АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд ерөнхийлөгч Майк Пэнс нар өчигдөр /2019.03.27/ Цагаан ордны дугуй танхимд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн гэргийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
ОХУ-ын цэргийн хоёр онгоц Венесуэлд газардсан талаар асуусан сэтгүүлчийн асуултад “ОХУ цэргээ Венесуэлээс даруй гаргах ёстой” хэмээн хариулжээ. Хэрэв гаргахгүй бол хэрхэх талаар “Харж л байя. Олон сонголтууд байгаа. Боломжтой бүх аргыг хэрэглэнэ” гэв.
Харин дэд ерөнхийлөгч Майк Пэнс “Бид үүнийг өдөөн хатгалга гэж үзэж байна. Тиймээс Мадурог дэмжихээ зогсоож, Венесуэл улсад эрх чөлөөг авчрахын тулд Хуан Гуайдог дэмжигч улс орнуудтай нэгдэхийг хүсч байна” хэмээн хариулсан байна.
Каракас болон Москвагийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бэхжүүлж буйн хүрээнд ОХУ-ын хоёр онгоц Венесуэлийн Симон Боливар нисэх буудалд бямба гаригт /2019.03.23/ газардсан. Эхний онгоцоор ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид 100 орчим цэргийн хамт ирсэн бол хоёр дахь онгоц 35 тонн бараа материал тээвэрлэн авчирсан гэж албаны эх сурвалжууд мэдээлсэн юм.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ