой ярилцлагыг хүргэе.


ГЕОЛОГИЧ СҮРЭНГИЙН ДҮРЭЭС АГИЙМААГИЙН ДҮРД ТОГЛОСОН НЬ

-Анхны “Загийн алим” уран сайхны кино маань 1984 оны долдугаар сард зураг авалт нь эхэлж, 1985 онд дэлгэцэнд гарсан юм. Тэр үед би 21 настай. Том охиноо төрүүлээд, ээж болчихсон байсан. Тэгээд мэргэжлээрээ Улсын дээд шүүхэд ажиллаж, оройгоор сурдаг байв. Манай гэр 19 дүгээр хороололд байсан.

Миний санахын 1984 оны гуравдугаар сард ажилдаа явахаар автобусны буудал дээр зогсож байтал сахалтай, майгадуу хөлтэй ах намайг сүрхүү хараад болдоггүй. Намайг Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн автобусны буудал дээр буутал дагаад л буучихлаа. Залуу байсан болохоор “Энэ ямар сонин хүн бэ” гэх ухааны юм бодоод л байлаа.

Тэгсэн намайг “Хүүе миний дүү” гээд дуудахаар нь би уурлаад “Та яагаад хүн дагаад байгаа юм бэ” гэхэд “Ах нь Монгол кино үйлдвэрт ажилладаг, найруулагч хүн байгаа юм. Туслах дүрийн жүжигчид хэрэгтэй байна. Чамайг автобусанд их сайн харлаа. Жүжигчин хэрэг болбол чамтай холбогдож болох уу” гээд ажлын үнэмлэхээ үзүүллээ. Тэр хүн маань кино найруулагч Аюуш ах байж билээ. Тэгэхэд нь би “Тэгж болно оо. Намайг Б.Сарантуяа гэдэг. Би Улсын дээд шүүхэд ажилладаг” гэж өөрийгөө танилцуулж байлаа.

Тэгсэн хоёр сарын дараа өглөө ажилдаа ирсэн чинь жижүүр “Чамтай хүн уулзъя гэж байна” гэлээ. Харсан чинь Аюуш ах ирчихсэн намайг хүлээж байна. Уулзтал ах нь “Загийн алим” нэртэй кино хийх гээд хоёрдугаар найруулагчаар нь ажиллаж байгаа юм. Нэгдүгээр найруулагчаар Х.Дамдин гуай ажиллана. Чи ирж кино пробонд орооч ээ” гэсэн.

Тухайн үед киноны гол дүр Агиймаагийн дүрийг бараг 250 орчим арван жилийн охид дундаас шалгаруулж, Сэлэнгээ гэж охин тэнцсэн байдаг.  Намайг анхнаасаа геологич Сүрэнгийн дүрд тоглуулахаар шалгаж авсан байсан. Миний хувьд геологич Сүрэнгийн дүрд тэнцэхэд Монгол кино үйлдвэрээс Улсын дээд шүүхэд албан бичиг ирүүлсэн.

Ажлаас надад цалингүй чөлөө өгч, Монгол кино үйлдвэрээс томилолтын мөнгө өгөхөөр болоод зураг авалтаар хөдөө явлаа. Киноны зураг авалтаар Дундговь аймагт ирээд, дөнгөж эхэлж байхад Соёлын яамнаас “Гол дүрийн Агиймаа, Ханбүргэд хоёрыг соль” гэсэн шаардлага ирүүлсэн. Найруулагчид маань дахиад Улаанбаатарт очиж, гол дүрээ хайх гэхээр арван жилийн сургууль амарчихсан. Тийм учраас та нар дундаас гол дүрийн проб хийнэ гээд дахиад жүжиглэлтэд орж, би Агиймаад тоглохоор болсон. Ийм түүхтэйгээр анх туслах дүрээс  азаар гол дүрд сонгогдсон доо.

МОРИН ТЭРЭГТЭЙ БОРООНД ЯВДАГ ЗУРГИЙГ ӨВӨЛ АВЧЭЭ

-“Загийн алим” киноны маань бороонд морин тэрэгтэй Галсангийн бие муудаад авч явдаг хэсгийг есдүгээр сард Төв аймгийн Батсүмбэр суманд авсан. Киноны зураг авалт дуусч, Монгол кино үйлдвэр дээр плёнк угаалгаад үзсэн чинь яг тэр хэсэг нь дүрсний шаардлага хангахгүй болсон байсан. Нөхөөс зургийг дахин авахаар Баянхонгорын Бага газрын чулуу орчимд 11 дүгээр сард очсон. Бороо оруулахын тулд өвлийн улиралд гүний худгаас хүйтэн ус татаж, шүршсэн.

Манай ерөнхий найруулагч, туслах найруулагч гээд уран бүтээлчид бүгд үстэй дээлтэй байхад Галсан бид хоёр дан цамцтай усаар шүршүүлсэн. Тэр жил бас их сонин намар болсон.” Илүү сартай зун” гэдэг шиг 11 дүгээр сар болж байхад өвс дахин соёолж байсан нь тод санагддаг юм. Тэр үеийг эргээд бодоход үнэхээр сайхан дурсамж үлджээ. Хэдийгээр өвлийн улиралд хүйтэн усаар шүршүүлж байсан ч киноны дүрдээ ороод, даарч байгаагаа ч тоогоогүй.

АГИЙМАА НЭР МААНЬ ӨӨРИЙН НЭР ШИГ Л ДОТНО САНАГДДАГ

-Хүмүүс намайг Б.Сарантуяа нэрээр маань дуудахаас илүүтэй Агиймаа гэж дууддаг. Одоо ч хамт олон маань намайг Агиймаа гэж дууддаг. Энэ нэр маань өөрийн нэр шиг л дотно сонсогддог болж дээ. Х.Дамдин найруулагч “Загийн алим” киноны зураг авалтын үеэр хэлэхдээ “Сарантуяа чамд алдах эрх байхгүй шүү. Чамд дубль авах эрх байхгүй. Ганц л удаа тоглолт хийнэ” гэж хатуу хэлсэн. Тэгээд би бараг худалч хүнд наана нь дубльдэж байгаад яг плёнкны өмнө бараг дубльдээгүй шахам явсан. Арга барсан үед хоёр удаа л дубль авсан байх.

Анхны “Загийн алим” кинонд тоглосны дараагаар захиа их ирдэг байсан. Ихэвчлэн цэргийн ангиас, хөдөөнөөс захиа хүлээж авна. Тэр үед би нөхөр, хүүхэдтэй байсан болохоор хайр сэтгэлээ илчилсэн захианд хариу бичихгүй, харин амжилт хүсч, сэтгэ­лийн дэм өгсөн хүмүүст хариу өгөхсөн гэж хичээдэг байсан. Олон ч газар урилгаар уран бүтээлчидтэй хамт ярилцлагад ордог байлаа.

“ЗАГИЙН АЛИМ” КИНОНЫ ДАРАА ГУРВАН КИНОНД ТОГЛОСОН

"Их замын тоос" киноны хэсгээс

-Тухайн үед нээлтээ хийх кино өмнөх жилдээ зураг авалтаа хийж, дараа жил нь дэлгэцэнд гардаг байлаа. “Загийн алим” киногоо 1985 онд дуусгаад, нэг өдөр Монгол кино үйлдвэрт явж байсан чинь Ж.Сэлэнгэсүрэн найруулагч намайг дуудлаа. Оператороор нь О.Уртнасан гуай ажиллаж байсан. Тэр хоёр маань “Энэ манай киноны Чимгээд болох болов уу. Ямар ч байсан кино пробонд ороорой” гэж надад хэлсэн.

Драмын театрын жүжигчин Д.Долгорсүрэн бид хоёрыг Чимгээгийн дүрд шалгаруулсан. Тэгээд намайг сонгон авсан "Их замын тоос" кинонд тоглуулсан юм. Дараагаар нь Х.Дамдин найруулагчийн хийсэн “Амьдралын нахиа” кинонд жүжигчин Д.Сосорбарамын нарийн бичгийн дүрд тоглосон. Хэдийгээр туслах дүр боловч хөөрхөн үг хэлээд ярьчихна.

Бас “Би чамд хайртай” кинонд хүүхэлдэй тэврээд гардаг хэсэгт тоглосон минь их сонин түүхтэй. “Мандухай цэцэн хатан” киноны проб болж байсан юм. Би “Мандухай цэцэн хатан” киноны дүрийн фото пробондоо ороод байж байтал Б.Балжинням найруулагч “Би чамд хайртай” кино хийж байна. Пробонд орохоор хүлээж байх хугацаандаа ойрхон Хүүхдийн парк дээр зураг авалтад ороод өгөөч” гэсэн. Би том охиноо төрүүлээд удаагүй байсан болохоор “Хүүхэд эвлэгхэн тэвэрчих хүн хэрэгтэй байна” гээд тэр хэсэгт тоглосон. Тэгж л санаандгүйгээр хүүхэд тэврээд гарсан байдаг юм.

“МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАН” КИНОНООС ХАСАГДСАНААС ХОЙШ КИНОНД ТОГЛООГҮЙ

-Найруулагч Д.Жигжид гуай “Намайг заавал кинондоо авна” гээд Мандухай цэцэн хатны ганц хайртай шивэгчин Борогчингийн дүрд тоглуулахаар болсон юм. Тэгсэн найруулагчийн маань бие муудаад, Б.Балжинням гуайд ажлаа шилжүүлсэн. Найруулагч Б.Балжинням гуайн хувьд өөрийн бүтээлдээ багаа дахин шинээр бүрдүүлж, гол болон бусад дүрээ сонгон шалгаруулсан.

Тэр сонгон шалгаруулалт болоход би ч Б.Балжиням гуай дээр ч очоогүй, Б.Балжинням найруулагч намайг ч дуудаагүй. Тэгээд л би Борогчингийн дүрд тоглож чадалгүй хасагдсан юм. Тухайн үед Борогчингийн дүрд Драмын театрын жүжигчин Д.Энхтуяа тоглосон байдаг. Миний хувьд “Мандухай цэцэн хатан” киноноос хасагдсанаас хойш дахин кинонд тоглоогүй. Угаасаа ч мэргэжлийн жүжигчин хүн биш учраас кино урлагийг орхисон. Тэгсэн хэрнээ цаанаасаа л кино урлаг сэтгэлд минь нэг л дотно байдаг юм.

ХУУЛЬЧ МЭРГЭЖИЛТЭЙ БҮСГҮЙ НАЙРУУЛАГЧ БОЛСОН

-Би Монгол кино үйлдвэрт ажиллаж байлаа. Бас Кино урлагийн дээд сургуулийн сургал­тын албанд нэг хэсэг ажилласан. Тэр үеэс суралцъя, өөрийгөө бо­ловс­руулъя гээд "Харцага" дээд сургуулиас салбарласан "Зам­буу­лан" дээд сургуулийн найруу­лаг­чийн ангид элсэн орсон юм. Тэгээд Монголын радиод диктерээр ажилласан. Одоо МҮОНТ-д 20-иод жил найруулагчаар ажиллаж байна. Би одоо телевиздээ мэдээний найруулагчаар ажиллаж байгаа.

ЗЭЭ ОХИН МААНЬ ЭМЭЭГИЙНХЭЭ МЭРГЭЖЛИЙГ ӨВЛӨСӨН

-Миний хүүхэд нас Туул голын хөвөө Богдын музей хавьд буюу хуучнаар ажилчдын районд өнгөрсөн. Миний ээж Нэгдүгээр цахилгаан станцын турбин цехэд ажилладаг хүн байсан. Аав маань насаараа АПУ компанид ажиллаж байгаад 68 насандаа бурхан болсон. Би ээжээсээ 12 настайдаа хагацаж, аав хоёр дүүгийн хамт өссөн дөө.

Манай нөхөр телевизийн инже­нер мэргэжилтэй. Ханийг маань Д.Болд­баа­тар гэдэг. Манайх гурван хүүхэдтэй. Бага охин маань 10 настай. Дунд хүү 23 настай. Харин том охины маань ганц охин эмээгийнхээ мэргэжлийг өвлөн, Монголын радио телевизийн дээд сургуулийн найруулагчийн ангийн нэгдүгээр курсийн оюутан болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж