Мадрид дахь БНАСАУ-ын ЭСЯ-нд халдагсад хэн байв

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Мадрид дахь БНАСАУ-ын ЭСЯ-нд халдагсад хэн байв

Мадрид дахь БНАСАУ-ын ЭСЯ-нд халдагсад хэн байв

Испанийн нийслэл Мадрид хот дахь БНАСАУ-ын Элчин сайдын яаманд өнгөрсөн хоёрдугаар сарын 22-ны шөнийн 02.15 цагийн орчимд үл таних 10 этгээд халдсан хэрэг гарсан. Тэд тус ЭСЯ-ны ажилтнуудыг хүлж, гар утас, компьютерууд зэрэг техник хэрэгслүүдийг нь дээрэмдэн авч явсныг гаднын хэвлэлүүдэд мэдээлсэн билээ.

Хэрэг гарсны дараахан Испанийн үндэсний тагнуулын албанаас энэ хэрэгт АНУ-ын Тагнуулын Төв Газар (CIA) холбоотой байж болзошгүй талаар мэдэгдсэн юм.

ВВС агентлагийн мэдээлснээр, тус улсын хууль хүчнийхэн Мадрид дахь Элчин сайдын яамны ажилтнуудаас мэдүүлэг авч, хяналтын камерын бичлэгийг шалгасны дараа халдсан хүмүүсийн хоёр нь АНУ-ын Тагнуулын төв газартай холбоотой, бусад нь Солонгосын иргэд байсныг тогтоожээ. Гэвч АНУ эл мэдэгдлийг үгүйсгэсэн байна. Мөн ВВС агентлаг дээрх бүлэг этгээд Элчин сайдын яаманд байсан найман хүнийг зодож, эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл нийтэлсэн билээ.

ЭСЯ-нд ажилладаг нэг эмэгтэй зугтаж, барилгын хоёр давхрын цонхоор тусламж дуудаж хашгирсан байна. Түүнийг харсан хүмүүс цагдаа дууджээ. Цагдаагийн ажилтнуудыг ирэхэд ази царайтай эрэгтэй хаалган дээрээс угтаж, Элчин сайдын яамны ажилтнууд сайн байгаа, юу ч болоогүй тул санаа зоволтгүй гэж хэлсэн байна. Үүнээс хэдэн минутын дараа хаалга тайлсан эрэгтэй бүлэг этгээдийн хамт дипломат албаны хоёр машинаар хар хурдаараа зугтсан байна. Мөн цагдаа нар барилга дотроос толгойд нь уут угласан, хүлээстэй найман хүн олж, хоёрт нь эмнэлгийн тусламж үзүүлжээ.

“Washington Post” сонинд мэдээлэхдээ, нүүрээ халхалсан үл таних этгээдүүд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хэлэлцээг ахалж буй дипломатч Ким Хёк Чолын талаар мэдээлэл олж авахын тулд ийнхүү халдсан гэж испаничууд таамаглаж байна гэжээ. Учир нь Ким Хёк Чол Испанид суух Хойд Солонгосын Элчин сайдаар ажиллаж байгаад, 2017 оны есдүгээр сард албадан нутаг буцсан байна.

“El País”, “El Confidencial” хэвлэлүүдэд Испани улсын эрх баригчид энэ хэрэгт АНУ-ын тагнуулын алба болон холбоотнуудыг нь сэжиглэж байгаа талаар мэдээлжээ.

БНАСАУ-ын одоогийн эрх баригчдын эсрэг тэмцдэг “Cheollima Civil Defense” буюу “Free Joseon” нэрээрээ танигдсан нууц байгууллага гуравдугаар сарын 27-ны өдрийн мягмар гаригт дээрх халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн гэж Reuters агентлаг уламжлав.

Тус байгууллага нь Ким Жон Ун болон түүний дарангуйлагч дэглэмийг түлхэн унагаах зорилготойг эх сурвалжуудад мэдээлсэн нь бий. “Cheollima Civil Defense” байгууллагаас гуравдугаар сард тус улсын иргэд болон гадаадад буй эх орон нэгтнүүдээ Пёньяны эрх баригчдын эсрэг тэмцэхийг уриалсан аж. Тус байгууллагын гишүүд Пёньяны дэглэмийг түлхэн унагаасны дараа ажиллах түр засгийн газар хүртэл эмхлэн байгуулжээ.

Испанийн Засгийн газрын мөрдөгчид дээрх хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж буй аж. Өнгөрсөн лхагва гаригт Испанийн Үндэсний шүүхийн хэвлэлийн албанаас шүүгч Хосе де ла Мата тус Элчин сайдын яаманд халдаж, дээрэмдсэн хэрэгт сэжиглэгдэж буй хоёр этгээдийг баривчлах зөвшөөрөл өгснийг мэдээлэв.

“РИА Новости” агентлагийн мэдээлснээр, АНУ-д оршин суудаг, Мексикийн иргэн Адриан Хон Чаныг энэ хэрэгт холбогдуулан баривчлах зөвшөөрөл өгсөн байна. Мөн АНУ-ын иргэн Сама Люг баривчлахыг зөвшөөрчээ. Тэрбээр Өмнөд Солонгост төрсөн, АНУ-ын иргэн аж.

Адриан Хон Чаныг халдлага үйлдсэн бүлэг хүмүүсийг толгойлсон байж магадгүй гэж үзэж буй аж. Тэрбээр Мадрид дахь Хойд Солонгосын ЭСЯ-нд халдсан хэргээс хойш хэд хоногийн дараа АНУ-д ирж, Холбооны мөрдөх товчооныхонтой холбогдон, дипломат байгууллагаас дээрэмдэж авсан материалуудаа өгсөн гэжээ.

Испанийн шүүхийн мэдээллээр, халдлагад оролцсон этгээдүүд бүгд тус улсаас гарцгаажээ. Энэ хэрэгт оролцсон таван этгээд Өмнөд Солонгосын иргэд болохыг тогтоосон байна. Тэд хэн нэгний зааварчилгаагаар бус өөрсдөө ЭСЯ-нд халдсан бөгөөд “Хойд Солонгосыг чөлөөлөх зорилготой хүний эрхийн төлөөх” хөдөлгөөний гишүүд гэдгээ мэдэгдсэн гэж шүүхийн баримт бичигт дурджээ.

Мадрид дахь Хойд Солонгосын ЭСЯ-нд халдсан 10 хүний долоо нь баривчлах хүмүүсийн жагсаалтад орсон байна. Испанийн шүүхээс тэдэнд бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, дээрэм хийсэн болон гэмт бүлэглэлд элсэн орсон зэрэг зургаан зүйл ангиар хэрэг үүсгэжээ.

CNN агентлаг мэдээлэхдээ, “Cheollima Civil Defense” байгууллагаас гаргасан мэдэгдэлд "Энэ бол халдлага биш. Бид ЭСЯ-нд уригдаж ирсэн, бид хэнийг ч зодож цохиогүй. ЭСЯ-ныхан хүндэтгэлтэй, болгоомжтой хандаж байсан, бид ямар нэгэн зэвсэг хэрэглээгүй хэмээн тэмдэглэсэн" гэжээ.

Эх сурвалж: CNN, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж