УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.04.28/ үдээс хойш хуралдаж, эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцуулсан юм.
Мөнгөн ус нь хүний үйл ажиллагаатай холбоотойгоор болон байгальд өөрөө ялгарч, хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлдөг байна. Энэ бодис нь задарч устдаггүй учраас үүссэн газраасаа хол тархах чадвартай, агаар, ус, хөрс, ургамал, амьтны хооронд урт хугацаанд шилжин хөдөлгөөнд оршиж, хүний тархи, төв мэдрэлийн систем, бөөр, уушгийг гэмтээж, мэдрэлийн системийн гажиг, дутуу хөгжилтэй хүүхэд төрөхөд нөлөөлдөг ажээ.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс 1990 оноос эхлэн 5 жилд нэг удаа дэлхийн мөнгөн усны ялгарлын үнэлгээг хийж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2013 онд хийсэн үнэлгээгээр агаар мандалд ялгарч байгаа мөнгөн усны 37 хувь нь гар аргаар алт олборлогчдын үйл ажиллагаанаас, 24 хувь нь нүүрсний шаталтаас, 10 хувь нь өнгөт металлын олборлолтоос үүсч байгааг тогтоожээ. Түүнчлэн усан орчинд хаягдаж байгаа мөнгөн усны гол эх үүсвэр нь өнгөт металлын үйлдвэрлэл, мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүний хаягдал болон мөнгөн ус ашигладаг уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйг тогтоосон байна.
Энэ бүхнийг үндэслэн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн талаарх Бага хурлаас гаргасан “Бидний хүсч буй ирээдүй” нэртэй хуралдааны баримт бичигт мөнгөн усны талаар дэлхий нийтээр дагаж мөрдөх хэлэлцээрийг бий болгохоор заасны дагуу дэлхийн улс орнууд хүний үйл ажиллагаагаар үүссэн мөнгөн ус болон түүний нэгдлүүдийн үүсэл, ялгарлаас хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийг 2013 онд баталсан агаад манай улс уг конвенцид нэгдэн орохоор гарын үсэг зураад байгаа аж.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс гаргасан аргачлалыг ашиглан манай улсад анх удаа 2011 онд мөнгөн усны ялгарлын тооллого хийхэд улсын хэмжээнд жилд 577.0 тонн мөнгөн ус ялгарч байгаагийн 85.9 хувь нь хөрсөнд, 5.43 хувь нь агаарт, 3.97 хувь нь завсрын бүтээгдэхүүнтэй, 2.6 хувь нь хог хаягдалтай хамт, 1.97 хувь нь усанд, 0.15 хувь нь хог хаягдал устгах болон цэвэрлэх байгууламжид хаягдаж байгаа бөгөөд гол эх үүсвэр нь өнгөт металлын анхан шатны боловсруулалт, мөнгөн ус агуулсан бараа бүтээгдэхүүний хаягдал, нүүрсээр ажилладаг цахилгаан дулааны станц, уурын болон ус халаагуурын зуух гэж тогтоожээ. Иймээс Минаматагийн конвенцийг соёрхон баталснаар хүний эрүүл мэнд, байгаль орчинд онцгой хортой мөнгөн усны хэрэглээ, ялгарлыг бууруулах, хүний эрүүл мэнд, байгаль орчныг мөнгөн усны сөрөг нөлөөллөөс хамгаалах талаарх бодлого боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөнгөн ус агуулсан хаягдлын зохистой менежментийг бий болгоход чухал ач холбогдолтойн зэрэгцээ олон улсын байгууллага, хандивлагч орнуудаас санхүүгийн болон техникийн туслалцаа авах боломжтой болох юм байна.
Сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн юм.
Дараа нь Засгийн газраас энэ сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ тухай хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зорчигчийн урсгал ихтэй тэнхлэг замуудаар нийтийн тээврийн багтаамж ихтэй тээврийн төрөл нэвтрүүлэхдээ эдийн засгийн боломж, зорчигч урсгалын байдлыг харгалзан эхний ээлжинд тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тусгай замын гэгдэх энэхүү нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл нь авто замын 2-4 дэх эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулахаар байгуулдаг онцлогтой агаад нэг чиглэлд 8000-25000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай аж.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам хамтран 2009 оноос тусгай замын автобусны үйлчилгээг нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Азийн хөгжлийн банктай зөвшилцөж, төслийн урьдчилсан судалгаа хийхээр “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл”-ийг 2011 он хүртэл хэрэгжүүлжээ. Харин ажлын цар хүрээ ихтэй, томоохон дэд бүтэц, бүтээн байгуулалтын энэхүү төслийг салбарын бодлоготой уялдуулж санхүүжилтийн эх үүсвэрийг нэгдсэн байдлаар шийдвэрлэх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, гурван үе шаттайгаар 6-8 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Хөтөлбөрийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нийтдээ 215.9 сая ам.доллар, Дэлхийн байгаль орчны байгууллагын буцалтгүй тусламжаар 1.5 сая ам.доллар, манай Засгийн газраас 57 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг гурван үе шаттай хийх юм байна. Хөнгөлөлттэй зээл нь 32 жилийн хугацаатай, эхний 8 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх агаад зээлийн хүү нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1.5 хувь байх аж. Харин хөрөнгийн эх үүсвэрийн зээл нь 20 жилийн хугацаатай, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр зээл нь өрийн хязгаарт хэрхэн нөлөөлөх нь, үр өгөөж нь хэр байх талаар тодруулахад Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Энэ жилийн хувьд санхүүжилтийн асуудал гарахгүй, харин ирэх онд 12.5 сая ам.доллар орж ирэхээр төлөвлөж байгаа тул өрийн хязгаарт нөлөөлөөд байх зүйлгүй” гэсэн бол Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр “Төслийн эдийн засгийн үр өгөөжийг нарийн тооцсон. Энэ нь урт хугацаатай, хүү багатай зээл. Нөгөө талаас тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гол гарц гэж харж байгаа. Төсөл хэрэгжсэнээр хотын түгжрэл багасна, нийтийн тээврийн үйлчилгээ сайжирна, сахилга хариуцлага дээшилнэ, иргэдийн аюулгүй байдалд ч эерэгээр тусна” гэсэн хариулт өгөв.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.