ХЭҮК: Эрүүдэн шүүлтийн бичлэгийг УИХ-ын гишүүд гайхаж ярьсанд харамсч байна

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

ХЭҮК: Эрүүдэн шүүлтийн бичлэгийг УИХ-ын гишүүд гайхаж ярьсанд харамсч байна

ХЭҮК: Эрүүдэн шүүлтийн бичлэгийг УИХ-ын гишүүд гайхаж ярьсанд харамсч байна

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэж, “нүд халтирам аймшигтай төдийгүй байж боломгүй хэрэг” гэж УИХ-ын гишүүд өчигдөр /2019.03.27/ дүгнэсэн. Энэ асуудлаар өнөөдөр Хүний Эрхийн Үндэсний комиссоос мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн энэ үйлдэлд харамсч буйгаа илэрхийллээ. Учир нь хүнийг тамлан зовоох арга техник, хохирогчдын асуудлыг жил бүр илтгэлүүддээ дэлгэрэнгүй тусгадаг байсныг тэд онцоллоо.

ХЭҮК-ООС 17 ИЛТГЭЛ БИЧИЖ, УИХ-Д ХАНДСАН Ч ЭРҮҮДЭН ШҮҮЛТИЙН ЭСРЭГ ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг: 

“Эрүүдэн шүүлтийн асуудал өнөөдөр л яригдаж байгаа мэт ойлголт олон нийтийн дунд төрж байна. Энэ тухай 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн анхаарч, ажиллаж, холбогдох илтгэлүүддээ хүнийг тамлан зовоох арга техник, хохирогчийн асуудлыг тодорхой тусгаж өгч байсныг УИХ-ын гишүүд өмнө нь уншиж байсан бол өнөөдөр тэд эрүүдэн шүүлтийг гэнэт сонсож буй мэтээр гайхаж хүлээн авахгүй байсан болов уу. Энэ асуудлыг гайхаж хүлээн авсанд харамсч байна.  НҮБ-ийн Тусгай илтгэгч Монгол Улсад 2006 онд долоо хоногийн хугацаанд айлчилсан. Энэ үеэр цагдан хорих ангид хүнийг 24 цаг зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарч байсан. НҮБ-ын Тусгай илтгэгч манай улсад айлчилсныхаа дараа “Монгол Улсад эрүүдэн шүүлтийн нөхцөл байдал бодитойгоор оршин тогтнож байна” гэдгийг тайландаа тусгасан. Энэ дагуу манай улсад зөвлөмж хүргүүлж байлаа” хэмээв.

Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн хугацаанд нийтдээ 17 илтгэл бичиж, УИХ-д танилцуулж байжээ. Үүний 13-т нь эрүүдэн шүүлтийн асуудлын талаар оруулсан байна. Харамсалтай нь, энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүйгээс гадна Мөрдөн байцаах албыг татан буулгачихаад янз бүрийн үүргийн асуудал оногдуулах гэж оролдсон гэж тус комиссын дарга Ж.Бямбадорж хэлсэн юм. Тэрбээр УЕПГ-ын дэргэд байсан энэ албыг үнэхээр шударга ажиллаж байсан гэдгийг тодотгосон. Түүнчлэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгахтай холбоотой 2015 оны долдугаар сараас эхлээд л “эргэлт оруулахгүй байна, тамлаж зовоож байна” гэх мэт гомдол ирсэн. Тэр цагаас Хүний эрхийн үндэсний комисс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын ерөнхий прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, нийслэлийн Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газарт асуудлыг тавьж ирсэн. Гэвч эдгээр газраас зөвхөн нийслэлийн Прокуророос хариу ирүүлсэн. Бусад нь ямар ч хариу өгөөгүй.

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа нь  ҮАБЗ-д 2016 онд гомдол гаргаж байжээ. Уг гомдолд дурдсан зүйл нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар гишүүдийн ярьсан зүйлтэй агуулга нь адилхан.  Хүний эрхийн үндэсний комисст мөн гомдол ирсэн. Иймээс энэ бүхнийг Хүний эрхийн үндэсний комисс тухай бүрт нь холбогдох газруудыг анхаарахыг хүсэж, түүнчлэн УИХ-д жил бүр өргөн мэдүүлдэг илтгэлдээ ч дурдаж, эрүүдэн шүлтийн эсрэг арга хэмжээ авахыг анхааруулж ирсэн юм байна.

Дээрхи асуудлаар ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржоос асуулт хариулт авлаа.

-Хүнийг эрүүдэн шүүх, тамлан зовоох арга механизм одоо ч байна гэж танай комиссоос хэллээ. Үүний эсрэг танай комисс ямар арга хэмжээ авч ажилласан бэ. Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд хамгийн түрүүнд анхаарч ажиллах ёстой байгууллага нь танайх шүү дээ?

-Мэдүүлэг өгч байгаа хүн нь өөрийн болон гэр бүл эцэг эх үр хүүхдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Манай комисст ирсэн гомдлуудаас харахад үүнийг эсрэгээр нь ашигладаг. Мэдүүлэг өгөх хүнийг гэр бүлээр нь айлган сүрдүүлж байцаалт авдаг арга олон жил үргэлжилж байна. Үүнийг би та бүхэнд өмнө нь ярьж байсан. ХЭҮК 2011 оноос эхлэн мөрдөх үйл ажиллагааг баримтжуулах зорилгоор цагдан хорих байруудад мэдүүлэг авах өрөөг камер, дуу бичлэгтэй болгохыг шаардсаны үр дүнд 2012 онд нийслэлийн есөн дүүрэгт аймгуудын төвд ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид дээрх нөхцөлийг бүрдүүлсэн. Эрүүгийн тухай хуулийн 25.1.2-т “Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах шаардлага хангасан өрөөнд явуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу УЕПГ-ын 2017 оны зургадугаар сарын 27-ны өдрийн тушаалд “Дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг мэдүүлэг өгч буй хүнийг бүтэн харуулах байдлаар тохируулах ба мөрдөгчийн хөдөлгөөнд бичлэгийн төхөөрөмжийг харах өнцгийг хаахгүй байдлаар суурилуулна. Мэдүүлэг өгч буй хүний нүүр царай болон үйл хөдлөлийг бүрэн хэмжээгээр тусгах зорилгоор нэмэлт төхөөрөмж суурилуулж болно” гэсэн заалт бий. Үүнээс гадуур мөрдсөн байвал эрүү шүүлтийн хэлбэр гэж үзэж байна. Харамсалтай нь орон нутагт энэ тушаал хэрэгждэггүй.

Хүний Эрхийн Үндэсний Комиссыг хүний эрхийг хамгаалах талаар юу ч хийдэггүй мэтээр олон нийт ташаа ойлгодог. УИХ-ын нэр бүхий гишүүн хүртэл манай комиссыг ажлаа хийхгүй байна гэж шүүмжилж байна. Тэр хүн бол Мөрдөн байцаах албыг татан буулгасан есөн гишүүний нэг нь шүү дээ.

-Цагдан хорих байруудад суурилуулсан хяналтын камерт үлдсэн бичлэгийг танай комиссоос харах эрхтэй юу. Хэрэв харах боломжгүй тохиолдолд цаашид хүнийг эрүүдэн шүүх хэрэг гарах эрсдэл нь өндөр байх. Үүний эсрэг цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ ?

-Мөрдөн байцаах шүүх шатанд байгаа хэрэг маргааны талаарх гомдлыг манай комисс хүлээн авахгүй. Тухайн бичлэгийг холбогдох шалгах газрууд үзэж, хяналт тавих ёстой. Аз болоход бид үзээгүй байна. Ерөнхийдөө эрүүдэн шүүлтийн асуудлаар гомдол, мэдээллийг бид хангалттай хүлээн авч, сонсдог. С.Зориг агсны хэрэгт яллагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж, дуу алдаж байгаа нь камертай болсны л үр дүн шүү дээ. Өмнө нь цагдан хорих байрууд дахь хяналтын камерт үлдсэн бичлэгийг УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба хянадаг байсан.

– УИХ-ын гишүүдийн үзсэн бичлэгийг зохиомол байж болзошгүй гэх таамаг байна?

-Бичлэгийг худал, үнэн эсэхийг хэлж чадахгүй. Зохиомол гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Б.Содномдаржаагийн ирсэн гомдолд бичлэгт яригдсан зүйл бүгд тодорхой бий. Тэр гомдолдоо “Намайг дарамталж хилсээр гүтгэж байна” гэсэн зүйлсийг бичсэн байсан. Энэ бичгийн нэг хувийг ҮАБЗ-д илгээсэн байдаг. Бичлэгийн үйл явц нь 2016 оны зургадугаар сард болсон. Ер нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гомдол, мэдээлэлд тэднийг санамсаргүй байхад нь утсанд мессеж ирсний дараа удалгүй толгойд нь уут углан авч явсан. Гэтэл Амгаланбаатар гэх хүнтэй хамт хорьж дарамталсан гэдэг. Энэ хугацаанд тэднийг хэрэг хүлээвэл удахгүй суллагдана гэж хэлсэн юм билээ. Зөвлөсөн ёсоор нь мэдүүлэг өгсөн ч эцэст нь яллагдагчаар татагдсан асуудал байдаг.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн цагдан хорих байруудад суурилуулах байсан Эрүүдэн шүүх зориулалттай сандлуудыг оруулж ирсэн нь одоо байгаа юу?

-Хөдөө орон нутагт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад хөлийг нь дөнгөлж, гарыг нь гавлах зориулалттай шаланд бэхлэгддэг ноцтой сандал байсныг орон нутагт шалгалтаар ажиллах үед илрүүлсэн. Тухайн үед цагдаагийн байгууллагын хашаанд ашиглахад бэлэн, 21 аймаг нийслэлийн есөн дүүрэгт хуваарилагдсан байсан. Энэ асуудлыг тухайн үеийн Хууль зүйн дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинд баримт материалтай хүргүүлж цагдан хорих байруудад ашиглуулахгүй байх шаардлага тавьсны үндсэн дээр тусгай сандлуудыг татсан. Одоогоор Эрүүдэн шүүх зориулалт бүхий тусгай сандлууд ашиглагдахгүй байгаа.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг маш нууц нэрийн дор эрүүдэн шүүсэн байна. Энэ асуудал нууцын зэрэглэлд байсан ч  Хүний Эрхийн Үндэсний Комиссоос бичлэгийг хянаж, хүний эрх зөрчигдсөн тухай олон нийтэд өмнө нь мэдээлэх боломж байсан юм биш үү. Магадгүй эрүүдэн шүүлтийн явцад Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар амь насаа бол яах вэ?

Монголчууд бид аливаа юмнаас зугтах аргаа л олох юм байна шүү дээ. Камертай өрөөнд эрүү шүүлт явуулна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Учир нь бүгд бичлэгт үлдэнэ шүү дээ. Одоо бол мэдүүлэг өгөх хүмүүсийг камертай өрөөнд орохоос өмнө бүх байцаалт, эрүүдэн шүүлтийг явуулж байна. Үүнд л эмзэглэж байна. Энэ асуудал орон нутагт бий. Цагдаа нарт мэдүүлэг өгөгчдийг эрүүдэн шүүхгүй байхыг үргэлж зөвлөж хуулийн дагуу ажиллахыг шаарддаг. Үүнийг шийдэхийн тулд УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг хараат бусаар байгуулах ёстой. Нөгөө талаас манай комисс хариуцсан албан тушаалтанд нь асуудлаа тавьдаг. Олон газарт хандаж байсан. УЕПГ, ТЕГ, ШШГЕГ-т бичиг хүргүүлж байсан. 2016 оны зургадугаар сарын 28-нд Б.Содномдаржаагийн гарын үсэгтэй гомдлын бичгийн талаарх хариу ирж байсан. Бусад нь хариу өгөөгүй. Хэрэв эрүүдэн шүүх явцад мэдүүлэг өгөх хүмүүс амь насаа алдсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцно. Нэг зүйлийг сануулахад, Монгол Улс цаазаар авах ялыг халсны хүчинд С.Зориг агсны хэрэгт буруутгагдсан хүмүүс өнөөдөр амьд байгаа. Хэрэв цаазын ялыг халаагүй байсан бол магадгүй цаазлуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ эмэгтэй хүнийг цаазалдаггүй.

-УИХ-ын гишүүдэд илтгэл бичиг хүргүүлдэг ч үр дүнгээ өгдөггүй гэдэгт та санал нэг байна уу?

-УИХ-д нийт 17 илгэл бичиг хүргүүлсэн. Үүний 13-т Эрүүдэн шүүлтийн асуудлыг тодорхой тусгасан. Уг асуудлыг ярьж байхад УИХ-ын нэр бүхий гишүүн бидэнд “Та нар Эрүү шүүлтээс өөр асуудал ярьдаггүй юм уу. Үүнээс өөр ажил хийдэггүй юм уу”  гэж дайрдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж