Түрээсийн байр, төв цэвэрлэхтэй “ноцолдож” дуусдаггүй сайд

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Түрээсийн байр, төв цэвэрлэхтэй “ноцолдож” дуусдаггүй сайд

Түрээсийн байр, төв цэвэрлэхтэй “ноцолдож” дуусдаггүй сайд

NEWS агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Барилга, хот байгуулалтын яамыг онцолж байна


Хэдхэн хоногийн өмнө барилгын салбарын удирдах ажилтнууд Төрийн ордонд зөвлөлдөв. 2018 оны ажлаа дүгнэж, 2019 онд барилгын салбарт хийх ажлын төлөвлөгөө ярилцав. Улс орны хөгжил, бүтээн байгуулалтад хамгийн чухал үүрэгтэй тус яам болон салбарын сайд нь энэ Засгийн газартаа хамгийн “чимээгүй” сайд нь гэхэд болно. Угтаа бол утааг бууруулахад гар бие оролцох, нийслэлийг өмхий үнэрээс нь салгах гээд тус яам хамгийн их ажилтай, завгүй байх ёстой. Гэвч Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан томилогдсоноос хойш баасны үнэр багасаагүй, барилгажуулалт лав хөдөлсөнгүй.

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХЭЗЭЭ ЭХЛЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Хүн амынх нь тал хувь нь амьдарч байгаа нийслэлийн иргэдийг орон сууцжуулах, бодлогоор дэмжих нөхцөлийг нь бүрдүүлэх үүрэгтэй тус яам “Буянт- Ухаа” түрээсийн орон сууцны асуудлыг ч шийдэж чадаагүй өнөөдрийг хүрчээ. Зах зээл дээр хоосон барилга олон ч  урьдчилгаа 30 хувиа төлөөд найман хувийн зээлд хамрагдах зах зээл хахсан учраас төр арай өөр бодлого явуулах ёстой хэмээн томилогдсоныхоо дараахан хэлж байсан удаатай. Сангийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж, ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулах ажлын хэсэг байгуулсан ч Засгийн газар ОУВС дэмжихгүй гэдэг шалтгаанаар энэ асуудалд цэг тависан. Нэгэнт зах зээл нь хахсан учраас түрээсийн орон сууцыг барьж, иргэдээ орон сууцжуулах асуудлыг шуурхайлах үүрэгтэй. Гэвч өнөөдрийг хүртэл “Буянт-Ухаа-2” хороолол хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна. "Буянт Ухаа 2" хороололд барьж буй 972 айлын түрээсийн орон сууц барилгын ажлын явц болон тус орон сууцад айл өрхүүдийг түрээсээр оруулахдаа сугалаагаар хуваарилах уу эсвэл өөр журмаа шийдэх эсэх талаар Төрийн орон сууцны корпорацийн захирал Ж.Хичээнгүй "Түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг  өмнөх журмаар  заавал өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсан бол шинэ журмаар  цахимаар бүртгэж, шалгуурын дагуу эрэмбээр тогтооно. Одоогоор бүртгэл эхлээгүй  байна. Орон сууц ашиглалтад орж улсын комисс хүлээж авсны дараа Засгийн газрын хуралдаан болон Хөгжлийн банкны хурлын шийдвэрээр  "Буянт Ухаа 2" хорооллын 972 айлын орон сууцыг "Түрээсийн орон сууц" хөтөлбөр рүү шилжүүлэх  үү эсвэл худалдан борлуулах уу гэдэг нь шийдэгдсэний дараагаар бүртгэл эхэлж холбогдох журмууд нь батлагдана” гэжээ.

ЭНЭ ЖИЛ 1512 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ АШИГЛАЛТ "ОРУУЛНА"

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-ыг батлуулан, Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хоёр  дахин нэмэгдүүлж, 500 тэрбум төгрөгт хүргэх эрхзүйн нөхцөлийг бүрдүүлснийг хэлж буй. Мөн  “Монголын ипотекийн корпораци” ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэхээр 300 сая ам.долларын бондыг гадаад зах зээлээс амжилттай босгосон гэдгээ хэлж буй. "Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн оны аравдугаар сард багтаан дөрвөн аймаг болон нийслэлд нийт 1542 айлын орон сууцыг барьж дуусган ашиглалтад оруулна хэмээн өнгөрсөн хугацаанд яригдсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад хүлээж аваагүй байгаа ч энэ жил улсын хэмжээнд 1512, нийслэлд 972 айлын түрээсийн орон сууц ашиглалтад оруулна хэмээн салбарын удирдлагууд хэлж байгаа.

ЭНЭ ХАВАР ЛАГИЙГ БҮРЭН ҮНЭРГҮЙЖҮҮЛЖ ДУУСГАНА

Сүүлийн хэдэн жил нийслэлчүүдийг утаж буй өмхий үнэр урин цаг ирэхээр үнэртэж эхэлдэг. Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжийг  БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хуримтлагдсан лагийг бүрэн боловсруулах, үнэргүйжүүлэх, дахин ашиглах технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж  байна. Шинэ төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж, энэ онд лагийг үнэргүйжүүлж дуусгахаар төлөвлөсөн. Хэрэв энэ хавар өмхий үнэр арилаагүй бол Х.Баделхан сайдын толгойтой ярина хэмээн Ерөнхий сайд хэлж байсан. Х.Баделхан сайдын “баасны” үнэр арилсан эсэхэд удахгүй нийслэлчүүд дүн тавина.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж