НДҮЗ-ийг Баянголынхон бүрдүүлэх ёстой юу?

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

НДҮЗ-ийг Баянголынхон бүрдүүлэх ёстой юу?

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны ажлын тайланг хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл/НДҮЗ/-ийн гишүүд нь УИХ-аас 6 жилийн хугацаатай томилогдон ажилладаг бөгөөд Засгийн газрыг төлөөлсөн 3 хүн /Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав/, ажил олгогчийг төлөөлсөн 3 хүн /Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын албан бус эдийн засгийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа, “Кассандра Монголиа” ХХК-ны ерөнхий захирал Ж.Батбаяр/, даатгуулагчийг төлөөлсөн 3 хүн /Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын чөлөөт үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Дулмаа, Монголын татвар төлөгчдийн үйлдвэрчний эвлэлийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Отгонбаяр/ буюу нийт орон тооны бус 9 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Өнгөрсөн онд тус зөвлөл нь 6 удаа хуралдаж, 39 асуудал хэлэлцэн 35 тогтоол батлан гаргаж, биелэлтэнд нь хяналт тавин ажиллажээ.

Ажлын тайланг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “НДҮЗ-ийг Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бүрдүүлэх ёстой юм уу. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоог төлөөлж, агентлагийн дарга/Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа/, Баянгол дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дулмаа, Ж.Батбаяр нар байна. Зөвхөн Баянгол дүүргээс бүрдүүлнэ гэж заагаагүй юм байгаа биз дээ” гэсэн асуудлыг хөндлөө.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Ж.Батбаяр нь Баянгол дүүргийн ИТХ-д байдаггүй, бусдынх нь тухайд одоо хашиж байгаа албанд томилогдохоос өмнө НДҮЗ-ийн гишүүнээр томилогдсон. Шаардлагатай гэж үзвэл НДҮЗ-д өөрчлөлт оруулж болно” гэсэн хариулт өгсөн юм.

Мөн энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь НДС-ийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахад ямар шалгуур барьдаг, мөн хэдэн хувийн хүүтэй байршуулж байна вэ гэх мэт асуудал хөндөгдсөн юм.

Салбарын сайдын хариултаар бол НДС-ийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахад тэгнэ гэсэн заалт байдаггүй, хуучин 10.5 хувийн хүүтэй байршуулдаг байсан бол одоо 11.8 хувь болж өссөн аж. Анх сайд болоод ажил авахад тус сангийн хөрөнгө 200 гаруй тэрбум төгрөг байсан бол одоо 896 тэрбум төгрөгт хүрчээ.

Санал хэлэх шатанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар, А.Тлейхан нар тус зөвлөлийн одоогийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нийгмийн даатгалын орлогын 77 хувийг бүрдүүлж байгаа 36 мянган аж ахуйн нэгжийн сая гаруй хүний эрх ашгийг хамгаалж төлөөллийг эн тэнцүү хангах, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нийгмийн даатгалын чөлөөт мөнгөн үлдэгдлийг арилжааны банкуудад байршуулахдаа тодорхой шалгуур тавих, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ахмадуудын тавьж буй хүсэлтийг судалж үзэх шаардлагатайг онцолж байв.

Эцэст нь ахмад настны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг 14 хоногийн хугацаанд судалж, үр дүнг эргэж байнгын хороонд танилцуулах үүргийг Байнгын хорооноос НДҮЗ-д даалгаснаар энэ өдрийн хуралдаанаа өндөрлүүлэв.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж