Хүний эрхийн дэд хорооны хуралдаан өнөөдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шалгалтын дүнг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд уг дүнг хаалттай хэлэлцэх санал гарсан ч олонхи гишүүн “Нээлттэй хэлэлцэх нь зөв” хэмээн үзсэн юм.
Хүний эрхийн үндэсний комиссоос 445 сэжигтэн болон яллагдагч нарын дунд санал асуулга явуулжээ. Ингэхдээ “Таны гомдлыг хугацаанд нь шийдсэн үү” гэсэн асуултад 13 хувь нь “Шийдсэн” гэсэн хариулт өгсөн бол 47 хувь нь “Шийдвэрлээгүй”, 39 хувь нь хариулт өгөөгүй юм байна.
Мөн хэрэгтэй танилцуулаагүй, шүүх болон прокурорын зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон, 72 цагаас илүү хэтрүүлж хорьсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар /ШШГЕГ/ нь дур мэдэн сэжигтэн, яллагч нарыг нэг хорихоос нөгөө хорих руу сэлгэдэг зэрэг асуудал ч энэхүү шалгалтын шатанд хөндөгдсөн аж.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд яагаад ийм асуудал үүсэв гэдгийг холбогдох газруудаас тодруулахад үгүйсгэлээ. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтан “2014 онд 997 сэжигтэн, яллагдагчийг шүүх, прокурор мөрдөн байцаагчийн захирамжаар хорьсон байдаг. Тогтоолгүйгээр хорино гэж байхгүй. Хэрвээ шалгалт хийх явцад тогтоол нь байхгүй байсан бол түүнийг хаачив гээд ангийн захирагчаас асууж болох л байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар нь дур мэдэн шийдвэр гаргаж, бусдыг хорих эрх үүрэг байхгүй” гэсэн тайлбар хийлээ.
Ерөнхий прокурорын газрын холбогдох албан тушаалтан мөн “Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан дүгнэлт нь гоомой болсон. Энэ шалгалтыг хийхдээ Прокурорыг оролцуулаагүй. 72 цагаас илүү хүн хорьсон асуудал байхгүй, хорих ангид прокурор 24 цагаар ажилладаг. Гагцхүү шийдвэр нь хугацаандаа амжиж очсон уу гэдэг асуудал байж болох юм. Энэ асуудлыг Хүний эрхийн үндэсний комисс шалгаж нягталж болох л байсан. Санал асуулга ч бас бодтой дүгнэлт болох уу гэдэг эргэлзээтэй” гэсэн тайлбар хийж үгүйсгэв.
Үүнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж “Гоомой дүгнэлт хийсэн гэж хэлж болно. Гэхдээ прокурорыг оролцуулахгүйгээр шалгалтыг гэнэт хийхгүй бол бэлддэг. Тусгайлан бэлтгэсэн зүйл дээр бид очоод хэрэггүй. Бичиг хэрэг дээр бүртгэгдээгүй байсан гэдэг зүйлийг ярьж байх шиг байна, тийм байх ёстой юм уу. Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлт нь нотлох албагүй, байгаа байдлыг нь гаргаж ирэх. Хийсэн хяналт шалгалтдаа эзэн нь болно. Санал асуулга бол дэлхий нийтэд хэрэглэдэг арга. Ер нь бид энэ асуудлыг хаалттай хэлэлцэж, нэг сайн ойлголцож цаашдаа авах арга хэмжээний талаар ярих шаардлага байсан. Гэвч хаалттай хийсэнгүй.
Ийм хүнд хүмүүстэй ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрлөх эрх ч зөрчигдөж л байгаа. Энэ дагуу Хүний эрхийн үндэсний комиссоос хорих ангийн ажилтан албан хаагчид сэтгэл зүйч хэрэгтэй байна гэдэг асуудлыг тавьж, хөрөнгө мөнгийг шийдэж өгөхийг хүссэн ч төсөвт тусгаагүй. Зөвхөн яллагдагч, сэжигтэн нарт сэтгэл зүйн зөвлөгч ажиллаж байна. Бид энэ онд хөдөлмөрлөх эрхийн зөрчилд анхаарал хандуулж ажиллах болно” гэсэн хариулт өгсөн юм.
Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос хийсэн шалгалтын мөрөөр 461 дүгээр анги зөрчлөө арилгах чиглэлээр олон ажил хийсэн гэдэг мэдээллийг талууд мөн өгч байлаа.
Г.ДАРЬ