Монгол Улсын Их Хурлын Даргын ивээл дор “Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган” 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төрийн ордны их танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд Монголын банк санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл болон тухайн салбарын бодлого боловсруулагч төрийн байгууллагуудын төлөөлөл оролцож ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банк санхүүгийн салбарт эмэгтэйчүүдийн манлайлал чиглэлээр чууллаа. Тус чуулганы төлөөлөгч Капитрон банкны Гүйцэтгэх захирал хатагтай Л.Ариунаатай чуулганы ач холбогдлын талаар ярилцлаа.
– Юуны өмнө танд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Мөн цаг зав гарган бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа.
– Баярлалаа, та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье!
– Та бол Монголын санхүү банкны салбарын эмэгтэйчүүдийн том төлөөллийн нэг. Таны хувьд энэхүү чуулганы ач холбогдлыг чухам юу гэж харж байна вэ?
– Монгол Улс 1990 оноос зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлэн нийгэм, эдийн засаг, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо эрс нэмэгдсэн. Ялангуяа ганзагын наймаа ид хөгжиж байх үед Монголын эмэгтэйчүүдийн ихэнх нь гадаа гандаж, хөдөө хөхөрч хүнд ачааг үүрэн өрх гэр үр хүүхдүүдийнхээ төлөө наймаа арилжаа хийсээр ирсэн шүү дээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн улс орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлэхгүй байхын аргагүй. Одоо ч бизнесийн салбарт амжилттай яваа олон сайхан бүсгүйчүүд байна. Мөн шинээр бизнесийн салбарт хүч үзэж буй залуу эмэгтэйчүүд ч өдрөөс өдөрт их нэмэгдэж байна. Эмэгтэйчүүдэд бизнесээ амжилттай хөтлөн явуулахтай холбоотой тулгамдаж буй асуудлын нэг нь санхүүгийн үйл ажиллагаагаа зөв зохион байгуулах, оновчтой удирдах явдал байдаг бөгөөд жижиг бизнестэй эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсролыг түлхүү олгох явдал чухал байна. Ер нь Монгол эмэгтэйчүүд ямар нэгэн ажлыг эхлүүлсэн бол заавал ард нь гардаг аливаад тууштай дайчин хүмүүс шүү дээ. Тиймээс ч тэдэнд санхүүгийн боловсрол олгож гарааны бизнесийг нь дэмжиж зөв чиглүүлж чадвал жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэж, түүнийг дагаад дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх, өрхийн орлого сайжирч ажилгүйдэл ядуурал багасахад хувь нэмэр болох болно. Сүүлийн 25 жилд эмэгтэйчүүдийн зарим хэсэг нь нийгмийн эмзэг бүлэг болтлоо доройтож, өрх толгойлсон эх, ажилгүй эмэгтэйчүүд их болсон байна. Тэгвэл тэдэнд зайлшгүй төр засаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна. Иймээс энэ чуулганаас бодит үр дүн гарч үр өгөөж нь зорилтод бүлэгтээ хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Цаашид энэ чуулганаас гарсан үр дүнд тулгуурлаад өрх толгойлсон болон ажилгүй эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засгаас болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтын ажиллагаа нэмэгдүүлэх, доор бүрнээ шинэ санал санаачилга гарган нийгмийн хариуцлагын ажлуудыг зохион байгуулж тогтмол хэрэгжүүлэх нь туйлын чухал юм.
– Капитрон банкны хувьд энэ удаагийн чуулганд ямар оролцоотой оролцож байгаа бэ?
– За манай банкны хувьд “Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжигч Монгол Улсын шилдэг банк”-аар 2018 онд шалгарсан. Тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулсан бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгох, олон улсын төсөл хөтөлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийн санхүүжилтийг авах ажлыг эхлүүлээд явж байна. Мөн түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд эмэгтэйчүүдийн хөгжилд хувь нэмрээ оруулах, санхүүгийн боловсролыг нь дээшлүүлэхтэй холбоотой олон арга хэмжээ зохион байгуулдаг. Банкинд чанаргүй зээл нэмэгдэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь иргэдийн санхүүгийн боловсрол дутмаг байгаатай холбоотой байдаг гэж үздэг. Бид энэ чуулганд идэвхтэй оролцож чуулганаас гарсан тунхаг бичгийн дагуу төр, хувийн хэвшил, олон улсын санхүүгийн байгууллагууд, иргэний нийгмийн түншлэл хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийг хангахад хамтран ажиллах юм. Ялангуяа өрх толгойлсон, ажилгүй, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд анхаарч, тэдгээрийн орлогоо нэмэгдүүлэх, хуримтлал үүсгэх, бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ чиглүүлж санхүүгийн боловсрол олгоход хамтран ажиллана. Манай банк банкны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, банкны үйлчилгээг эмэгтэйчүүдэд ээлтэй болгох ажлуудыг энэ жил түлхүү хийнэ.
– Та түрүүн ярилцлагынхаа дундуур Монгол эмэгтэйчүүд дайчин хүмүүс гэж дурьдсан, таны хувьд хир дайчин бэ? Мэдээж та Монгол улсын хамгийн хурдацтай хөгжиж байгаа арилжааны банкийг удирдаж байгаа хүний хувьд маш дайчин эмэгтэй байх. Ажил дээр амьдралын алин дээр илүү дайчин бэ ?
– (Инээв) Би өөрийгөө дайчин бүсгүй шүү гэж хэлж чадахгүй юм байна. Тэрийг манай хамт олон хамтран зүтгэгчид маань л дүгнэх байх. Ямартаа ч ажлаа чин сэтгэлээсээ, тууштай хийж, хамт олноо, залуучуудыгаа зөв чиглүүлэх, зөвлөх, сургахад байнга анхаарч ажиллаж байна. Мөн олон зуун харилцагчдын итгэлийг алдахгүйгээр банкны тэргүүлэх үйлчилгээтэй хамгийн дотно туслагч нь байхыг л хичээж явна. Үүний үр дүнд Монгол улсын хамгийн хурдацтай хөгжиж буй банк болж, сүүлийн 3 жилийн дотор банкны нийт актив 4.5 дахин нэмэгдэж өнөөдрийн байдлаар 850 тэрбум төгрөг, дүрмийн сан 75 тэрбум төгрөгт хүрч өсөн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 17.4 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 11.9% болж амжилттай ажилласнаар банкны салбартаа санхүүгийн чадварын үзүүлэлтээрээ тэргүүлэх банкуудын нэг болж чадсан байна. Энэ бүх ажил маань харилцагчдын маань итгэл, хамт олны маань хамтын зүтгэл юм шүү. Харин амьдрал дээрээ дайчин эсэхийг амьдралын маань түшиг тулгуур болсон халамжит хань, хайртай үр хүүхдүүд маань хэлэх байх. Эмэгтэй хүн гэдэг чинь ажил амьдралаа зохицуулж байхгүй бол аль нэг нь орхигдох гээд хэцүү шүү дээ. Ажлаараа өндөр амжилттай яваа улс төрчид, корпорацын удирдагч эмэгтэйчүүдээс олонхи нь хувийн амьдралаа хойш нь тавьсан байдаг. Миний хувьд аль алийг зохицуулж л явна. Ер нь эмэгтэй хүн ажил, ар гэрээ хослуулдаг учраас эрчүүдээс илүү цагаа зөв зохицуулж, бас илүү тэвчээртэй, тууштай байдаг гэж боддог.
– Бидний урилгыг хүлээн авч цаг зав гаргасан танд баярлалаа. Таны ажил амьдралд амжилт, аз жаргалыг хүсье!
– Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Холбоотой мэдээ