"Ой модыг арчилснаар түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой"

Хуучирсан мэдээ: 2019.04.27-нд нийтлэгдсэн

"Ой модыг арчилснаар түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой"

"Ой модыг арчилснаар түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой"

Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт газрын нэг бол яах аргагүй тужийн нарс билээ. Тэртээ 1990-ээд оны үед шатсан эдгээр нарс өнөөдөр бүхэлдээ ургажээ. Тужийн нарсыг сэргээхэд гар бие оролцсон Ц.Ганбаттай ярилцлаа.


-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Сэлэнгэ аймгийн Тужийн нарс их сайхан сэргэжээ. Таныг тужийн нарсыг сэргээхэд гар бие оролцсон хүн гэдэг юм байна лээ. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Намайг Ц.Ганбат гэдэг. Би Сэлэнгэ аймагт төрж, өссөн хүн. Цэргийн алба хаасны дараагаар ХААИС-ийг Ойн инженер, механикийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд л Сэлэнгэ аймагтаа ирж, ойн техник, мэргэжлийн сургуульд дөрвөн жил ажилласан. 1881 оноос хойш ойн аж ахуйн газарт ажиллаж ирлээ. Үндсэндээ мод тарих ажилтай 70 гаруй жил зууралдаж байна.

-Тэртээ 1990-эд оны үед Тужийн нарс шатсан харамсалтай үйл явдал тохиож байсан. Эдгээр нарсыг сэргээхэд япончууд хүртэл тусалсан гэдэг юм байна лээ. Өнөөдөр Тужийн нарс маш сайхан ургаж, сэргэсэн байна шүү дээ?

-Би 1981 оноос хойш өнөөдрийг хүртэл ойн аж ахуй, мод үржүүлгийн салбарт төрөл бүрийн ажил хийж ирлээ. Хондын ойжуулалтын газар шатсаны дараагаар Монгол Улс анх удаа 1986 онд 210 га газар талбайд их хэмжээгээр ойжуулалт хийсэн байдаг. Энэ үед Зөвлөлт Холбоот улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хүлэмжид мод тарьж эхэлсэн юм. Мөн оросуудын заавар, зөвлөгөөгөөр модыг үрээр нь тарьж эхэлсэн. Ингээд 1998 онд 125 дугаар тогтоол гарч, хамтын эзэмшлийн ойн аж ахуй гэж зохион байгуулалтад орсон. Энэ нь нөхөрлөлүүдийг бий болгох анхны суурь тавигдсан гэж үздэг. Тэгээд 1998 оны арваннэгдүгээр сард миний бие сумынхаа захиргаатай ярилцаад 15 мянган га ойтой талбайг эзэмшихээр авсан юм. Тухайн үед энэ талбай маань маш ихээр шатсан, өтсөн байсан. Анх энэ талбайг авахдаа ойн аж ахуй, агнуурын чиглэлээр хөгжүүлэх боломжийг харж авсан. Ингээд 2000 онд манай хамт олон энэ талбайд ойжуулалтыг нь сэргээх ажлаа эхэлсэн. Өөрөөр хэлбэл, би ойн аж ахуйн газар ажиллахаа больж, энэ газарт ажиллаж, анхны үрсэлгээгээ суулгасан юм. Ингээд 2003 онд улсын хэмжээнд үзүүлэх сургуулилт болж, мод тарих үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулсан. Энэ үед манай мод үржүүлгийн газар гурван жил болж байв. Үүнээс хойш тужийн нарсыг сэргээх ажилд гар бие оролцоод явж байна

-Одоогийн байдлаар хэдэн мянган мод тарьчхаад байна вэ?

-Одоогийн байдлаар 670-аад га талбайд ойжуулалт хийчихсэн байгаа. Модны амьдралтын хувь нь бол 75-98.4 хувьтай байна.

-Модны тоо сая гарчихсан уу?

-Тийм ээ. Сая гараад явчихсан байгаа.

-Модод сайхан ургажээ. Өмнө нь шатчихсан модны үлдэгдэл, унасан мод зэргийг хаяхгүйгээр салхины хамгаалалт хийсэн байгаа нь анзаарагдлаа?

-Энэ газарт ойжуулалт хийх газраа хагалахын тулд бид хамгийн эхэнд нь ойн цэвэрлэгээ хийсэн. Ингээд модны үлдэгдлийг хаяхгүйгээр нэг шугамд оруулж, салхины хамгаалалт хийсэн.

-Энэ монгол арга уу, эсвэл… ер нь та гадагшаа явж, гаднын туршлага судалж байв уу?

-Энэ бол монгол арга, туршлага. Би гадагшаа явж гаднын туршлага зэргийг судалж байгаагүй ээ. 1997-98 онд япончууд ирж, тужийн нарсны судалгаа хийсэн байдаг. Тэр үед би хондын мод үржүүлгийн газар ажилладаг байсан. Тухайн үед ямар аргаар тарьсан мод нь ургаад, ямар нь ургахгүй байна гэдэг судалгааг мөн адил хийдэг байсан. Япон мэргэжилтнүүдтэй санал солилцож байсан удаатай. Дараа нь Монгол Улсад ойжуулалт хийх технологи гэх зүйлийг япончууд гаргасан юм.

-Нарс мод үрээрээ ургаад хоёр жилд нэг, таван, арван сантиметр ургадаг. Тэрнээс хойш мал орохгүй бол сайн ургах уу

-Тийм ээ. Мал бол байгалийн жинхэнэ дайсан болчхоод байна. Малын тоо олширсон тул бэлчээрийн даац хэтэрч байна. 2000 он гэхэд баруун аймгаас манай нутагт малчид маш ихээр нүүж ирсэн. Тухайн үед манай Эвцэгийн энэ жаахан тал нутагт 30-40 айл ирж бууж байлаа. Нэг айлын бүх мал нь дор хаяж дунджаар 600 гээд тооцох юм бол 40 айл гэхээр 24 мянган мал байна гэсэн үг. Энэ жаахан газарт ийм их мал байхаар 2-3 жилийн дотор бэлчээргүй болчихно. Нөхөн ургаж чадахгүй байгаагаас гадна хагдны цөмийг нь байхгүй болгочихдог. Хагд өвс байхгүй болчихно гэдэг нь газрын хөрсийн чийг алга болоод эхэлдэг. Улмаар ургамал ургахаа больдог. Ургамал ургаад бэлчээрийн даац нь багасаад ирэхээр мал өөрөө нөгөө намаг руугаа ордог.

-Намаг одоо байна уу?

-Энэ нутагт намаг хатаад дууссан. Тэрнээс биш өлөнтийн шар намгийг давдаг техник байгаагүй ш дээ. Мал намгийн толгой дээрх юмыг идээд эхэлнэ. Ингээд ирэхээр малын хөлөөр жимүүд гарна. Тэр жимээрээ намгад байсан ус гол руугаа ордог. Гол руугаа урсаад орчихоор голын урсгал нь нэмэгдээд доор байгаа хөрсөө угаагаад эрэг нь өндөр болчихдог. Харин дараа жилийн цасны шар усны үеэр нөгөө гол, сувгаараа урсаад намаг нь хатна. Уг нь бол намгийн ус нь нарны гэрлийг хамгаална. Тэнд байгаа өвс нь дулааныг нь хамгаална. Тэгээд доор нь цэвдэг нь байж байх ёстой юм л даа.

-Тужийн нарс сайхан модтой болчихжээ. Мөн нөхөрлөл, хоршоод гарч ирээд модны хулгай буурч байна уу?

-Өмнө нь бол нарс модыг хот руу явуулж байсан удаа олон бий. Байгаль орчны яамны тушаал байдаг юм байна лээ. Аймгийн ИТХ-ын тогтоол байдаг. Бид бол энд байгаа , зүгээр байгаа модыг ухаж авах гээгүй. Одоо бол Монгол Улсын ой ихэнх нь хөгширч байна. Сийрэгжилт хийх шаардлагатай болчихсон. Ялангуяа энэ нутагт 1990-ээд онд түймэрт өртөөд, янз бүр болсон модод сэргэн ургаад хуучин мод бэлтгэдэг байсан зам нь алга болчихсон. Үүний уршгаар бид түймэртэй хүрч чадахаа байсан. Энэ тухай би холбогдох албаны хүмүүст нь бичиг явуулсан. Харамсалтай нь, одоо болтол сураггүй байна.

-Түймэр заавал хүний хүчин зүйлээс гарч байна уу?

-Үгүй ээ. Дан ганц хүний хүчин зүйл гэвэл өрөөсгөл болно. Аянга зэрэг байгалийн янз бүрийн зүйлсээс шалтгаалан гарна.

Түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой. Замаа гаргачих юм бол бид түймрээс урьдчилан сэргийлж болно. Тухайлбал, энд түймэр гарлаа гэхэд дараагийн замаар бид хаалтаа хийж чадна. Урьд нь бол ийм зам харгуйг зохион байгуулалттай хийдэг байсан. Сүүлийн үед байхгүй болчихсон. 1988-89 онд бол энэ ажил маш идэвхтэй явагддаг байсан.

-Улаанбаатар хотод мод хэрэгтэй байна. Угаасаа Богдын хүрээ модгүй байсан газар. Уулаас мод зөөж, тарьсан түүхтэй. Өнөөдөр Улаанбаатар хотод мод үрээр нь тарьдаг ААН бий болчихжээ. Нэг метр гарантай хар мод, хүмүүсийн авах дуртай гацуур, шинэс зэрэг модод хоёр метр урт болоход хэдэн жил шаардлагатай вэ

-Байгаль дээрээ дээрх мод хоёр метртэй болгоход 10-аад жил болно. Эхнээс нь мод тарьж байгаа ААН бол 10 жилийн дараа л хоёр  метртэй модтой болно гэсэн үг. Улаанбаатар хотод мод тарихыг дэмжиж байна. Бид энд арчилгаагаа хийхэд ой өөрөө эрүүлжинэ.

-Хүлэмжид тарьсан модыг байгальд гарахаар ургадаггүй гэдэг юм байна лээ. Гэхдээ таны хувьд Улаанбаатар хотод мод үржүүлгийн газар ажиллуулж буй ААН-тэй хамтран ажиллаж, хүлэмжийн модыг байгальд дасан зохицуулах ажил хийж байгаа гэж дуулсан. Өнөөдөр ойд мод тарих талбайн үнэ нэмэгдчихсэн гэж дуулсан. Энэ талаар та юу бодож явдаг вэ?

-Нөхөрлөлүүд өөдөө гарахгүй байгаагийн шалтгаан нь л энэ. Нэгдүгээр цэвэрлэгэний модоо борлуулах боломж байхгүй. Гэхдээ сүүлийн үед монголчууд мод тарьдаг болчихсон. Гэхдээ олон нийт маш ихээр мод тарихаар түүнийг нь авах газар байхгүй. 2000 оны үед тужийн нарсыг нөхөн сэргээхэд хүмүүс маш их идэвхтэй мод тарьж эхэлсэн. Гэтэл одоо улсын төсвөөр хийдэг газар байхгүй болчихсон. Тэгээд тендер гэж юм явна. Сэлэнгэ аймаг маш их малтай болчихсон. Ойжуулалт хийх талбай дээр мал нь бэлчинэ. Арваннэгдүгээр сар гармагц мал бүгдийг нь идчихдэг. Тэгэхээр хашна хамгаална гэхээр зардал нь хүрэхгүй зовлон бий.

-Мод өөрөө 100-гаас 1000 жил насалдаг ургамал. Иймээс модыг ургуулахад маш удаан хугацааны стратеги төлөвлөгөө хэрэгтэй байх. Сэлэнгэ аймаг модтой байна. Байгалийнхаа жамаар ургана, мөн та бүхэн арчилж ургуулж, ойжуулж байна. Модгүй байгаа газарт мод тарих ямар боломж байна гэж харж байна вэ? Ер нь монголын мод ямар газраа илүү сайн ургадаг юм вэ?

-Би бол энэ төрлийн судалгаа хийгээгүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Ногоон хэрмийнхэн нэлээн сайн судалгаа хийсэн байх магадлалтай. Учир нь, тэд говь хээрийн завсраар мод тарьдаг.

-Та төрж өссөн цагаасаа л модтой нөхөрлөсөн хүн шүү дээ. Модыг эдийн засгийн эргэлтэд байх ёстой гэж үздэг үү?

-Тийм ээ. Мод бол заавал эдийн засгийн эргэлтэд байх ёстой гэж үздэг. Нэгт, ойг эрүүлжүүлэх ёстой. Хоёрт, хүн бол байгалийн амьтан учраас байгалиа ашиглах ёстой. Гуравт, ойг арчилснаар түймрээс урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн хортон шавьжнаас хамгаалж байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж