“Эрдэнэс Тавантолгой”-г ашигтай ажиллаж байсан гэж Ж.Батзандан гишүүн онцлоод байгаа. Тэрбээр өмнө нь “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-д ажиллаж байх таван тэрбумын дугуй шахсан гэх хэрэгт нэр нь хүртэл холбогдоод авсан тал бий. Энэ асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр хөндөж байсан удаатай. “Эрдэнэс Тавантолгой” компанид долоон тэрбумын “хог” байгааг, тодруулбал нэг бүр нь 160 сая төгрөгийн үнэтэй ашигладаггүй 10 автомашин байгаа талаар Я.Батсуурь нэгэнтээ хэлж байсан билээ.
Харамсалтай нь, төрийн өмчит компанид долоон тэрбумын хог шахсан асуудал нам дарагдаж, үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй өнгөрсөн юм. Мэдээж, тус компанид эрх мэдэл бүхий хүмүүс л хэрэгтэй, хэрэггүй хог шахаж ашиг олсон байж таараа. Түүнээс гудамжинд яваа Дорж, Долгорт тийм эрх хаанаас байх билээ.
Хэрэв “Эрдэнэс Тавантолгой” хувийн компани байсан бол хэн дарга, түшмэл долоон тэрбумын хог шахаж чадахгүй байсан шүү дээ. Тийм болохоор л өр шир ихтэй, хөгждөггүй, дэвждэггүй төрийн компани байх нь хэн нэгэн улстөрчид ашигтай байж магадгүй юм.
Тавантолгойг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай зэрэгцээд “Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид эсэргүүцэл илэрхийлж байгаа. Үнэндээ эсэргүүцээд байгаа тэдгээр хүмүүс бол төсвийн мөнгөөр тансагладаг хэдэн хурган дарга нар л бололтой. Компанид нь долоон тэрбумын хог шахаж байхад чив чимээгүй байснаа Тавантолгойг стратегийн хөрөнгө оруулагчдад даатгах сургаар тэд яагаад гэнэт улс төржих болов оо гэсэн асуулт хөндөгдөж байна.
Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой”-г ашигтай ажилласан гээд байгаа, төрийн өмчит компанийг авч үлдэх гэж адгаж, тэмүүлээд буй хүмүүсийн цаана чухам ямар зорилго, ямар эрх ашиг нуугдаж байгаа нь бас л сонирхол татах биз. Б.Баабарын хэлсэнчлэн төрийн мөнгө ёолдоггүй болохоор хуучин дугуй, ашиглахгүй авто машин шахаад төсвөөс “угжуулаад” суух сонирхол манай зарим улстөрчдөд байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Магадгүй шахааны бизнесээ алдахгүйн тулд “ашигтай” ажилласан гэж хэн нэгэн улстөржөөд байхыг ч үгүйсгэхгүй. Иймэрхүү шахааны газар хэвээр нь үлдээхгүй гэвэл "Эрдэнэс Тавантолгой"-н менежментийн хувинйханд даатгачихвал эдийн засгийн үр ашиг нь илүү өгөөжтэй байх юм.
Ямар ч гэсэн төрд “хог”-оо шахсан хүмүүсийг олж, тэднээс долоон тэрбумыг гаргуулах нь шударга ёсонд нийцэх юм.
М.ЯЛАЛТ