Л.Эрхэмбаяр: Төслийн 51 хувь төрийн өмчид байх ёстой

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Л.Эрхэмбаяр: Төслийн 51 хувь төрийн өмчид байх ёстой

АН-ын гүйцэтгэх зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгойн гэрээний талаар хэлэлцэж, гэрээг урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нийлжээ. Ингэхдээ Тавантолгойн ордод эзэмших 51 хувийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани эзэмшээд, үлдсэн 49 хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулах нь зөв юм гэж үзжээ. Тэгж гэмээнэ 2,1 сая иргэний хувьцаа үнэ цэнэтэй болно гэж үзсэн тухайгаа АН-ын генсек мэдэгдлээ. Учир нь Тавантолгойн ордыг илрүүлэхдээ улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон гэж үзэж байгаа аж. Энэ тухай АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч “Энэ төслийн 51 хувь нь төрийн өмчид байх ёстой. Бид тус шийдвэрийг гаргахдаа 2012-2016 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг харгалзаж үзсэн. Энэ тогтоолд төсвийн хөрөнгөөр хийсэн уул, уурхайн ордуудын эзэмшлийн 51 хувь нь Монгол Улсын өмчлөлд байх ёстой гэсэн заалт байгаа. Мөн АН 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд дээр байгуулагдах компанийн 51 хувиас доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэсэн заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Эдгээр заалтуудыг үндэслэж ийм шийдвэрийг гаргасан. Хоёрдугаарт, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулъя. Ингэхдээ 51 хувь нь төрийн өмч байхаар 49 хувьд нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид байна гэдэг шийдвэрийг гаргасан” гэлээ.

Энэ асуудлаар олон нийтэд мэдэгдэл гаргахыг намын удирдлагуудад даалгасан байна. Мөн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг АН-ын гишүүдэд үүрэг болгожээ. Шийдвэр ажил хэрэг болбол 1072 хувьцааны үр ашиг нь гарна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол болоод Монголын төрийн бодлогыг хангасан шийдвэр болно гэж тэрээр тодотголоо.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Намын гүйцэтгэх зөвлөл хэлэлцээд Засгийн газарт үүрэг чиглэл өгөх нь хэр оновчтой шийдэл вэ?

-Нэгдүгээрт одоогийн хууль эрх зүйн тогтолцоогоор стратекийн орд УИХ-аар хэлэлцэгдэн шийдвэрлэгдэх ёстой. Хоёрдугаарт манай парламент улс төрийн намын бүлгүүдээс бүрддэг. Тиймээс манай нам олонхийг бүрдүүлж байгаагийн хувьд ямар байр суурьтай байгаагаа УИХ-ын намын бүлэгтээ илэрхийлж байгаа юм.

-Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд дунд УИХ-ын гишүүд хэр олон байгаа вэ?

-УИХ, Засгийн газрын гишүүн олон байгаа, аймгийн дарга нар бас бий.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг нар “Энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй, Монголын эрх ашигт нийцэхгүй гэж мэдэгдсэн?

-Гэрээ бол явах ёстой. Гэрээний талаар хэн ч дуугарахгүй, автоматаар санал явахгүй нь ойлгомжтой. Ер нь 2-3 гэрээний өөрчлөлтөөр Монголын талд сайжирсан хувилбар орж ирж байгаа. Хэлэлцэж байгаа асуудлыг хэрүүл гэж харахаас илүүтэй Монголдоо илүү ашигтай явуулъя гэдэг байр суурьтай байгаа.

-Төр тавантолгойн ордод 51 хувь эзэмшсэн нөхцөлд тэр хэмжээний хөрөнгө оруулах шаардлагатай болох юм биш үү. Энэ асуудлыг гүйцэтгэх зөвлөлөөр юу гэж ярьсан бэ?

-УИХ-ын тогтоол, Засгийн газрын тогтоолд Тавантолгойн орд газрыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагч оруулж идэвхижүүл. Ингэхдээ гол зарчим нь Монголын төрийн талаас хөрөнгө орохгүйгээр асуудлыг шийдвэрлэхээр зарчим баримталсан. Энэ зарчимдаа баригдаж гэрээ хийгдэх ёстой.

-Энэ асуудлыг эртнээс тавьж болоогүй юм уу. Гэрээ хэлцэл хийгдээд, гэрээний төсөл бэлэн болж, УИХ-д өргөн баригдсаны дараа ярихаар яадаг юм бэ?

-Асуудал шийдэгдээгүй байна, галт тэрэг одоо л хөдлөх гэж байна. Цаг хугацаа бидний өмнө байна. Энэнд захирагдаж асуудалд хуумгай хандаж болохгүй. Асуудлыг өнөө маргаашдаа тулчихсан юм шиг хандаж болохгүй.

-Төрийн эзэмшлийн хувь хэмжээнээс бусад дээр АН-ын гишүүдийн байр суурь нэг байна гэсэн үг үү?

-УИХ-аар гэрээний төслийг хэлэлцэх үед УИХ дахь намын бүлгүүдээс ажлын хэсэг гарч заалт бүрээр ярилцах ёстой гэж үзсэн, энэнтэй санал нэг байгаа. Жишээ нь 10-12 мянган ажлын байр бий болгоно гэж байгаа ч тэдэн хувь нь монгол ажилчин байна гэсэн хатуу заалт байхгүй. Монгол талаас 500-600 аж ахуйн нэгж оролцоно гэсэн ч ийм бүтээгдэхүүнийг зөвхөн Моноглоос авна гэсэн заалт байхгүй. Тийм учраас энэ мэт асуудлыг сайжруулах шаардлага бий.

-Манай талаас 51 хувь гэхээр консерциум хүлээн зөвшөөрөх үү?

-УИХ-ын тогтоол нь 51 хувь байх ёстой гэж заасан байдаг.

-Өмнө нь “Эрдэнэс тавантолгой” компанийн 51 хувийг “Эрдэнэс тавантолгой эзэмшье”, Пийбоди 49 хувь эзэмшье гэж Я.Батсуурь захирлын үед гэрээний асуудал ярихад АН дэмжээгүй хэрнээ одоо болохоор энэ асуудлыг тавьж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Манай нам дэмжээгүй биш, УИХ-д асуудал орж ирээгүй. Орж ирсэн бол дэмжих хувилбар байжээ гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ.

-Миний ойлгож байгаагаар Засгийн газар дээрх хувилбарыг дэмжээгүй байсан. Хэлэлцэхээс нь 20 хоногийн өмнө наад хэлэлцээрээ зогсоо гэсэн асуудлыг Л.Эрдэнэчимэг гишүүн өнөөдөр ярьсан?

-Манай намын байр суурь өнөөдөр л гарч ирж байна. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл Тавантолгойн асуудлаар анх удаагаа л байр сууриа илэрхийлж байна. Намын байр суурийг одоо бүлэг хэлэлцэнэ.

-Ардчилсан намын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг дэмжихгүй бол яах вэ. Бүлгийн байр суурь хүчинтэй юу, Гүйцэтгэх зөвлөлийн байр суурь хүчин төгөлдөр үү?

-Намын байр суурь ийм байна гэдгээ л хэлье.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж