Үндэсний хөгжлийн газар нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо Бүсчилсэн хөгжлийн бодлогын цуврал хэлэлцүүлгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэн болон “Жайка” Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа.
Тус зөвлөлдөх хэлэлцүүлэг нь 3 салбар хуралдаанаар зохион байгуулагдсан бөгөөд Үндэсний хөгжлийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Жайка” Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн төлөөллүүд илтгэл танилцуулсан. Салбар хуралдаан тус бүрийн үеэр илтгэлээр танилцуулсан сэдвүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, илтгэгчид болон зочин оролцогч панелистууд тус тусын хариуцсан чиглэлээр хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нарын сонирхсон асуултад хариулж, Бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичигт тусгахаар дэвшүүлж буй санал, санаачилга, мэдээллийг сонслоо.
Хэнтий аймгийн хувьд тус аймгийн Чингис хотыг 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор “Зүүн бүсийн тулгуур төв”-өөр баталсан байдаг тул Бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичигт тусган тус аймгийг “Аялал жуулчлалын тулгуур төв” болгон хөгжүүлэх саналыг орон нутгийн зүгээс дэвшүүллээ. Мөн энэхүү саналын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран боловсон хүчин бэлтгэх бодлогыг дэмжин хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэр дундаа орон нутагт сургалт, семинар зохион байгуулан аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар анхаарч ажиллах саналыг тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Орон нутгийн эдийн засгийн онцлогийг харгалзан үзэж үйлдвэрлэл хөгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, Хэнтий аймгийн улаан ямааг өсгөх, ноолуурын үйлдвэр байгуулах, нийт малчдыг үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй болгож, санхүүгийн схемийг бий болгох, мөн Чит мужтай өмнө нь тогтоосон хамтын ажиллагааг сэргээж Чит мужийг Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр хангах зэрэг саналуудыг дэвшүүллээ.
Мөн орон нутагт жижиг оврын дулааны цахилгаан станцууд, эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах шугам сүлжээ байгуулах, шөнийн цагаар үүсэж буй илүүдэл цахилгаан эрчим хүчийг ашиглах боломжийг өргөжүүлэх, хэрэглэгчдийг ухаалаг тоолууртай болгох замаар эрчим хүчний ухаалаг хэрэглээг хэвшүүлж хэмнэлтийг бий болгон аюулгүй байдал, эрсдэлийг бууруулах зэрэг саналуудыг тавилаа.
Түүнчлэн тэтгэвэр болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний асуудлыг орон нутгийн зүгээс дурдлаа. Тэтгэврийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байгааг шат дараалсан арга хэмжээ авч шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2020 он гэхэд 420 мянган төгрөг хүргэх тооцоог бүх шатанд төсвийн тооцоонд тусгах зэрэг саналуудыг орон нутгийн төлөөллөөс дэвшүүллээ.
Хэлэлцүүлгийн үеэр дэвшүүлсэн дээрх саналуудыг Бүсчилсэн хөгжлийн баримт бичигт тусгаж хэрэгжүүлэх боломжийг шинжлэх ухааны үндэстэй судлах нь зүйтэй гэж үзлээ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ