УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордноо эхэлжээ. Тус бүлгийнхэн өчигдрөөс хойш хэлэлцэж буй Тавантолгойн асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд АН-ын гүйцэтгэх хорооноос өнөөдөр гаргасан шийдвэрийг ч мөн хэлэлцэх бололтой. АН-ын гүйцэтгэх зөвлөл Тавантолгойн гэрээг урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нийлсэн гэдгийг АН-ын генсек мэдэгдсэн. Ингэхдээ Тавантолгойн ордод эзэмших 51 хувийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани эзэмшээд, үлдсэн 49 хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулах нь зөв юм гэж үзжээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийнхэн гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг хэрхэн хүлээн авах нь тодорхойгүй байна.
АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь нар оролцож, гэрээний төсөлтэй холбоотой тайлбар мэдээлэл өгсөн. Тэгэхээр тус бүлгийнхэн Тавантолгойн хувьд чамгүй мэдээлэлтэй байгаа болохоор тал талаас нь сайтар няхуур хэлэлцэж буй бололтой.
Г.ДАРЬ