Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн долоо хоногт ой, хээрийн түймэртэй байгаа Хэнтий, Дорнод аймгийн хэд хэдэн сумаар ажиллаад иржээ.
Улсын онцгой комиссын гишүүний хувьд зүүн аймгуудад дэгдсэн ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхдээ “Манай яамнаас санаачлан салбарынхаа нийт ажилчин албан хаагчид, аж ахуйн нэгжүүдээс хандив цуглуулж, ой, хээрийн түймэрт өртсөн орон нутгуудад тусламж хүргэж өглөө. Баян-Уул аймагт нөхцөл байдал үнэхээр хүнд байна” хэмээн олонтаа давтаж хэлдэг юм байна.
Уг нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд хүн бүхэл бүтэн аймаг шинээр байгуулчихаж болно гэж бодоогүй л байлтай.
Ямартай ч Дорнод аймгийн Баян-Уул сумыг санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй ийнхүү олон удаа аймаг гэж андууран дуудсан сайдынхаа хажууд суусан Төрийн нэрийн бичгийн дарга Н.Ариунболд, мэргэжилтнүүд нь “Баян-Уул сум шүү сайд аа” хэмээн шивнэсээр байсан ч дахин дахин хэлээд байсан нь хачирхалтай.
Сайдынхаа өмнөөс түнтийтлээ улайсан албатуудынх нь шивнээ сэтгүүлчдийн чихэнд сонсогдсоор байсан нь ёстой л нөгөө “Чих нь алт болох”-ын үлгэрийг санагдуулж байв.
Өнгөрсөн намаржин тариаланчидтай үзэлцсэн Хүнс, хөдөө аж ахуйн сайд бантсандаа ийнхүү шинэ аймаг байгуулахаар шийдсэн бололтой.