“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам Улаанбаатар хотод ирэх тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд болох билээ. Уг наадам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдахаар болсон бөгөөд наадмын талаарх мэдээллийг өнөөдөр/2019.03.28/ “Туушин” зочид буудлын хурлын танхимд хийлээ.
“Холливуд Монголд” төслийн удирдагч, “Хануй филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг хэлэхдээ “Наадмын бэлтгэл ажлыг сайн хийж өндөр түвшинд зохион байгуулахаар зорьж байна. “Холливуд Монголд” наадмыг хоёр жил тутамд нэг удаа хийхээр төлөвлөсөн. Уг наадмын онцлог нь шилдэг кино уран бүтээл шалгаруулах биш бөгөөд дэлхийн хэмжээний кино бүтээгчдээс урьж, туршлага судлах зорилготой. Цаашлаад тэдгээр “А” зэрэглэлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах алсын хараатай байхаас гадна урлагаар дамжуулан эх орноо дэлхийн дахинд сурталчилах юм” гэлээ.
“Холливуд Монголд” төслийн зөвлөхөөр Монголын үндэсний маркетингийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ж.Золзаяа ажиллаж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Монголд ирэх 16 зочидтой ирээдүйд Монголын тухай кино хийх, Монголын нутаг дэвсгэрт зураг авалт зохион байгуулах ач холбогдолтой. Манай улс асар их түүх соёлтой улс. Тиймээс эдгээр зочид Монголд ирлээ гэж биднээс ямар нэгэн төлбөр мөнгө авахгүй. А.Баярцэцэг олон улсын 14 кинонд тоглосон. Энэ сүлжээгээрээ эдгээр хүмүүсийг урьсан. Мэдээж энэ том наадмыг зохион байгуулахын тулд өндөр зардал гарч байгаа. Тиймээс төр засаг, хувийн компаниудтай хамтарч ажиллах шаардлагатай учраас тэднийг бидэнтэй нэгдээсэй гэж хүсч байна.” гэсэн юм.
“Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах, Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Кино бүтээхтэй холбоотой олон чиглэлээс Холливудын мэргэжлийн уран бүтээлчид нэгдсэн байдлаар анх удаа Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нь кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн, чухал ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна.
Наадмын хүрээнд “Кино Урлагийн Нэгдсэн Форум”, Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн “Мастер класс” сургалтууд, “Монголын Кино Урлагийн Үзэсгэлэн” болон бусад арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Түүнчлэн Халли Берри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэн ирэх бөгөөд түүний Лос Анжелес Таймсийн шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номын нээлт болно. Холливудын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, кино бүтээх мэргэжлийн аргуудаасаа хуваалцах гэж байгаа нь Монголын кино урлагийн хувьд томоохон дэвшилт болох юм.
Гадны туршлагатай уран бүтээлчдээс сургалт авахын зэрэгцээ тэдэнтэй харилцаа холбоо тогтоон, дараа дараагийн хамтын ажиллагааны суурийг тавих, ирээдүйд хамтран кино бүтээх, дэлхийн хэмжээний томоохон кино зураг авалтыг Монгол Улсад хийх боломжийг бүрдүүлэх, эх орноо сурталчлах чухал ач холбогдолтой олон улсын статус бүхий энэхүү наадам нь цаашдаа хоёр жил тутамд зохион байгуулагдах алсын хараатайгаар анх удаагаа болох гэж байна.
Наадмын Ерөнхий ивээн тэтгэгчээр 10 жилийнхээ ойг тэмдэглэж буй “Өргөө” кино театр оролцож байна. Төслийн хүрээнд тавдугаар сарын 2-ны өдөр “Cinema Awards”-ийг зохион байгуулах бөгөөд Монголын шилдэг кинонуудыг шалгаруулна.
Хамтран зохион байгуулагчаар “Green Travel” ХХК, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо”, “Дижитал контент” ХХК, “Хөх тавилан” кино групп ажиллаж байна.
“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд 16 зочин ирэхээс одоогоор 13 нь хүрэлцэн ирэхээ баталгаажуулсныг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Наадмын талаарх мэдээллийг Hollywood In Mongolia хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэж байгаа аж.
ХОЛЛИВУДААС ХҮРЭЛЦЭН ИРЭХ ЗОЧИД
1.Ивана Чаббак /Ivana Chubbuck/ – Холливудын “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч
Ивана Чаббак нь дэлхийн хамгийн эрэлттэй Холливудын алдартай жүжигчдийн дасгалжуулагчдын нэг гэдгээрээ алдартай бөгөөд өөрийн жүжиглэх ур чадварыг хөгжүүлэх Чаббак арга барилыг боловсруулан гаргасан.
Лос Анжелес Таймсын шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” ном орчуулагдан гарснаар дэлхийн хэмжээний жүжигчдийг дасгалжуулагч Иванагийн кино зохиолыг амилуулах, амьд, динамик дүр бүтээх жүжигчний 12 арга барилыг эх хэлээрээ унших боломж бүрдэж байгаа юм. Ивана Чаббакийн дасгалжуулсан жүжигчдээс дурдвал Jake Gyllenhaal, Jared Leto, Halle Berry, Brad Pitt, James Franco, Sylvester Stallone, Charlize Theron нарын олон алдартай жүжигчид бий
2. Кийс Ван Оострум /Kees Van Oostrum/ – Америкийн Зураглаачдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч (President, ASC American Society of Cinematographers)
3. Тим Коддингтон /Tim Coddington/ – продюcер
Мулан (Mulan), Галзуу баян азиуд (Crazy Rich Asians), Нарниа (Narnia) зэрэг олон киноны продюсер хийж байсан.
4. Дэвид Петрарка /David Petrarca/ – Найруулагч
Хаадын тоглоом (Game of Thrones), Дайчин (Warrior), Марко Поло (Marco Polo) зэрэг киноны найруулагчаар ажилласан
5. Rudy Youngblood – жүжигчин
Апокалипто (Apocalypto), Салхинд туугдагсад (Wind walkers), Хоосрол (Attrition) зэрэг олон кинонд тоглосон.
6. Йохим Зелл /Joachim Zell/ –Оскарын шагналт, өнгө хувиргагч
Сэлмэн дээр гүйгч 2049 (Blade runner 2049), Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд (X-men -Days of Future past), Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй (The Pirates of the Caribbean ”Dead men tell no tales”) зэрэг олон кинонд ажилласан.
7. Попинг Аувеун /Poping Auyeung/ –кастинг директор
Мулан (Mulan), Мэг (Meg), Каратэ жаал (The Karate Kid) зэрэг олон кинонд ажилласан.
8. Карло Антонио Жентил /Carlo Antonio Gentile/ – кино шүүмжлэгч
Берлин, Венец, Каннын Олон Улсын Кино Фестивалийн шүүгч
9. Ваня Сернжүл /Vanja Cernjul/ – зураглаач
Галзуу баян азиуд (Crazy Rich Asians), Марко Поло (Marco Polo), Улбар шар бол шинэ Хар (Orange is new Black) гэх мэт кинонд ерөнхий зураглаачаар ажилласан
10. Витаяа Пансрингарм /Vithaya Pansringarm/ – Шанхайн ОУ-н кино наадмын шилдэг жүжигчин
Зөвхөн бурхан л өршөөдөг (Only God Forgives), Мэг (The Meg), Сүүлчийн гүйцэтгэгч (The Last Executioner) зэрэг киноны жүжигчин
11. Лойд Кауфман /Lloyd Kaufman/ – Бие Даасан Кино болон Телевизийн Холбооны Захирал (Chairman, Independent Film & Television Alliance (IFTA))
12. Патришиа Свинни Кауфман /Patricia Swinney Kaufman/ – Нью Йоркийн Үндэсний Киноны Бүрэн Эрхэт Төлөөлөгч (New York State Film Commissioner)
13. Cece Destefano (Цеце Дестефано) – Эммигийн шагналт кино зураач
Happy Death Day, Breaking In, Alias зэрэг уран бүтээлүүдэд зураачаар ажилласан.
Холбоотой мэдээ