Швед улсад 2018 оны есдүгээр сарын 9-ний өдөр парламентын сонгууль болсон. Грета Тунберг гэх 16 настай есдүгээр ангийн сурагч охин сонгууль болохоос хориод хоногийн өмнөөс буюу наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн сонгууль хүртэл хичээлдээ явахгүй хэмээн нийслэл Стокгольм хотын төвд орших парламентын байрны гадна “Уур амьсгалын эсрэг хичээл хаялт” гэсэн бичиг барин суусан юм. Үүнээс хойш өдөр бүр хичээлийн цагаар ирж суулт хийх болсон бөгөөд байгаль орчны асуудал, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд ихэд санаа зовнидог түүний зорилго нь улсынхаа эрх баригчдыг байгаль орчинд хортой хог хаягдлыг багасгах тухай “Парисын хэлэлцээр”-ийг дагаж мөрдөхийг шаардаж, ард иргэдийг ч мөн үүнд анхааран өөртэй нь нэгдэхийг уриалах байлаа. Эдгээр өдрүүдээс өмнө Швед улсад өмнө тохиож байгаагүй их халуун болж, хээрийн түймэр газар аваад байсан юм. Сонгуулийн дараагаар Грета долоо хоног бүрийн баасан гаригт хичээл хаялтаа үргэлжлүүлэх болсноор олон улсын анхаарлыг татаж, дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг сурагчид, хүүхэд залуус түүнтэй нэгдэх болсон байна.
Ингээд Гретагийн эхлүүлсэн “Friday for future” буюу “Ирээдүйн төлөөх баасан гариг” хөдөлгөөн хүчээ авч өнөөдөр дэлхийн 100 гаруй орны 1,700 орчим хот, тосгоны хэдэн арван мянган сурагч түүнтэй нэгдэн сонгогдсон баасан гаригт хичээлээ орхиж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг жагсаалд нэгдээд байгаа билээ.
Дэлхий даяар олон зуун сургуулиудад зочилж, хэдэн зуун мянган хүүхдүүдийг дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэж, өөрсдийн хувь нэмрийг оруулахыг уриалсан Грета Тунбергийг “Time” сэтгүүл 2018 оны хамгийн нөлөө бүхий өсвөр насны хүүхдээр тодруулав. Дараа нь тэрбээр мөн оны арванхоёрдугаар сард болсон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтад оролцож, дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, удирдагчдын өмнө үг хэлэхдээ тэднийг цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудалд хойрго хандаж буйг шүүмжилсэн.
АСПЕРГЕРИЙН ХАМ ШИНЖТЭЙ ГРЕТА
Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдсан “Давос-2019” дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад ч тэр уригдан очсон юм. Чуулга уулзалтын үеэр арван зургаахан настай, аутизмын нэг төрөл болох аспергерийн хам шинжтэй сурагч охин “Та бүхэн өөрсдийн гэр орноо шатаж байна гээд төсөөлдөө. Эх дэлхий минь яг түүн шиг үгүй болж байна шүү дээ” хэмээн хэлж зочид төлөөлөгчдийг хэлэх үггүй болгосон байна. Грета 2018 оны арванхоёрдугаар сард аспергерийн хам шинж гэх өвчтэй болохоо мэдсэн юм. Тэрбээр мөн "TED Talk"-д оролцож өөрийн илтгэлээ тавьсан. Түүний оролцсон TED Talk-ийг та эндээс үзэх боломжтой.
Аспергерийн хам шинж бол аутизмын нэг хэлбэр бѳгѳѳд хорвоо ертѳнцийг хүлээж авч ойлгох, мэдээллийг боловсруулах, хүмүүстэй харьцах чадваруудын бэрхшээл юм. Аспергерийг аутизмын нуугдмал хэлбэр ч гэж хэлдэг. Ийм өвчтэй хүнийг гаднаас хараад танихад хэцүү байдаг. Түүнээсээ болоод аутизмын бусад хэлбэрийг бодвол хожуу оношлогдох нь олонтаа.
Тэд аутизмын гурвалсан бэрхшээл буюу
-нийгмийн харилцаанд оролцох чадвар,
-хүмүүстэй харьцах чадвар,
-тѳсѳѳлѳх чадвар муутай байдаг. Гэхдээ аутизмын бусад хэлбэрийг бодвол хэл ярианы асуудалгүй, оюун ухааны хѳгжил нь хэвийн, заримдаа бүр ѳндѳр түвшинд байдаг.
ГРЕТА ТУНБЕРГИЙН ХЭЛСЭН ЭШЛЭЛҮҮД
- Уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцах гэж энд цугларсан та бүхнийг хувийн онгоцоороо ирснийг үнэхээр ойлгохгүй байна.
- Удаан хугацааны туршид улстөрчид болон эрх мэдлийг гартаа авсан хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг юу ч хийхгүй, гараа хумхилаа. Тэд бидэнд итгэ гэж хэлэх дуртай. Гэхдээ бидэнд хоосон итгэл биш бодит ажил хэрэгтэй байна.
- Бид өөрсдийн гэрийн даалгавраа хийчихсэн учраас энд нэгдэн жагсаж байна. Харин эрх баригчид хийгээгүй байгаа.
- Өөрсдийн гэрээ шатаж байна гээд төсөөлөөд үз. Үүнтэй адил эх дэлхий минь үгүй болж байна.
- Бага ярьж, их хийх хэрэгтэй. Бидэнд маш гайхалтай боломж бий. Гэхдээ энэ хэвээрээ үргэлжлүүлбэл, бид юунд ч хүрэхгүй.
- Үнэн гэвэл бид бууран, доройтсоор байна. Гэхдээ бүхнийг өөрчлөх цаг бидэнд бий.
- Та нар үр хүүхдүүддээ юунаас ч илүү хайртай гэж амаараа хэлдэг ч, тэдний ирээдүйг нүднийх нь өмнө хулгайлж байна.
ГРЕТА ТУНБЕРГИЙГ НОБЕЛИЙН ЭНХТАЙВНЫ ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭВ
Үеийнхнийгээ зөв зүйлд уриалан дуудаж, тэдний дуу хоолой болж буй түүнийг Шведийн парламентын гишүүн Фредди Аустегард тэргүүтэй улстөрчид энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн. “Цаг уурын өөрчлөлтийн аюул занал бол юу юунаас илүүтэй дэлхийн нийтийн өмнө тулгамдаад буй хамгийн том асуудал юм. Энэ бол дайснаас ч илүү дайсан. Тиймээс Грета Тунберг охины өрнүүлсэн хөдөлгөөн нь дэлхийн энх тайванд асар их хувь нэмэр оруулсан гэдэгтэй олон хүн санал нийлнэ гэж бодож байна” хэмээн Фредди хэлжээ. Фредди Аустегард бол 2017-2021 оны хооронд Норвегийн парламентад ажиллахаар сонгогдсон 24 настай залуу улстөрч юм.
Хэрвээ Грета Тунберг Нобелийн энх тайвны шагналтнаар тодорвол, хамгийн балчир Нобелийн шагналтан болох юм.
Хүүхдийн эрх, тэр дундаа өсвөр насны охидын сурч боловсрох эрхийн төлөө тэмцэгч, 17 настай Малала Юсуфзай 2014 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан билээ. Энэ жилийн 12 дугаар сард шагналтнууд тодрох ба 223 хүн, 78 байгууллага 2019 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн байна.
Холбоотой мэдээ