Богд хааны ногоон дара эх шүтээнүүдийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Богд хааны ногоон дара эх шүтээнүүдийг танилцууллаа

Богд хааны ордон музейн сан хөмрөгөөс “Богд хааны ногоон дара эх шүтээнүүд” үзэсгэлэнг олны хүртээл болгож байна. Энэхүү үзэсгэлэн нь Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа хоёрдахь том үйл ажиллагааны нэг юм.

Үзэсгэлэнгийн гол онцлог нь Өндөр гэгээн Занабазарын мутрын урлал, Ногоон дара эх ба XVII зуунаас XX зууны эхэн үеийг хүртэлх цаг үед хамаарах 70 гаруй ногоон дара бурханы шүтээн дүрийг дэлгэн харуулж байна. “Богд хааны ногоон дара эх шүтээнүүд” үзэсгэлэнгээс дэлхийн бурханы шашны урлагт жинтэй байр суурь эзлэх Өндөр гэгээний хийц, түүний дэг сургууль, Их хүрээ хийц, болоод Долнуур, Төвд, Хятад хийцийн аргаар бүтээсэн танка зураг, зээгт наамал, загал зураг, цутгамал, хөөмөл, шуумал, бар зэрэг дүрслэлийн олон янзын арга барилыг илтгэх нандин шүтээнүүдийг харах боломжтой байна.

Ногоон дара эх бурхан бол Монголчуудын хамгийн сайн мэддэг, хамгийн түгээмэл дэлгэрсэн шүтээний нэг юм. Өндөр гэгээний ухааны ур, мэлмийн ур, мутрын урын дүнд бүрэлдэн бий болсон эл шүтээн нь үе үеийн Богд болоод Богд хааны нандин шүтээний нэгд тооцогдон иржээ.
Мөн үзэсгэлэнгийн хугацаанд Өндөр гэгээн Занабазарын урласан бүхийл ногоон дара эхийг багтаасан номыг хямдралтай үнээр худалдаалах байна.

“Богд хааны ногоон дара эх шүтээнүүд” үзэсгэлэн 2015 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 12-ны өдөр хүртэл Богд хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж