Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2019.03.28/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг байх хуулийн төслийг өчигдөр УИХ баталсан. Энэ хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн шүүмжлэл маш их гараад байгаа юм. Энэ талаар тэрбээр "Хуулийн хэлэлцүүлгийн явцад би тайлбарласан, Үндсэн хууль зөрчсөн эсэхийг гишүүд биш Цэц мэднэ. Томилгоо өгдөг эрх бүхий байгууллагад зөвлөмж өгч байгаа болохоос ҮАБЗ шийдвэр гаргахгүй. Тухайлбал, ҮАБЗ-өөс С.Зоригийн хэргийг шийдвэрлэхдээ эрүүдэн шүүсэн, алдаа гаргасныг тогтоосны дараа тухайн албан тушаалтныг томилдог эрх бүхий субьектэд ҮАБЗ-ийн зөвлөмжийг хүргэнэ" гэлээ.
Мөн олон нийтийн сүлжээгээр Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн А.Цэрэнсодном гэдэг хүний томилгоог Ерөнхийлөгч буцааж байгаа. Тэр хүнтэй холбоотой бичлэг цацагдсан учраас өөр хүний нэр оруулахаар болсон байна.
Мөн АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудал орж ирвэл өмнөх нэр дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийг эгүүлэн татаж, өөр хүмүүсийн нэрийг дэвшүүлнэ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хоёр өөрчлөлт гарсан. Нэгдүгээрт, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг түдгэлзүүлэх эсэхийг ШЕЗ шийднэ. Тэгээд Ерөнхийлөгч шийдвэр гаргана. Хоёрдугаарт, ҮАБЗ-ийн зөвлөмж гарвал заавал хэлэлцэнэ гэх өөрчлөлт орсон. ҮАБЗ-ийн зөвлөмжийг томилгоо хийх эрхтэй байгууллагууд хүлээж авах эсэхийг өөрсдөө шийдэх учраас Үндсэн хууль зөрчөөгүй. Мөн Ерөнхий прокурор болон орлогчийг огцруулах асуудлыг Ерөнхийлөгч хэн нэгэнтэй зөвшилцөхгүй шийднэ.
Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-ҮАБЗ хэзээ хуралдах вэ. УИХ хуулийн төслүүдийг яаралтай дэгээр баталсан шүү дээ?
-Одоогоор ҮАБЗ хуралдаж, зөвлөмж гаргасан зүйл байхгүй байна.
-Прокурорын дэргэдэх мөрдөх албаны бүтцийг өөрчилж, өөр байгууллагад шилжүүлэх үү?
-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 10 жил хүнд барьцаалагдсан байсан Сагсай гэдэг хүн толгойлж байсан. Тэр хугацаандаа хоёр цагдаад хариуцлага тооцсон байдаг. 10 жил барьцаанд байсан хүн шударга шийдвэр гаргах уу
-АТГ-ын дарга, дэд даргад өмнөх өргөн барьсан хүмүүсээ дахин дэвшүүлэх үү?
-АТГ-ын даргад өмнө нэр дэвшүүлсэн хоёр хүнээ татаж аваад, өөр хүмүүс санал болгоно.
-Эрүүдэн шүүснийг нотлогдсоны дараа яллагдагч нарыг суллах уу?
-Эрүүдэн шүүж байгаа видео бичлэгт гарч буй бүх хүнийг тогтоогоод, эрүүгийн хэрэг үүсгээд, бүх оролцогчдын гэм бурууг тогтоосны үндсэн дээр хэрэг эргэнэ. Шинэ удирдлагыг томилсны дараа. Одоогийн удирдлага хийсэн зүйлээ үгүйсгээд байгаа нь хууль гарах үндэслэл болсон.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ