Монголын анхны сургалтын эмнэлэг зургадугаар сард ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Монголын анхны сургалтын эмнэлэг зургадугаар сард ашиглалтад орно

Монголын анхны сургалтын эмнэлэг зургадугаар сард ашиглалтад орно

Монголын эрүүл мэндийн салбарын боловсон хүчний 95 хувийг бэлтгэдэг АШУҮИС-ийн сургалтын эмнэлэг буюу Монгол-Японы сургалтын эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо буюу Амгаланд байрладаг тус эмнэлгийн барилгын ажил 2016 онд эхэлсэн бөгөөд 2018 оны долдугаар сард эмнэлгийг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан ч одоог болтол ашиглалтад ороогүй байгаа билээ. Монголд анх удаа баригдаж байгаа сургалтын эмнэлгийг ЖАЙКА-гийн буцалтгүй тусламжаар барьж байгаа юм. Тус эмнэлэгт II, III шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ резидент буюу дадлагажигч эмч нарыг дадлагажуулна.

Япон технологиор эмнэлгийг бариад зогсохгүй, хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж, боловсон хүчин, эмчилгээ, үйлчилгээ гээд бүх талаараа Японы эмнэлгийн үйлчилгээг нутагшуулж, “жинхэнэ” эмнэлгийн үйлчилгээг Монголчуудад мэдрүүлэх гэнэ. Жил бүр "нүүрээ угаагаад" ч өнгө ордоггүйн дээр ачаалал ихтэй, эмч, сувилагчид нь уцаартай гээд улсын эмнэлгийн үйлчилгээг хүн бүр голдог. Тэгвэл сургалтын эмнэлгээр дамжуулан өндөр хөгжилтэй орны эмнэлгийн үйлчилгээ ямар байдгийг мэдрүүлэх юм байна. Япон мэргэжилтний хэлсэнчлэн сургалтын эмнэлэг нь "Японд байна уу, Монголд байна уу" гэж эндүүрэхүйц үйлчилгээ үзүүлэх аж.

Төслийн хүрээнд хоёр хэлбэрээр хамтран ажиллаж байгаа юм. Үүний нэг нь Японы буцалтгүй тусламжаар барих эмнэлгийн барилгын ажил. Хоёр дахь нь, сургалтын эмнэлгийн техникийн хамтын ажиллагаа. Техникийн хамтын ажиллагааны хүрээнд Япон, Монгол сургалтын эмнэлгийн хүний нөөцийг чадавхжуулж, менежментийг боловсруулах юм.

МОНГОЛЫН ТАЛААС 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЖ БАЙГАА

Барилгын ажилтай танилцах үеэр АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Эмнэлгийн барилгыг өнөөдөр/2019.03.28/ улсын комисст хүлээлгэж өгнө. Ингээд дөрөвдүгээр сарын 1-нд барилгыг хүлээн авах ёслол болж, зургадугаар сарын 17-нд амбулатори туршилтын журмаар ажиллаж, нээлтээ хийнэ. Дараа нь, наймдугаар сараас хэвтэн эмчлүүлэх тасаг ажиллана. Ингээд 2019 оны арванхоёрдугаар сар гэхэд эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллана.  Хоёр дахь төсөл буюу менежментийн төсөл үргэлжилж байгаа. Менежментийн төсөл нь 2016 оноос эхэлсэн, таван жил үргэлжилнэ. Энэ хүрээнд Монгол Улсад эмчлэх боломжгүй байгаа 26 төрлийн өвчнийг цөөлнө. Дэлхийд ашиглаж байгаа техник технологийг нутагшуулна. Менежментийн төсөл хэрэгжсэн хугацаанд эх орондоо 12 удаа сургалт зохион байгуулсан. Сургалтыг 200 гаруй япон зөвлөх, мэргэжилтнүүд явуулж, 1400 гаруй хүнийг хамруулсан байна. Мөн Японд есөн удаа сургалт зохион байгуулж, 66 эрдэмтэн, профессор хамрагдсан.

Гуравт, тоног төхөөрөмжийн төсөл хэрэгжээд ерөнхийдөө дуусч байна. Японы талаас 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж суурилуулж байгаа. Монгол Улсад байхгүй, хамгийн сүүлийн үеийн компьютер томограф, ангиографи зэрэг төхөөрөмжүүд үүнд багтаж байгаа. Монголын талаас 2.7 тэрбум төгрөгийн зургаан багц төхөөрөмж нийлүүлж байгаа. Барилгын гадна талд бага зэргийн ажил үлдсэн байгаа. Үүнийг зургадугаар сард багтаагаад дуусгана. Монгол анх удаа сургуулийн эмнэлэг байгуулагдаж байгаа болохоор эрхзүйн хувьд асуудал үүсч байгаа ч сургуулийн эмнэлгийн талаарх зүйл заалтыг удахгүй оруулна” гэлээ.

7.9 ТЭРБУМ ИЕНЭЭР БАРЬЖ БАЙНА

ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико “Япон, Монгол сургалтын эмнэлэг төслийг долоон тэрбум 986 сая иенийн буцалтгүй тусламжаар барьж байгаа нь дэлхийд дээгүүр үнэлэгдэх өртөгтэйд тооцогдож байгаа. Япон, Монголын хамтын ажиллагаа 1977 оноос эхэлсэн. Тухайн үед Японы буцалтгүй тусламжаар “Говь” комбинатыг байгуулж байсан.Үүнээс хойш техник хамтын ажиллагаа, иенийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж хэлбэрээр нийт 291.9 тэрбум иенийн төсөл хөтөлбөр дээр хамтран ажиллаад байна ” гэлээ.

ЭМНЭЛГИЙГ 270 ТӨРЛИЙН ХЭРЭГСЭЛ ДАГАЛДАНА

Барилгын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Azusa Sekkei” компанийн мэргэжилтэн Миёши Оно  “Эмнэлгийн барилга хугацаандаа ашиглалтад орж чадаагүйд барилгын ажлын үед цаг агаарын хүндрэл үүссэн, барилгын материалын импорт удаашралтай байсан зэрэг нөлөөлсөн. Барилгыг томограф, ангиографи, рентген аппарат, клиник оношилгооны төхөөрөмж, хэвтэн эмчлүүлэгчийн ор, тэргэнцрээс эхлээд 270 төрлийн хэрэгсэл дагалдах болно. Энэ бүхэн 13.6 тэрбум иен төгрөг болж байгаа. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажил дөрөвдүгээр сарын 8-нд дуусна” гэсэн юм.

Сургалтын эмнэлэг нь 15 мянган ам метр талбайд байрлах бөгөөд амбулатори, дүрс оношилгоо, дуран, яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, мэс засал, лаборатори, эмийн сан, ариутгал, гал тогоо, бичиг хэрэг, захиргаа, сургалтын танхим, эмчийн үзлэгийн кабинет, морог зэрэг хэсгээс бүрдэж байна.  Мөн хэвтэн эмчлүүлэх 104 ортой аж.

Түүнчлэн Япон, Монгол сургалтын эмнэлэг нь Баянзүрх дүүргийн иргэдэд нэгдсэн эмнэлгийн, улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж