Ялалтад тусалсан монголчуудын талаар үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Ялалтад тусалсан монголчуудын талаар үзэсгэлэн гаргана

Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярыг ирэх тавдугаар сарын 9-ний өдөр Орос орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Энэхүү баярыг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаанбаатар хотын музей болон “Гамма” гэрэл зургийн агентлагтай хамтран тавдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Эрхүү хотын “Диас” арт галерейд “Ялалтад Монголчууд юугаар туслав” сэдэвт 50 гаруй баримтат гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн гаргах гэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Монголын ард түмэн: Бүхнийг фронтод, Бүхнийг ялалтын төлөө” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн цомог, мөн “Зовох цагт нөхрийн чанар танигдана” баримтат киног Оросын ард түмэнд толилуулах юм.73 жилийн өмнө Монголын ард түмнээс фронтод бэлэг хүргэсэн төлөөлөгчдийн нэг Дундговийн иргэн “Фронт” хэмээх С.Цэгмэд гуай мөн Эрхүү хотноо зохиогдох үзэсгэлэнг нээж, баярын хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар оролцох юм. Ялалтын баяраар Эрхүү хотноо явагдах баярын парадад тус хотноо суралцдаг монгол оюутнууд жагсахаар бэлтгэлээ базааж эхэлжээ.

Эх орны дайны жилүүдэд монголчууд Зөвлөлтийн улаан армид 53 танк бүхий “Хувьсгалт Монгол” танкийн цуваа болон 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилийг бэлэглэсэн. Мөн эгэл ардуудаас фронтод 500 мянган агт,300 орчим кг цэвэр алт бэлгэнд хүргэж байсан юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж