"Гэр хорооллынхныг боловсон дээрэмдэж байна"

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

"Гэр хорооллынхныг боловсон дээрэмдэж байна"

Гэр хороолол дахин төлөвлөлт гэдэг нь газрын эздэд хөрөнгө оруулан газар дээр нь орон сууц, үйлчилгээний газар байгуулан харилцан ашигтай ажиллах үйл ажиллагаа юм. 2012-2016 онд 24 байршилд 9854 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байснаас 4892 айлын орон сууц ашиглалтад орж, хашаагаа чөлөөлсөн 1500 орчим өрхийн 1100 нь орон сууцтай болсон. 400 орчим айл орон сууцанд орох өдрөө хүлээгээд байж байсан. Гэтэл 2016 оны сонгуулийн дараа эдийн засгийн нөхцөл муудсан гэх шалтгаанаар 50-80 хувийн гүйцэтгэлтэй байсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил зогсож, 400 гаруй айл газаргүй болжээ. Тэгвэл "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс өнөөдөр /2019.03.28/ дөрөвдүгээр сарын 5-нд болох жагсаалын талаар мэдээлэл хийлээ.

ХАШААНД БАРЬСАН ОБЪЕКТЫГ Ч ҮНЭГҮЙДҮҮЛЖ БАЙГАА  ЭНЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГУУД ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙГ ДЭЭРЭМДЭЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ ГЭЖ ХАРДАГ

"Гэр хороолол хөдөлгөөн"-ий Ерөнхий зохицуулагч Я.Мөнгөнцэцэг

Тус хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Я.Мөнгөнцэцэг  “Бид өмнөх хотын даргад  гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх талаарх маш олон  шаардлагыг тавьдаг байсан.  Гэр хорооллын хөдөлгөөний зүгээс гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг шаардаж байна. Нэгдүгээрт, яндангийн тоог бууруулахын тулд төр үүргээ биелүүлэх хэрэгтэй. Төрийн үүрэг бол дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх явдал юм. Хоёрдугаарт, гэр хорооллын газрыг банкны барьцаанд авдаг нөхцөлийг бүрдүүлж, гэр хорооллын иргэд газраа барьцаалан зээл авдаг нөхцөлийг бүрдүүлэхийг шаардаж байна.

2016 оноос өмнө нэг өрөө байраар иргэдийн хашааных  нь газрыг  сольж авдаг байсан. Гэтэл өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлт нэрийдлээр  иргэдийн хашааны газрыг орон сууцны зээлийн урьдчилгааны 30 хувьд тооцож авч байгаа нь боловсон дээрэм юм. Иргэн нэг, хоёр, гурван өрөө байр авсан ч түүний 30 хувьд авч байгаа гэсэн үг. Хашаанд барьсан объектыг ч үнэгүйдүүлж байгаа энэ үйл ажиллагаа нь нийслэлийн удирдлагууд гэр хорооллын иргэдийг дээрэмдэж байгаа үйлдэл гэж хардаг.

Тиймээс энэ дээрмийн ажлаа зогсоож, иргэдийн газрыг шударгаар үнэлэх хэрэгтэй гэдгийг шаардаж байна. Ядаж дахин төлөвлөлтөө үргэлжлүүлье гэж байгаа нэг өрөө байраар хашааных нь газрыг сольж авдаг байснаар  нь үргэлжлүүлэх хэрэгтэй.  Орон сууцны иргэдэд гэрчилгээг нь барьцаалаад ипотекийн зээл олгодог шиг гэр хорооллын иргэдэд хашааных нь газрыг барьцаалаад байшин барихад нь зориулаад зээл олгочих. Тэгэх юм бол хүмүүс хашаандаа дэд бүтэцтэй болоод улс орон даяар барилгын бүтээн байгуулалт эхэлнэ. Барилгын бүтээн байгуулалт өрнөхөөр  бүх хүмүүс ажилтай болоод тэр  дундаас жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөд хүмүүс орлоготой болоод эхэлнэ.

Эрхзүйн орчинг бүрдүүлэх юм бол гэр хорооллын иргэд тав, арваараа нийлж орон сууцаа барих боломж байгаа. Хэрэв ийм тогтолцоо байх юм бол иргэд барилгын компанитайгаа тохирч барилгаа бариулж, өөрсдөө орон сууцтай болоод үлдсэн өрөөгөө тухайн компани борлуулах эрхтэй болох юм. Ингэж чадвал гэр хорооллыг  дөрвөн жилийн дотор орон сууцжуулж болно.

Монгол Улсын өөдөө гарах ганц зүйл нь бүтээн байгуулалт. Үүнийг шаардахаар гэр хорооллынхныг халтрууд, энэ чигээрээ байж бай та нар хэн юм гэх байдлаар хотын захиргаа ханддаг. Бидний үгийг   ч сонсдоггүй. Өгсөн  шаардлагад ганц ч удаа хариу өгч байгаагүй. Тийм учраас бид  майхнаа бариад талбай руу очсон. Тэгээд хөөгдсөн. Үзэл бодлоо илэрхийлсний  төлөө хүмүүсийг баривчилж хорьж цагддаг.Ийм л зүйлүүд өнөөдрийг хүртэл явж ирсэн. Гэр хорооллынхон хэдийг хүртэл хүлцэнгүй явж энэ хүмүүсийг давраах юм бэ, одоо бүгдээрээ нэгдэцгээе.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж