Ерөнхийлөгчийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Ерөнхийлөгчийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2019.03.27/ 09.00 цагт хуралдаан товлосон ч ирц бүрдэхгүй байсаар дөнгөж сая эхэллээ.

Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан АТГ, прокурор, шүүхийн удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулттай гишүүд байгаагүй учраас зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нараас Ерөнхий шүүгчийг эрүүдэн шүүсэн үндэслэл нотлогдсон тохиолдолд түдгэлзүүлэх заалтыг үлдээж, Шүүгчийг чөлөөлөх хуульд заасан үндэслэлүүдийг тусгаад ҮАБЗ-ийн зөвлөмжөөр огцруулахгүй байх өөрчлөлт оруулж байгаа юм байна. Мөн энэ заалтуудад өөрчлөлт оруулах асуудлаар МАН-ын бүлгийн шийдвэр гарсан учраас нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг оруулж болохгүй гэдэг саналыг УИХ-ын гишүүн О.Батнасан гаргасан юм.

Гэвч шүүгчийг эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон тохиолдолд түдгэлзүүлэх заалтыг үлдээж, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу огцруулахгүй байх заалтыг хасах саналаар санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Мөн хуралдааны үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ горимын санал гаргасан юм. Тэрбээр, Засгийн газрын хуралдаанаас гаргасан эрүүдэн шүүсэнтэй холбоотой бичлэгийг байнгын хорооны гишүүдэд үзүүлэх горимын санал гаргасан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Ер нь бол энэ бичлэгийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр үзүүлэх хэрэгтэй. Цаашид олон нийтэд ч үзүүлэх хэрэгтэй" гэсэн юм.

Ингээд горимын саналаар санал хурааж, олонх дэмжээгүй чуулганы хуралдаанаар үзэхээр болсон юм.

Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Одоо УИХ-ын чуулганы хуралдаантай. Тус хуралдаанаар эрүүдэн шүүсэнтэй холбоотой бичлэгийг хаалттайгаар УИХ-ын гишүүдэд үзүүлнэ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж