Дарханчуудын хайртай УИХ-ын гишүүн С.Ганбаатар болж л өгвөл Оюутолгойтой үзэлзчих гээд байдаг хобби ч юмуу, хонзогнол гэхээр юмуу нэг асуудалтай гэдгийг Монголчууд андахгүй.
Харин сүүлийн үед С.Ганбаатар гишүүний амнаас Тавантолгой гэдэг үг салахгүй унаад байх болов. Саяхан УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулсан “Бэлчээрийн хууль эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ” сэдэвт малчид, мэргэжилтнүүдийн оролцсон хэлэлцүүлэгт манай хүн оролцохдоо “Бэлчээрийн доройтол бол манай мал аж ахуйн салбарт тулгамдсан гол асуудал. Би энэ асуудлыг цэгцлэхийн төлөө сэтгэл зүрхээрээ ажиллана. Гэхдээ малчид мэргэжилтнүүд та бүхэндээ нэг зүйл мэдээлэхэд” гэж байгаад нөгөө алдарт Оюутолгойн асуудлаа бариад авах нь тэр. Ийнхүү энэ удаагийн УИХ-ын содон гишүүдийн нэг “босоо” С.Ганбаа маань бэлчээр ярьж байснаа Оюутолгой руу хальтраад орчихсон. Харин тэр хэлэлцүүлэгт оролцсон нэгэн малчин “Бэлчээр яах вэ, Оюутолгой гэж байгаа юм байхдаа” гэчихсэн жаахан гайхаж харагдана лээ. Хувь хүний хобби, сонирхол оо гэж.
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”