Үндэсний үйлдвэрлэгчид түймэрт өртсөн иргэдэд тусламж хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.04.28-нд нийтлэгдсэн

Үндэсний үйлдвэрлэгчид түймэрт өртсөн иргэдэд тусламж хүргүүллээ

Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад гарсан түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэд, малчдад эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол учраад байгаа. Тиймээс монгол хүний халуун сэтгэлийн илэрхийлэл болгож, түймрийн аюулд өртсөн иргэдэд тусламжийн гараа сунгахыг Аж үйлдвэрийн яамнаас салбарын нийт аж ахуй нэгж, мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, байгууллага, хамт олонд хандан уриалсан юм. Уриалгыг үйлдвэрлэгчид дэмжиж, “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”- ийн гишүүн байгууллагууд, аж ахуй нэгж, иргэдийн хандивласан эд материал, мөнгөн тусламжийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан, Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газрын дарга С.Балжинням, “Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаа, ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа нар оролцлоо.

Энэ үеэр Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан “Он гарсаар нийт 100 гаруй удаагийн түмэр бүртгэгдсэн гэсэн мэдээлэл байна. Ялангуяа зүүн гурван аймагт гарсан ой хээрийн түймэрт малчид ихээр өртөж, эд материалын болон сэтгэл санааны хохирол амсаад байна. Тиймээс ч Аж үйлдвэрийн яамнаас санаачлан салбарын үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллага, хамт олонд хандан уриалга гаргасан бөгөөд манай яамны бүх ажилчид нэг өдрийнхөө цалинг хандивлалаа. Үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоодууд эхнээсээ хандив өргөж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань түймэрт өртсөн иргэд, малчдад тусламж хүргүүлж байгаа нь сайшаалтай. Энэ бол зөвхөн эхлэл гэж харж байгаа. Цаашид олон үйлдвэрлэгч туслана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Харин ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа “Өнөөдрийн байдлаар 19 аж ахуй нэгжийн 153 сая төгрөгийн хандив, тусламж цугласныг гал түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад хүргүүлээд байна” гэсэн юм.

Мөн ”Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны бэлэн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч “Тусгай зориулалтын хөдөлмөр хамгааллын гутал гэхээсээ илүү малчид, иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд зориулсан хүүхдийн болон том хүний гутал бэлдлээ. Мэдээж тэнд ажиллаж байгаа ОБЕГ-ын алба хаагчдад зориулсан тусгай зориулалтын гээд нийтдээ 50 хос гутлыг хандивлалаа” гэсэн бол “Говь” ХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Тэгшжаргал “Малчид бол "Говь" ХК-ийн хамгийн чухал харилцагч. Тиймээс ч зүүн гурван аймагт гарсан гал түймэрт өртөж, мал, орон гэргүй болсон иргэддээ тусламж хүргүүлж байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 40 айл орон, гэргүй болсон тухай мэдээлэл авсан учраас 40 ширхэг ноолуурын орцтой оёмол хөнжлийг хандивлаж байна” гэдгээ энэ үеэр онцолсон юм.

Гамшигт өртсөн малчид ард, иргэдэд туслах аянд МТОТ ХХК мөн нэгджээ. Тус компанийн хамт олон 500 маск, зузаан ултай арьсан 20 хос гутал, 20 ширхэг ажлын хувцас, бээлий зэрэг иж бүрэн хамгааллын хувцас тусламжийг хүргүүлж байгаа аж. Мөнгөн дүнгээр авч үзвэл 2.1 сая төгрөгийн үнэ бүхий бараа, 200 мянган төгрөгийн хандив багтжээ.

Г.НАРАН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж