Монголд өнөөдөр 32 мянган хүн ажилгүй гэсэн судалгаа бий. Энэ судалгаа баттай биш байж болох ч Үндэсний статистикийн хорооноос гаргадаг cap бүрийн мэдээллээр ажилгүйдэл нэмэгдсээр байна.Хөдөлмөрийн биржээс Монголд 20 мянга гаруй ажлын байр эзнээ хүлээн сул байгааг мэдээлсэн. Гэтэл ажилгүйчүүдийн эгнээ жилээс жилд өргөжсөөр байгаа нь хачирхалтай.
Үүний шалтгааныг ажил олгогчид "Ажилд орох анкет бөглөсөн залуусын ихэнх нь шаардлага хангадаггүй учраас олон мянган ажлын байр сул байна" гэж тайлбарладаг.
Ажилгүйдлийг хэрхэн бууруулах, цаашид ажлын байр бий болгоход ямар гарц гаргалгаа бий талаар өнөөдөр /2019.03.27/ “Эх орон хөгжил дэвшил” ТББ, “Үндэсний хөгжлийн санаачилга” ТББ, “Ирээдүйн хот” ТББ болон их дээд сургуулийн багш нар тус сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн гол зорилго нь үндэсний хэмжээнд шилдэг боловсон хүчний нэгдмэл сан үүсгэж, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого боловсруулах мөн шилдэг тэргүүний хүмүүсийг олон түмэнд таниулах зорилготой аж.
Энэ хүрээнд дээрх төрийн бус байгууллагаас нийгэмд тулгамдсан асуудал болоод байгаа “5А” буюу ажилгүйдэл, авлига, автозамын түгжрэл, агаарын бохирдол, архидалт гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хэлэлцүүлгийг шат дараатай хийх гэнэ. Өнөөдрийн хэлэлцүүлгээр “Ажилгүйдэл” сэдвийг онцолж судлаач, доктор Г.Дугаржав, доктор профессор Д.Энхтуяа, судлаач нийтлэлч Д.Баярхүү нар илтгэл тавилаа.
ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЛИЙГ БУУРУУЛЪЯ ГЭВЭЛ БОЛОВСРОЛЫН СИСТЕМЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ
Үүнээс хамгийн сонирхолтой нь судлаач, доктор Г.Дугаржавын “Бид гурвын нэг нь ядуу, хоёр нь өр зээлэнд баригдсан” илтгэл анхаарал татлаа. Түүний хэлснээр “Ажилгүйдэл иргэн хүний орлогогүй байдал, ядуурлыг авчирдаг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол Улс 29.6 хувийн ядууралтай байгаа. Үүн дотроо 35.2 хувь нь нэн ядуу гэдэг үзүүлэлттэй. Өөрөөр хэлбэл монголчуудын гуравны нэг нь ядуу, хоёр хүн тутмын нэг нь өртэй. Энэ байдлыг засахын тулд суурь боловсролыг сайжруулж, хүүхдийг багаас нь зөв төлөвшүүлэх хэрэгтэй. Өнөөдөр манай залуучууд ажилд оръё гэхэд шалгуурт нь тэнцдэггүй. Бид ажиллах хүсэл, эрмэлзэлтэй чадварлаг залуу үеийг бэлдэх ёстой” хэмээн ярилаа. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Ярилцлагаа таны илтгэлээс эхлүүлье гэж бодлоо. Яагаад өнөөдөр гурван хүн тутмын нэг нь ядуу, хоёр нь өр зээлтэй болчхов оо?
-Өнөөгийн нөхцөл байдлын талаар хэдэн тоо хэлье. Монголчуудын нэг сая орчим нь ядуу амьдарч байгаа. Ядуу гэдэг нь өдөр тутмын хоол хүнсээ хүртэхүйц хэмжээгээр зүйлсээ авч чадахгүй хүнийг хэлдэг. Ядуурлын гол үндэс нь ажилгүйдэл юм. Тэгэхээр иргэдийг хэн ажилтай, орлоготой байлгадаг юм гэхээр мэдээж сайн менежменттэй төр шүү дээ. Өнөөдрийн байдлаар эрх барьж буй төрийн эрх мэдэлтнүүд хангалтгүй ажиллаж байгааг онцолмоор байна.
Манай орны эдийн засагт хоёр том аюул нүүрлэчихсэн байгаа. Юу гэвэл өнөөдөр манай улс 26 тэрбум америк долларын гадаад өртэй. Өөрөөр хэлбэл иргэн бүр 8700 америк доллар буюу 23 сая төгрөгийн гадаад өртэй яваа. Нэг үгээр бид өрөнд баригдаж, өтөнд идэгдэхэд ойрхон харагдаж байна. Дотоод өрийн асуудлаар яривал хоёр хүн тутмын нэг нь өртэй. Нийгэмд 94 мянган ипотекийн зээлдэгч байгаа нь маш харамсалтай тоо. Түүнээс гадна Монгол Улсад 380 мянган ахмад настан тэтгэвэр авч байгаагийн 320 мянга нь тэтгэврийн зээлтэй. Бид яагаад ийм өртэй болчихсон юм гэвэл муу төрийн бодлогоор тэр шүү дээ. Ийм харамсалтай нөхцөл байдал үүсчихсэн байхад судлаачид, эрдэмтэд бид чимээгүй сууж болохгүй.
-Тэгэхээр төрөөс ажлын байрыг бий болгож, хөдөлмөрийн зах зээлийг тэнцвэржүүлэх ёстой гэж та хэлж байна уу?
-Ажилгүйдэл, нийгмийн бүхий л асуудалд төрийн оролцоо маш чухал. Бид өнөөдөр хүсээгүй байхдаа өртэй болчхож болохгүй. Ингэхдээ улс төрийн оновчтой бодлого бидэнд үгүйлэгддэг. Гэтэл манай эрх баригч нар маш ойлгомжгүй байдалтай байна. Улам л өрийн таазаа өсгөөд нэмээд байгаа болохоос биш ердөөсөө ард иргэдийг бодсон зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл засаглал тэр чигээрээ муу байна гэсэн үг юм. Бидэнд ядуурлаас гарах олон арга замууд байгаа. Тиймээс төрийн маш зөв бодлого хэрэгтэй, түүнийг хэрэгжүүлдэг мэдлэгтэй мэргэжилтнүүдийг бэлдэх хэрэгтэй.
-Төр засгаас зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж та ярилаа. Ямар бодлого хэрэгжүүлбэл бид ядуурлаас ангижирч, ажилтай “золгох” юм бэ?
-Бодлого гаргадаг хүмүүс ажлаа бүрэн гүйцэт хийж чадахгүй байгаад би шүүмжлэлтэй ханддаг. Тэгэхээр эрх баригчдыг солих ёстой. Хоёр зүйлийг хамгийн түрүүнд өөрчлөх хэрэгтэй санагддаг. Нэг нь улс төрийн ойлгомжгүй байдал нөгөө нь төрийн албыг тогтвортой байлгах ёстой. Төрийн албан хаагчид мэргэжлийн байж гэмээнэ ажил явуулна. Тиймээс арай өөр түвшний мэдлэг, боловсролтой удирдагч нарыг яагаад бид нийгэмд гаргаж болохгүй гэж. Ямар улс өндөр хөгжилтэй, эдийн засгийн байдал тогтвортой байна гэхээр “эзэнтэй”, сайн удирдагчтай улсыг хэлнэ.
-Тэгэхээр манай нийгэмд мэдлэг, чадвартай залуус дутагдаж байгаа гэсэн үг үү?
-Ядуурал, ажилгүйдлийг бууруулъя гэвэл боловсролын системээс эхлэх ёстой. Манай залуус ажил хийж амьдарч, өдөр тутмын байнгын орлоготой болоод амьдарна гэдгээ ухамсарласан байх нь чухал. Амар хялбар аргаар мөнгө олно гэдэг байж болохгүй асуудал. Азийн орнууд тэр дундаа манай монголчууд их гэр бүлсэг сэтгэлгээтэй болохоор аав ээжээрээ тэжээлгэж ажил хийхгүй амьдарч болно гэсэн бодолтой болчихож. Нэгдүгээрт, залуус сэтгэлгээндээ өөрчлөлт хийж, ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй.
Манайд өнөөдөр 10 мянга орчим нээлттэй ажлын байр бий. Залуучууд ажилд оръё гэж ирэхдээ “би хэдэн төгрөгийн цалин авах вэ” гэдгийг чухалчилдаг. Зүй нь эхлээд хийх ёстой зүйл, баялаг бүтээх асуудлаа яримаар байгаа юм. Энэ байдлыг хаанаас эхэлж өөрчлөх үү гэхээр бага наснаас нь суурь хүмүүжлийг зөв олгох шаардлагатай.
Э.АРИУН
Холбоотой мэдээ