УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа
Уг хууль батлагдан хэрэгжсэнээр Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг ноцтой зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах үйл ажиллагаа руу орж байна гэсэн шүүмжлэл өрнөж буй юм.
Дээрх асуудлаар нээлттэй форумын танхимд судлаачид уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар “Шүүгчийн хараат бус байдлын баталгаа” сэдвээр судлаачдын зүгээс сүүлийн үед өрнөж буй үйл явдалд тайлбар өгөх, холбогдох судалгааг танилцууллаа. Сүүлийн үед шүүгчдийг шийдвэрлэсэн хэргийн төлөө яллах, буруутгах, нэр хүндэд халдах оролдлого ихээр гарах болсон нь шүүхийн хараат бус байдал, иргэдийн шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж байгаа аж. Эрх баригчид хууль батлах замаар шүүхийг улс төрийн нөлөөнд байлгах гэсэн оролдлого ихээр гарч байгаа нь учир дутагдалтай гэдгийг судлаачид онцоллоо.
1937 ОНЫ “ОНЦ БҮРЭН ЭРХТ КОМИСС”-ЫГ ДАХИН БАЙГУУЛЖ БОЛОХГҮЙ
МУИС-ийн багш, доктор, дэд профессор О.Мөнхсайхан дээрх асуудлаар байр сууриа илэрхийлэв.
-Хууль батлах замаар шүүхийг улс төрийн нөлөөнд байлгах гэсэн оролдлого ихээр гарч байгааг судлаачид хэлж байгаа. Дээрх хуулийн төслийг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан санаачилсан гэдгийг эрх баригчид хэлж байна. Энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломж байсан уу?
-Бичлэгийн тухайд эрүүдэн шүүсэн нь үнэн бол тэр бол байж болохгүй зүйл. Чуулган дээр яагаад санал хураахын өмнө бичлэг үзүүлж байгаа юм. Эрүү шүүлтийн асуудлыг өөр гаргалгаар шийдэх боломж нь бий. Гэтэл бичлэг, эрүүдэн шүүх асуудлыг далимдуулж системээ бүрэн унагааж байгаа нь хачирхалтай. Чуулган дээр зарим гишүүд зарчмын асуудал ярьж эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцъё, гэхдээ үндсэн хуулийг бид нурааж болохгүй гэж Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь, С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд хэллээ. Гучаад жилийн хугацаанд бидний бий болгохыг хичээж, торниулсан бие даасан хариуцлагын тогтолцоог дээрх хуулиар нураах бололтой.
-ҮАБЗ-д прокурор, АТГ-ын удирдлага мөн шүүгчдийг хугацаанаас нь өмнө огцруулах санал гаргах эрх зүйн орчин бий болж байна?
-500 гаран шүүгчдийн дийлэнх нь шударга, зарчимч хүмүүс. Энэ хуулиар шүүгчдийн хараат бус байдал руу халдаж байгаа нь ноцтой асуудал. Практикт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл энэ асуудлаар далимдуулж 1937 оны “Онц бүрэн эрхт комисс”-ыг дахин байгуулж болохгүй. Хэлмэгдүүлэлт бий болохыг үгүйсгэхгүй. Үндсэн хуулиас гадуур шүүх байгуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиас гадуур шүүх байгуулах гэж тэд үзэж байна. Эрүүдэн шүүнэ гэдэг нь онц аюултай гэмт хэрэг. Манай одоогийн хуульд ч заасан байдаг.
Эрүүдэн шүүлт гэдэг нь төрийн албан тушаалтны захиалгаар хүнийг тарчлаадаг ажиллагаа. Гэхдээ одоогийн Үндсэн хуулийн системээ бүрэн нурааж болохгүй гэдгийг бид хэлмээр байна. Үүнийг нураахгүйгээр хийх боломж гарц байсан.
Үндсэн хуулийн Цэцэд хандана гэв үү?
-Судлаачид, хуульчид бид 1000 хүний гарын үсэг цуглуулж, үндсэн хуулийн Цэцэд мэдэгдэл гаргахаар боллоо. Эцсийн нэг найдвар нь Үндсэн хуулийн Цэц шүү дээ.
-Хууль батлахгүйгээр дээрх асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа танд харагдаж байна уу?
-Манай улсын Үндсэн хууль маш сайн хууль. Үүсээд буй асуудалд ганц хоёр тодруулга хийж болох юм гэдгийг судлаачид үзэж байгаа. Нэн тэргүүний хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн томроод байгаа эрх мэдлийг Үндсэн хуульдаа тодорхой зааж өгөхгүй бол дийлэхээ больчихлоо. Уг нь парламентын тогтолцоотой байтал Ерөнхийлөгчийн засаглалтай юм шиг харагдаж байна. Үнийг хязгаарлахын тулд Үндсэн хуулиар олгогдсон зарим эрх мэдлийг авч хаях хэрэгтэй. Тодруулбал, Хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх гэх мэт. Цаашид хуулиар нэмж эрх олгохоо больё. АТГ болон прокурор гүйцэтгэх эрх мэдлийн харьяа боловч бие даасан байгууллага. Гэтэл Ерөнхийлөгч шүүгчийг томилоод зогсохгүй ШЕЗ-ийн асуудалд оролцдог.
Тэгэхээр өнөөдөр хэн ерөнхийлөгч болохоос үл хамаараад тэр эрх мэдэлтэн “мангас” болж хувирах юм. Өчигдрийн процессыг харахад гишүүд эрх мэдэл төвлөрүүлсэн хүний үгнээс гарахааргүй байдал ажиглагдсан.
Энэ нөхцөлд одоогийн Үндсэн хуулийг сайжруулж чадах уу үгүй юу гэдэг хэцүү. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал цөөн өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуулийн тогтвортой байдал гэдэг маш чухал. Үндсэн хууль руу ингээд дайраад эхэлбэл бид юу ч үгүй болно.
БИД ЭРГЭЛЗЭЭГҮЙ “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛООР” ЯВЖ ЭХЭЛЛЭЭ
Хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцав.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа хүмүүсийг эрүүдэн шүүсэнтэй холбогдуулан дээрх санаачилсан гэдгийг эрх баригчид хэлж байгаа. Энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэх боломж байсан уу?
-Өчигдрийн чуулганы гол асуудал юу гэхээр зөвхөн эрүүдэн шүүсэн асуудлаас илүү эрүү, иргэн, захиргааны шүүхийг бүгдийг нь “базахаар” болж байна. Нэг хүн твиттерт бичсэн байсан. Юу гэхээр “Нэг багш хүүхэд зодсон чинь бүх багш нар муухай гээд, бүх багш нарыг томилоход ҮАБЗ-өөр оруулж байя” гэдэг шиг юм болчхож байгаа юм. Өөрөөр хэлбэл сенсаацтай хэргийг масст үзүүлэхэд тэд дургүйцнэ. Үүний цаана ард нь маш том эрх мэдэл очсон гэдгийг хэлээд байгаа юм. Өнөөдөр хууль өргөн барьсан хүмүүс сайхан харагдаад байж магадгүй.
Гэхдээ хүн л юм чинь эрх баригчдад хувийн шунал, улс төрийн эрх ашгаа хамгаалах зүйл гарна. Тэгэхээр үндсэн хуулийн бус аргаар нээж өгсөн боломжуудыг бий болгочихоор “тэд” дур зоргоороо авирлана гэсэн үг. Тиймээс бид Үндсэн хуулийн Цэцэд хандана хандахаар ажиллаж байна.
-Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс шүүгч, прокуроруудад зөвлөмж гаргаж байна гэдэг нэрийдлээр шүүх засаглалыг гартаа оруулах гэсэн санаархал цаад утгаараа биелж байгаа гэж хуульчид харж байна?
-Хуулиар УИХ, тус байгууллага бүтэц бүрэлдэхүүнийг гаргах эрх олгогдсон. Парламент ҮАБЗ-д Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг оруулчихсан байгаа. ҮАБЗ нь Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах ёстой. Язгуур эрх ашгийг яаж тайлбарлах уу гэдэг ҮАБЗ өөрсдөө тодорхойлоод явах болж байна. Ямар үндэслэлээр гэдгээ оруулахгүйгээр дур зоргын болгочихлоо шүү дээ. ҮАБЗ-д ямар үндэслэл гэдгийг заахгүйгээр ШЕЗ-д зөвлөмжөө явуулах гэж байна. Үндэслэл хэсэг нь байхгүй учраас энэ хүмүүс жинхэнээсээ дур зоргоороо аашилна. Бизнест гэхэд ямар ч том жижиг бизнес бай одоо бүгдээрээ хамгаалалтгүй болно.
Өнөөдөр ЖДҮ байна уу том бизнес байна уу бүх бизнест хөндлөнгийн нөлөө орох эрсдэл бий болчихлоо.
-Хуулийг сайжруулах биш дандаа ухраасан алхмууд хийгээд байна гэж та дүгнэж байгаа?
– Одоо захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулаад засгийн газрыг харьяаллаас гаргана. Үүний дараа УИХ-ын тогтоолоор батлагдсан хувьчлах төрийн өмчийн олон компани байгаа.
Энд захиргааны хэргийн шүүхийн хяналт байхгүй болж эхлэх юм. Хүн харахаар сайхан хувьчлаад байна гэж бодож болох ч төрийн мөнгө хаачих уу нөгөө хэсэг бүлгийн улс төрийн ашиг сонирхол руу сонгуулийн мөнгө рүү явах “хоолой” үүснэ. Өчигдрөөс эхлээд эргэлзээгүй “шударга бусын хоолойгоор” явж эхэллээ.
Дахиад нэг зүйл хэлэхэд “Эрдэнэт”-ийн асуудал байгаа. “Эрдэнэт”-ийн асуудлыг буруу шийдвэрлэсэн. УИХ-аас Засгийн газар, Худалдаа хөгжлийн банктай хэлцэл хийж, тохиролц гээд шийдвэр гаргасан. Хэлцэл бол мөнгөөр тохирох учраас хэзээ ч бүтэхгүй асуудал. Манайд төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “нийгэмчлэх” гэдэг үг байдаг. Нийгэмчлэх нь “Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.7 дугаар зүйлд “хуульд заасан тохиолдолд бусдын өмчлөлийн зүйлийг төрийн өмчид дайчлан авах шийдвэр гаргах, нийгэмчлэх санал, төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх" гэж байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Үндсэн хуулийн бус аргаар хувьчлаад авчихсан. Түүнтэй хэн ч маргахгүй. Үүнийг Үндсэн хуулийн Цэцээс тогтоож, тухайн үед шийдвэр гаргасан.
Харин нийгэмчлэхэд хариу төлбөр өгч болно. Түүнийг нь төр өгөх ёстой. Одоо байгаа тогтоол яаж гарсан юм гэхээр хэлцэл хийж хоорондоо тохиролц гэсэн тогтоол бий. Тэгэхээр бизнесийн байгууллага их мөнгө авахыг бодно биз дээ. Үүнийг би Ц.Нямдорж сайдад бичээд өгсөн. Харамсалтай нь ердөөсөө яриагүй.
Ямар санаатай яачихсан Хууль зүйн сайд байгааг би ойлгохгүй байна. Ц.Нямдорж сайд хүмүүсийг хэрэлдүүлж нийгмийг бухимдуулж кайф аваад байна уу гайхаад байна.
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй хүмүүсийг шүүхийн шийдвэргүйгээр суллаж болох уу?
-Өчигдрийн үзүүлсэн эрүүдэн шүүх ажиллагаа бол нотлох баримтаар илэрсэн хэрэг байгаа.. Монгол Улсын Ерөнхийлөгч тэр хүмүүст уучлал үзүүлэх хэрэгтэй. Тэр хүмүүст нэн яаралтай уучлал үзүүлж, эрүүдэн шүүж болохгүй гэсэн хууль заалтыг зөрчсөн хүмүүст эрүүгийн хариуцлагыг хүлээлгээд явах боломжтой. Энэ бол Үндсэн хуульд халдсан асуудал биш. Ерөнхийлөгч түүнийг мэдэж байж яагаад уучлал үзүүлж болоогүй юм. Хуулийн гаргалгаатай асуудал байхад нийгмийг тэр чигээр нь айдаст автуулж, самууруулсан ийм доголдол гаргаж байгаа нь учир дутагдалтай.
Э.АРИУН
Холбоотой мэдээ