ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн удирдлагуудыг солих хуулийг Г.Занданшатарын УИХ баталлаа

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

LiveҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн удирдлагуудыг солих хуулийг Г.Занданшатарын УИХ баталлаа

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн удирдлагуудыг солих хуулийг Г.Занданшатарын УИХ баталлаа
20 : 30
2019-3-27

Л.Энх-Амгалан: Хуулийн засаглалгүй болгох хуулийг бүхэлд нь баталж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл , шинжлэх ухааны байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжиж томиллоо. Тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол томилогдлоо.

Ингээд хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Сая бичлэг үзлээ. Үнэхээр аймшигтай зүйл байна. Монголын ард түмэн нэг хэсэг нь хуулийн дээр, нэг хэсэг нь хуулийн дор амьдарч байна. Тамлуулсан, тарчлуулсан гэр бүлийнхээс Монголын төр уучлал гуйх ёстой. Хүмүүсийг хилс хэрэгт гүтгэсэн, зандалсан хүмүүс Монгол Улсад хууль засаглал гэж байдаг бол хамгийн дээд ял хүлээх ёстой. Гэхдээ Монгол Улсыг хуулийн засаглалгүй болгох энэ хуулийг бүхэлд нь баталж болохгүй. Энэ хуулиар том хаалга  нээх вий гэж айж байна. Цаашдаа Монгол Улс хуулийн засаглалтай байх уу, үгүй юу гэдгийн өмнө ирээд байна. Төрийг хууль гацаадаггүй, хуулийг хүн гацаадаг гэж Б.Чимид гуай хэлсэн. Дарангуйлалын тогтолцоо руу шилжих вий гэж болгоомжилж байна.

Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль болон лагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд оролцсон 40 гишүүний олонх нь уг хуулийг батлахыг дэмжлээ. Мөн дагалдах Прокурорын тухай, Авлигын эсрэг тухай хуулийг батлахыг 92.7 хувийн саналаар баталснаар ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. 

 

18 : 39
2019-3-27

Ж.Эрдэнэбат: Бид алдаатай хууль гаргахгүйн тулд мэргэжлийн байнгын хороо байгуулдаг

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, АТГ, Прокурорын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх  хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төслүүдийн талаар байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан юм.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-20 минутын өмнө байнгын хорооны хуралдаан Х.Нямбаатар гишүүний гаргасан горимын саналыг дэмжиж байсан хүмүүс чуулганы хуралдаанд орж ирээд дэмжихгүй санал өгч байгааг би ойлгохгүй байна. Эрүүдэн шүүсэнтэй бол бүгд хамтдаа явж байгаа. Гагцхүү системээрээ оролдоод байгаа нь өөрөө буруу байгаа байна. Ядаж байнгын хорооны гишүүд дэмжсэн саналаа дэмжихгүй байгаа нь маш утгагүй байна вэ.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Хууль зүйн байнгын хороо бүтэн өдөржин мэргэжлийн хуульчид сууж, Үндсэн хуулиа зөрчихгүйгээр зарчмын зөрүүтэй санал оруулж ирсэн. Эрүүдэн шүүх үйлдэл нотлогдох юм бол гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулж ирж байхад УИХ-ын гишүүд эсэргүүцээд байна вэ. Эрүүдэн шүүх үйлдэл нотлогдсоны дараа ҮАБЗ-ийн зөвлөмж оруулах боломж байхад зөвхөн ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу хуулийн байгууллагын удирдлагыг түдгэлзүүлэхээр болж байна.  Энэ бол нийгэмд 65-ын бүлгийг ямар муухай харагдуулах вэ. Бид иргэдийнхээ төлөө, тэдний эрх ашгийг хамгаалахын төлөө хууль батлах гэж сууж байгаа. Түүнээс төрийн өндөр эрх мэдэлтэй албан тушаалтнуудыг гэмт хэргийн үйлдлээс нь хамгаалах гэж бид суугаагүй. Нийгэм бидний хардах нөхцөлд бид хүргэлээ. Энэ хуулийн зорилго нь жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж оруулж ирсэн гэж ойлгож байсан чинь одоо зорилго нь өөр болоод явчихлаа.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат:

-Өнөөдөр бид засаглалын хямрал руу явлаа. Эрүүдэн шүүх ажиллагаа бол буруу. Гэхдээ шүүх хууль хяналтын засаглалын хараат бус байдлыг хөндөж байгаа нь буруу. Бид хувийн өмч рүү гээ халдаж, хураадаг, дээрэмддэг, хуулийн байгууллага нь эрүүдэн шүүдэг, дарга нарынхаа заавраар шийдвэр гаргадаг энэ улсад ямар хөрөнгө оруулагч орж ирэх вэ. Өнөөдөр бизнес улс төрийн бүлэглэл хоорондын, хувь хүмүүс хоорондын тэмцлээс болж бид засаглалын хямрал руу түлхэж байна. 2020 онд УИХ-ын гишүүн болохоо биш улсын ирээдүй, хөгжлийн бодлогыг бодох ёстой.  Хэн нэг хүнд эрх мэдлийг нь төвлөрүүлснээр ард түмнийхээ амьдралыг сайжруулж, хөрөнгө оруулалт татна гэхэд хэн ч итгэхгүй. Энэ бүхнийг бодож, шийдвэрээ гаргаач гэж гишүүдээсээ хүсмээр байна. Хариуцлага тооцдог асуудлыг арай өөр байдлаар шийдэж болохгүй байгаа юм уу. Мэргэжлийн хуульчид, байнгын хороо нь шийдвэр гаргасан байхад юугаа ч мэдэхгүй хүмүүс нь эсрэгээр нь шийдвэр гаргаж байна. Бид алдаатай шийдвэр гаргахгүйн тулд мэргэжлийн байнгын хороо байгуулдаг. Тэр мэргэжлийн байнгын хороо чинь Үндсэн хуулийн зөрчил рүү явах гээд байна гэж өөрчлөлт оруулж байхад зөрж, санал өгөөд байгааг гайхаад байна.

Хууль зүйн байнгын хорооноос гаргасан шүүх, АТГ, прокурорын байгууллагын хуулийн удирдлагыг ҮАБЗ-ийн дагуу бус зөвхөн эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тохиолдолд чөлөөлдөг байх хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн боловч УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Энэхүү нэмэлт, өөрчлөлтүүдийг УИХ-ын хуульч гишүүд болон Хууль зүйн байнгын хорооны гишүүд сууж, Үндсэн хууль зөрчихгүй байх боломжийг бүрдүүлсэн хууль оруулж ирсэн боловч олонх нь дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр зарчмын зөрүүтэй санал оруулж ирэх боломжоор хангаж өгнө үү хэмээн, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал гаргасан юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

Яг одоо УИХ-ын гишүүд Төрийн ордны А танхимд эрүүдэн шүүсэнтэй холбоотой бичлэг үзэх гэж байна.

18 : 18
2019-3-27

Байнгын хорооны санал дэмжигдсэнгүй

Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслөөр гишүүд санал хэлж байна.

Төслийн хувьд дэмжиж байна. Гэхдээ тогтолцоогоо нурааж болохгүй гэдгийг цөөн гишүүд сануулсны нэг нь О.Баасанхүү байлаа. Тэрбээр "Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцтэй холбовол дээрдүүлсэн заалтыг нь дагана.  ХЭҮК ямар ч эрх байхгүй, өмгөөлөгчид ямар ч эрх байдаггүй. Ирсэн гомдлын дийлэнх нь хорих байранд тамлуулж байгаа тухай байдаг. Эрүүдэн шүүх, хууль бусаар мөрдөж мөшгих олон асуудал байдаг. Энэ асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Харин тогтолцоогоороо тоглохыг зөвшөөрөхгүй" гэв.

Харин Д.Лүндээжанцан гишүүн Хууль зүйн байнгын хороо олон талаас нь үзэж энэхүү шийдвэрийг гаргасан. Эрүүдэн шүүсэн нть батлагдвал эхлээд ШЕЗ-д хандаж эрхийг нь түдгэлзүүлэн шалгая гэсэн заалт оруулсан" гэдгээ тайлбарласан ч гишүүдийн 63.8 хувь нь ХЗБХ-ны дэмжсэн саналыг дэмжсэнгүй. 

 

18 : 08
2019-3-27

Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзэхийг гишүүдийн 78 хувь нь дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, АТГ, Прокурорын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх  хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нарын гишүүдээс горимын санал гаргаж, зөвхөн эрүүдэн шүүсэн тохиолдолд ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх заалтуудыг оруулж ирсэн бөгөөд байнгын хороо дэмжсэн юм.  Гэвч байнгын хорооны хуралдаанаар оруулж ирсэн заалтуудыг УИХ-ын чуулганы хуралдаанаар дэмжигдээгүй юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хүн нь байвал гэрч нь олддог гэдэг зарчмаар, хүний эрхийн эсрэг хуулийн төсөл оруулж ирж байна. Эрүүдэн шүүсэн гэх хангалттай үндэслэлээр гэсэн зарчмын зөрүүтэй санал орж ирлээ. Эрүүдэн шүүсэн гэдгийг ҮАБЗ тогтоохгүй. Өнөөдөр хүний эрхийн комиссын даргыг энд оруулах, эрүүдэн шүүсэн этгээдийг олж тогтоох, эрүүдэн шүүх нь таван жилийн ялтай хэрэг. Энэ бүх процедурыг хийх шаардлага гарна. Тэгэхээр хуулийн байгууллагын удирдлагыг солих асуудал нь маш их хугацаа шаардагдана. Тэгэхээр засаглалыг хямраасан хууль оруулж ирлээ гэж би үзэж байна. МАН 64-үүлээ, ямар ч хуулийг өөрчилж чадна. АТГ, Прокурор, Шүүхийн удирдлага хариуцлага алдсан гэдэг ганцхан заалттай хууль оруулж ирэх боломж байсан ч засаглалыг хямрал руу түлхсэн хууль оруулж ирж байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хууль зүйн байнгын хорооны олонхын саналаар  зарчмын зөрүүтэй саналууд орж ирсэн. Ямар ч гэсэн эрүүдэн шүүх ажиллагаа явагдсан тохиолдолд эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгах юм байна гэж байнгын хороо дүгнэлтээ оруулж ирсэн. Өнөөдөр энэ танхимд гишүүд ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн өөр бусад асуудлаар нээлттэйгээр үзэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай өчигдрөөс хойш ярьж байна. Эрүүдэн шүүх асуудал дэлхийд байхгүй. Бид энэ асуудлыг олон янзын хувилбараар авч үзэх шаардлагатай байна. Түүнээс өнөөдөр хуулийг чичирч оруулж ирээд батлах нь алсдаа ямар асуудал үүсгэхийг би хэлж мэдэхгүй байна. Ер нь эрүүдэн шүүх асуудалтай холбоотой заалтыг дэмжиж, цаашид УИХ хууль санаачлах эрхийн хүрээнд прокурор, шүүх, авлигын хуулиудад яаралтай өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Байнгын хорооны хуралдааны үеэр оруулж ирсэн саналууд нь харьцангуй Үндсэн хуульд нийцэхийг эрэлхийлсэн заалтууд оруулж ирсэн ч гишүүдийн олонх дэмжсэнгүй ээ. Эрүүдэн шүүхтэй холбоотой С.Зоригийн хэргийг мөрдөх явцад гарсан зүйл биш. Ер нь хууль шүүхийн байгууллага эрүүдэн шүүдэг практик байсан бөгөөд хэзээ ч ярьж байгаагүй. Францаас Д.Энхбат гэдэг залууг хоёр, гурван улсын хууль зөрчиж амь насыг хөнөөсөн хэргийг хийсэн, тухайн үеийн сайд байсан гээд хэн нь хариуцлага хүлээгээгүй. Өнөөдөр гэвч өөрсдөө энхийн цагаан тагтаа болсон сууж байна. Бид эрүүдэн шүүх ажиллагааг таслан зогсоох юм уу эсвэл эрх мэдлийг хэсэг бүлэг хүмүүст өгөх нь чухал юм уу. Хуулийг баталбал Үндсэн хуулийн цэцэд очих байх. Өнөөдөр ийм шийдвэр гаргаж байгаа хүмүүс ирээдүйн Монголын ард түмний эсрэг маш том гэмт хэрэг хийж байна гэсэн үг шүү.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Уг нь байнгын хорооны гишүүдийн оруулж ирсэн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн зарчим руу ойртуулах гэж хичээсэн, дөхүүлэх боломж байсан. Жишээлбэл, Улсын ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогчийг ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол Ерөнхийлөгч шууд зарлиг гаргаж огцруулах заалтыг оруулж ирсэн. Тиймээс энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл учраас байнгын хорооноос Үндсэн хуулийн зөрчлийг нь арилгахын тулд нэмэлт, өөрчлөлт оруулж өгсөн.  Энэ бол жинхэнэ Үндсэн хуулийн зөрчил болж, УИХ Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал руу нулимсан үйлдэл болно гэв.

 Харин УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин " Хууль зүйн хороо хуулийн төслийг бөөрөнхийллөө. Хангалттай үндэслэл гэдгийг буд тогтоохгүй. Дарангуйлал тогтлоо, төрийн эргэлт хийх гэж байна гэж яриад хийхгүй болгох гэж байна. ҮАБЗ-ийн төслөөр байх ёстой" гэв. 

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураасан юм.   

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Засгийн газрын бичлэгийг яг одоо үзүүлэх горимын санал гаргасан” бол МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Энэ бичлэгийг чуулганы танхимд үзмээргүй байна.  Энэ бол хууль тогтоодог, тангараг өргөсөн газар. Тиймээс Төрийн ордны өөр танхимд  үзсэн дээр болов уу” гэлээ. Ийнхүү горимын саналаар санал хурааж,  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78 хувь нь дэмжсэн юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

17 : 00
2019-3-27

Чуулган: Хуулийн байгууллагын удирдлагын ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, АТГ, Прокурорын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Эрүүдэн шүүсэн гэдэг  хангалттай үндэслэл бий болсон тохиолдолд ҮАБЗ-ийн зөмлөмж гарахгүй гэсэн үг юм уу. Эрүүдэн шүүсэн гэдгийг нь тогтоосны дараа ҮАБЗ зөвлөмж гаргана гэсэн үг үү?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Эрүүдэн шүүх ажиллагааг хууль хүчний байгууллага хэрэгжүүлдэг. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал байна гэж үзвэл ҮАБЗ хуралдаж, зөвлөмжөө Шүүхийн ерөнхий зөвлөлд  хүргүүлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцлага тооцох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Хангалттай үндэслэл мөн эсэхийг өнөөдрийн бичлэгээс үзнэ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

-Монголд төрөл бүрийн хүчирхийлэл гарч байгаад харамсч байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль АТГ, Прокурорын хуулиуд анхны хэлэлцүүлгээр баталж болохгүй. Хуулийн төсөл хэзээнээс хэрэгжихээр тооцсон бэ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Байнгын хороо хуралдаж, хуралдааны үеэр эрүүдэн шүүсэнтэй холбоотой бичлэгийг үзүүлэхэд бэлэн болсон гэдгээ илэрхийлсэн. Гишүүд горимын санал хураалгаж, чуулганы хуралдаанаар үзэхээр болсон. Үзэх боломж бол нээлттэй. Энэ бичлэгийг шууд нээлттэйгээр олон нийтэд үзүүлэх шаардлагатай байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
106
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж