С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр яллагдаж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдэгдсэн билээ. Тэгвэл тус бичлэгийг Засгийн газар нууцаас гаргаж, өчигдөр УИХ-ын гишүүдэд үзүүлсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “2015 оноос хойш Б.Булганыг барьсан өдрөөс хойш энэ асуудлыг ярьж эхэлсэн. Тухайн үед би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд холбогдох газруудад асуулга, мэдээлэл хүсэх талаар хандаж байсныг нотлох бичиг баримтууд нь байна. Х.Баттулгад ч албан бичиг хүргүүлж байсан. Олон улсын парламентад хандаж байсан нь тэмдэглэгдсэн. Өчигдрийн үйл явдлыг харвал эрүүдэн шүүсэн асуудал харагдаж байна.
Эрүүдэн шүүж байгаа мэдээлэл гүйцэтгэх ажиллагаагаар нотолсон гэж байгааг харьцуулах шаардлагатай байна. Тийм учраас би Ерөнхийлөгч, Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ. Нэг талаасаа эрүүдсэн шүүсэн гэдэг асуудал илэрсэн нь маш сайн зүйл боллоо.
Эрүүдэн шүүсэн процесс нь миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа ч эрүүдэн шүүсэн нь илэрсэн учраас системийнх нь хувьд, эрүүдэн шүүлгэж байсан бүх хүмүүсийг гаргаж ирж эрхийг нь сэргээх ёстой. Дамирангийн Энхбат гэдэг хүн нас барсан, өмгөөлөгчийг нь барьж тамласан. Энэ хэргийг бас шалгах хэрэгтэй. Энэ бүхнийг цогцоор нь шалгуулах албан хүсэлт өгнө.
Өчигдөр үзүүлсэн бичлэгийн тухайд гишүүд бүх зүйлийг илэн далангуй ярьсан. Б.Содномдаржаа зогсож байхад хоёр хоригдол орж ирнэ. Хоёр хоригдлын нэг нь Амгаланбаатар. Тэд хамт амьдарч байгаа үйл явдал бичлэгт гарна. Нөгөө хоёр нь гаднаас эргэлт авна, орон дээр унтана, арай давуу нөхцөлтэй байна. Б.Содномдаржааг бол дэглэж байгаа. Чи хэргээ хүлээ гэдэг ч юм уу, тийм байдалтай. Чимгээ унтаж буй байдалтай байхад хаалга онгойход сэрсэн. Нөгөө нөхөр цээж нүцгэн халаасандаа гараа хийсэн байдалтай орж ирээд хэргээ хүлээхийг шаардаад, би та нараас бол энд удаан зовмооргүй байна гэж хэлээд нэг тамхи татаад гарч байгаа ийм үйлдэл явдал болсон. ШШГЕГ-ын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ шоронд хоригдлууд л шоронгийн хувцас өмсдөг, ШШГЕГ-ын ажилтнууд нь энгийн хувцастай байдаг. Дүрсэн дээр бол энгийн хувцастай нөхөр орж суугаад, Содномдаржаа руу "чи яасан хэргээ хүлээдэггүй юм бэ" гэх зэргээр гараа далайлгаж байсан үйл явц харагдсан. Ерөнхийд нь би багцалж хэлж байна.
30 орчим минутын бичлэг байсан. Бидэнд товчилсноор үзүүлсэн. Хэвлэлийнхэнд үзүүлэх байх гэж би бодож байна. Олон нийтэд дэлгэх асуудал дээр миний байр суурь жүжигчилсэн тоглолтоор үзүүлэх ёстой гэж бодож байна. Бичлэгийг шууд үзүүлж болохгүй. Өндөр настай ээжид хүү нь ямар байдалтай хоригдож байгааг харуулах нь мэдээж сайхан биш. Тухайн хоригдож байгаа хүний хувьд ч гэсэн хоригдож буй үйл явдлыг харуулах нь нэр хүнд, үр хүүхдүүд нь том болоод ч хэцүү байх учраас бичлэгийг олон нийт шууд бус утгаар үзүүлж болно. Би хуульч хүн учраас процессын хүрээнд л ярина.
Хэнийг ийм түвшинд эрүүдэн шүүж болохгүй. 20 жил С.Зоригийн хэргийн нэрээр асар их төсөв авдаг, ажлын хэсэг гэсэн нэрээр хэнийг ч хамаагүй барьдаг, шалгадаг. Саяхныг хүртэл хянадаг прокурор нь ажлын хэсэгт байсан. Прокурор ажлын хэсэгт орж болохгүй. Энэ хэрэг илэрсэн гэдгийг би тойргийнхоо иргэдэд хэлдэг. Энэ хэргийг нэг бол хоригдож байгаа гурван хүн хийсэн эсвэл тэр гурвыг зохиолоор хийсэн хүн нь хэргээ нуух гэж хийсэн ийм л тохиолдол байгаа.
Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Та бичлэгийг үзээд эрүүдэн шүүсэн нь мөн гэж үзэж байна уу?
-Эцсийн дүгнэлтийг шүүх гаргана.
-Та Б.Булгантай уулзаж байсан уу?
-Би нэг удаа л тааралдсан. Харин УИХ-ын гишүүн асан С.Оюун надад талархаж байгаагаа хэлсэн. Б.Булганы хувьд мэдэж байгаа зүйлээ ярих хэрэгтэй.
-Энэ бичлэгийг олон нийтэд үзүүлэх ёстой юу?
-Олон нийтэд үзүүлэх ёстой. Гэхдээ үзүүлэн байдлаар үзүүлэх хэрэгтэй. Харин хэргийг нотолсон бичлэгийг хаалттай үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
Холбоотой мэдээ