Ерөнхийлөгчийн “хүсэлд” Цэц цэг тавих уу?

Хуучирсан мэдээ: 2019.03.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн “хүсэлд” Цэц цэг тавих уу?

Ерөнхийлөгчийн “хүсэлд” Цэц цэг тавих уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон цагаасаа хойш АТГ,  прокурор, шүүхийн байгууллагатай “дайн” зарлаж ирсэн. Тиймдээ ч АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-д хоёр удаа оруулж ирж, өөрийн хүмүүсээ томилох саналыг УИХ-д хүргүүлж байв. Харин түүний гурав дахь удаагийн оролдлого МАН-ын 65-ын бүлгийн гишүүдийн дэмжлэгтэйгээр биеллээ оллоо.

Түүний хүссэнчлэн УИХ-ын ээлжит бус чуулган АТГ, прокурор, шүүхийн байгууллагын удирдлагуудыг зөвхөн гурван хүний шийдвэрээр чөлөөлдөг болох зохицуулалттай хуулийг баталлаа.

УИХ-ын чуулганы энэ удаагийн хуралдаан хууль тогтоох дээд байгууллагын үүргээ гүйцэтгэсэн гэхээс илүүтэй эрх мэдэл, албан тушаал, хуулийн байгууллагад хэн нь “эзэн” суухыг шийдэхийн тулд Үндсэн хуулиа “уландаа гишгэв”. Ингэхдээ олон нийтийн санал, шүүмжлэл, мэргэжлийн хуульчдын зөвлөгөө, УИХ дахь хуульч гишүүдийнхээ саналыг ч үл тоон шийдвэр гаргасан юм.

Монгол Улсын ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу АТГ, прокурор, шүүхийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх хуулийн төслийг Ерөнхийлөгч ээлжит бус чуулган хаахын өмнө өргөн барьж, УИХ-ын дарга захирамж гаргав. Ингэхдээ хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар яаралтай горимоор хэлэлцэх чиглэл өгсөн. Үүний дагуу Засгийн газар ч ээлжит бусаар хуралдаж, хуулийн төслүүдийг дэмжиж байгаагаа мэдэгдсэн юм. Ийнхүү нэг өдөр бүхэл бүтэн хуулийн байгууллага, Үндсэн хуульд ч харшлахаар хуулийн төслийг Засгийн газар, УИХ хэлэлцэхийг дэмжив.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын хуульч гишүүд сууж, Үндсэн хуульд харшлах заалтыг нь засварлах, зөөлрүүлэх “дүр” эсгэсэн заалтуудыг оруулж ирсэн. Гэвч чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн саналыг унагасан учраас Ерөнхийлөгчийн өргөн барьсан анхны төслөөрөө эцэслэгдэн батлав. Ингэхдээ зөөлрүүлэх заалт оруулж ирсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хүртэл хуулийн төслийг дэмжиж санал өгсөн учраас дүр эсгэсэн өөрчлөлт байв уу гэж хардмаар. Гэхдээ хууль батлахын өмнө С.Зориг агсны амь насыг хохироосон яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд хаалттайгаар үзүүлснээр хуулийн төсөл хэдхэн минутын дотор л батлагдахад хүрсэн байж болох.  Эрүүдэн шүүсэн гэх уг бичлэгийг ард түмэнд, гишүүдэд ч харуулж эргэлзээг нь тайлах оролдлого зөвхөн хууль батлахад зориулагдаад нууц хэвээр үлдэж магадгүй нь. Сүүлийн хэдэн сарын турш эрүү шүүлтийн талаар ярьсан Засгийн газрын гишүүд толгой сэгсэрч, бичлэгийг олон нийтэд үзүүлж болохгүй, улс орны нэр хүндийн асуудал хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотгов. Өнгөрсөн хугацаанд хууль шүүхийн байгууллага дур зоргоор аашилж, эрх мэдэлтнүүдэд үйлчилж, эрүүдэн шүүлт явуулж, хилс хэрэгт хэлмэгдүүлсэн, хэсэг бүлэг хүмүүсийн заавраар хөдөлдөг байсан нь ийнхүү ҮАБЗ-ийн хэмжээнд хүрсэн гэж тайлбарлаж буй.

Одоо тэд зөвлөмжөө гаргаж, халаа сэлгээгээ эхлүүлнэ. Харин дараагийн томилогдох хүмүүс ҮАБЗ-ийн гурван гишүүний заавраар эрүүдэн шүүхгүй, хилсээр хэлмэгдүүлэхгүй, тэдэнд үйлчлэхгүй гэх баталгаа бий юу.

Энэ мэт ирэх өдрүүдэд өрнөх томилгоо, хэн ямар шийдвэр гаргахаас илүү тодорхой болох биз ээ. Олон нийт, зарим хуульчдын зүгээс хуулийн төслийг баталж болохгүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. Сөрөг хүчин Ардчилсан нам ч гэсэн ийм байр суурьтай байсан учраас хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэн хурлыг орхин гарч байв. Хууль шүүхийн байгууллагын шударга бус, захиалгатай шийдвэртэй тэмцэх цаг нь болсонтой хэн бүхэн санал нийлж буй. Гагцхүү үүнийг өөрчлөхийн тулд хэдэн дарга солиод өргөс авсантай адил болно гэдэг юу л бол. Тиймээс ч энэ парламентын “Цэц” гэгддэг Д.Лүндээжанцан гишүүний хэлснээр ер нь бид цаашид хууль, шүүхийн байгууллагын хуулиудаа шинэчлэх, өнөөдрөө аргацаасан нэмэлт, өөрчлөлтөөр хол явахгүй шүү гэдгийг хэлсэн нь учиртай биз. Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал Цэц дээр маргаан үүсгэгдэнэ. Харин Үндсэн хуулийн Цэц ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь хамгийн их хүлээлт үүсгэх нь. Хэрэв УИХ-ын энэ шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзвэл УИХ энэ хуулиа эргэн харах шаардлагатай болно. Тиймээс дээрээ хөх тэнгэртэй, Үндсэн хуулийн манаачдын шийдвэр цаашдын хувь заяаг хэрхэхийг чиглүүлнэ.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж