Х.Нямбаатар: Зөвхөн эрүүдэн шүүсэн нь батлагдвал чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар: Зөвхөн эрүүдэн шүүсэн нь батлагдвал чөлөөлнө

Х.Нямбаатар: Зөвхөн эрүүдэн шүүсэн нь батлагдвал  чөлөөлнө

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд зарчмын зөрүүтэй санал УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил нараас санал гаргаж,  эрүүдэн шүүсэн тохиолдолд шүүгч, цагдаа, АТГ, прокурорын даргын эрх мэдлийг түдгэлзүүлж эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл арга хэмжээг ногдуулах зарчмын зөрүүтэй саналыг оруулсныг байнгын хороодын гишүүдийн олонх нь дэмжсэн юм.


Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Нямбаатараас тодрууллаа.

-Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр гарсан зарим саналууд анхны оруулж ирснээс өөрчлөгдсөн шүүмжлэл дагуулаад байна?

-Нэр бүхий гишүүд хууль санаачлагчийн өргөн мэдүүлснээс тэс өөр хуулийн төсөл оруулж ирэх асуудал яригдсан. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн шинж чанартай, эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон тэр албан тушаалтныг шууд огцруулсугай гэсэн агуулгатай төсөл орж ирсэн. Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудал дээр хууль хяналтын байгууллагын удирдлагыг огцруулах заалт нь өөр. Өөрөөр хэлбэл, ШЕЗ-ийн саналаар огцруулж чөлөөлдөг. Энэ хууль батлагдвал Үндсэн хууль зөрчсөн асуудал болно гэсэн байр суурьтай гишүүд ч байгаа. Мөн зарим гишүүдийн зүгээс эрүүдэн шүүсэнтэй холбоотой зөвлөмж гаргах ёстой. Тэр тохиолдолд төслийг дэмжих боломжтой гэсэн. Тиймээс энэ хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн дагуу эрүүдэн шүүлт бодитой болсон гэх нөхцөл байдал бүрэлдсэн бол оролцлогч орсон даруй арга хэмжээ авна гэсэн хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх зохицуулалтыг оруулсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38.1.8-д ҮАБЗ-өөр гэдгийн өмнө “Эрүүдэн шүүсэн нь хангалттай нөхцөл байдал бүрэлдсэн нь тогтоогдсон” гэж оруулахаар болсон. Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуульд яг ийм заалт орсон байгаа.

-Энэ хэвээр батлагдвал АТГ-ын дарга чөлөөлөгдөхгүй үлдэнэ гэсэн үг үү. С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг АТГ-аас шалгаагүй шүү дээ?

-Тэрийг би мэдэхгүй. Эрүүдэн шүүсэн бичлэгийг одоо үзэх гэж байна.

-Эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол хуулийн байгууллагын өмнөх удирдлагуудад хариуцлага тооцох уу?

-Тэгнэ. Хариуцлага тооцно.

 -Хэдэн хүнд хариуцлага тооцох вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан С.Зоригийн хэргийг Анхан болон давж заалдах шатны гурван шүүгч, хяналтын шатны таван шүүгч шийдсэн. Прокурорын байгууллагаас ажлын хэсэг ажилласан. Тагнуулын байгууллагаас шалгасан. Маш их нууцалж байсан учир ямар хам хүрээтэй энэ хэргийг шалгасныг мэдэхгүй.  “Бид хэн нэг хүнийг өөр нэг хүнээр солиод үр дүн гарахгүй. Тогтолцоогоо өөрчилье” гэж өнгөрсөн жилээс ярьсан. Шүүхийн захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулахаар би хуулийн төсөл санаачлаад өргөн барих гэж байна. Одоо Засгийн газраас санал аваад дөрөвдүгээр сарын 1-ны өдөр өргөн барина. Шүүгчийн хариуцлагын тухай хуулийг боловсруулж байна. Прокурорын байгууллагын тухай хуулинд ганцхан үндсэн утга байдаг. Тэр нь нэгдмэл төвлөрсөн утга. Монгол улс 50 биш нэг л прокурортой. Төвлөрсөн удирдлагыг заавал хэрэгжүүлэх ёстой. Бүх шатнаас хэргийг татаж шалгах эрх нь ерөнхий прокурор түүний орлогчид байна.

-Эрүүдэн шүүсэн үйл явдал нь яг хэзээ болсон бэ. Хэдэн онд ажиллаж байсан дарга нарт хариуцлага тооцох юм?

-Сүүлд яллагдсан гурван хүнд эрүүдэн шүүх ажиллагаа явагджээ гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж бидэнд ярьсан. Энэ бичлэгийг зөөлрүүлж олон нийтэд үзүүлэх үү гэдгийг ярьж байна. Эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан бол гурван шатны шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлээд шинээр илэрсэн нөхцөл байдал үүсгээд хэргийг дахин шалгах ажиллагаа явагдах ёстой.  Хэн, хэнийг шалгах ёстойг би мэдэхгүй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж