НБА-н Майами Хит баг шилдэг тоглогч К.Бошийн №1 дугаарыг мөнхөллөө. Өдгөө 35 настай К.Бош 2010 онд Торонто Рэпторс багаас чөлөөт агент болон Майами Хит багт ирж байсан. Майами Хит багийн ерөнхийлөгч П.Рэйлигийн “Их Гурвал” бүрдүүлэх төлөвлөгөөнд багтаж Кливлэнд Кавальерс багийн Л.Жеймсийн хамтаар Майамид ирж байсан. Тэд хамтдаа 2010-2014 оны улиралд дараалан НБА-н финалд шалгарахдаа 2 удаа аваргын бөгжийг хүртсэн. Харин тэр 2015-2016 оны улиралд цусны өвчнөөс болж дахин талбайд гарах боломжгүй болсон.
Дугаарыг мөнхлөх ёслолын ажиллалааны үеэр Майами Хит багийн ерөнхийлөгч П.Рэйли “К.Бошийг №1 дугаарыг мөнхөлж байгаад баяртай байна. Тэр Американ Айрлайнес ордонд хүндэтгэл хүлээх гайхалтай тоглогч юм. Түүний нэр болон өмсгөл үргэлж мөнхөд дуурсагдах болно” хэмээн мэдэгдсэн байна.
НБА-н 11 удаагийн бүх-оддын тоглогч К.Бош Торонто Рэпторс багийн лидер байсан бол Майами Хит багт Д.Уэйд, Л.Жеймс нарын ар талыг сайн авч явсан. Ялангуяа тэр лидерийн байр сууриа хамтрагч нартаа үлдээж үүргийн тоглогчийг маш сайн гүйцэтгэж байсан. Тэр дундаа 2013 оны НБА-н аваргын төлөөх цувралын 6 дахь тоглолтонд самбараас бөмбөгийг хатгаж гаргаад Р.Алленд өгсөн нь тоглолтын хувь заяаг эргүүлэх агшин байсан юм. Тус тоглолтонд К.Бошийн самбар дахь тэмцэл нь багтаа цувралын харьцааг 3-3 болгож, улмаар 7 дахь тоглолт гарч баг нь НБА-н аварга болох замыг засаж байсан. Сагсан бөмбөг сонирхогчдын сэтгэл зүрхэнд дээрх тоглолт тодоор бичигдэн үлдсэн байдаг.
Майами Хит багт К.Бошоос өмнө А.Моунинг, Ш.О’Нил, М.Жордан, Т.Хардвэй нарын дугаарыг мөнхөлж байжээ. Тэгвэл К.Бош энэ багт дугаараа мөнхөлүүлсэн 5 дахь тоглогч болж байна.
Б.БЯМБАБАЯР