Г.Занданшатар түүхэнд урвагч болж үлдэнэ гэв

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар түүхэнд урвагч болж үлдэнэ гэв

Г.Занданшатар түүхэнд урвагч болж үлдэнэ гэв

УИХ-ын дарга Г.Занданшатарыг Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж буй үйлдлээ зогсоохыг Ардчилсан намын гишүүд, дэмжигчид шаардлаа. Тэд шаардах бичгээ хүргүүлэхээр өнөөдөр /2019.03.27/ Төрийн ордны зүүн хаалганы дэргэд “Эрх чөлөөгөө хамгаалъя”, “Төрийн эргэлтээ зогсоо”, “950 сая төгрөгөөр барьцаалагдсан УИХ тар” гэсэн уриа лоозон барин жагслаа.

"Эрх чөлөө хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч М.Чимэддорж “Ардчилсан үзэл санаатай хүмүүс цуглаж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэхээр Төрийн ордны үүдэнд жагсч байна. Шаардлагын гол агуулга бол УИХ-аас Монголд төрийн эргэлт хийж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Энэ хууль бус үйлдлээ зогсоож, УИХ сайн дураараа тарахыг яаралтай горимоор оруулж хэлэлцүүлэхийг шаардаж байна. Бид үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө эвлэлдэн нэгдэж, өнөөдрөөс жагсаж байгаа учраас ямар нэгэн нам хамаагүй гэдгийг онцолъё. Цахим орчинд олон нийт төрийн эргэлтийг эсэргүүцэн давалгаалж байна. Өнөөдөр цөөхүүлээ байгаа ч маргааш, нөгөөдрөөс төв талбайд цуглах хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ. Хууль батлах замаар Үндсэн хуульд халдсан Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс Монголын түүхэнд төрийн эргэлт хийсэн урвагчид болж үлдэнэ. Энэ бол дөнгөж эхлэл. Тэмцлийг цаашид үргэлжлүүлэх тул энэ долоо хоногт төв талбай хүмүүсээр дүүрнэ гэж бодож байна” гэлээ.

Мөн жагсаалыг зохион байгуулагчид бусдадаа “Төв талбайд Өмнөд Солонгост болсон жагсаал шиг тэмцлийг явуулах болно”, “Бид зохион байгуулалтай, дэс дараатайгаар тэмцлээ үргэлжүүлнэ”, “Энд уриа лоозон барьж уйтгарлан зогсохгүй, хамтлаг дуучдыг урина, шоу байдлаар зохион байгуулна”, “Төрийн ордон руу эрх баригчдыг оруулахгүй, мөн ордноос ч гаргахгүй шүү. Улсын Их хурлыг тарах хүртэл тэмцлээ үргэлжүүлнэ” гэж  уриалж байв.

Жагсагчид Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонтой биечлэн уулзахыг шаардсан юм. Гэвч түүний оронд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал 12.50 цагийн үед гарч ирсэн бөгөөд жагсагчид түүнд шаардах бичгээ гардуулан өглөө.

Уг шаардлагад:

"УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдсан УИХ Монголын ардчилалд аюул учрууллаа. Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахаар үгсэн хуйвалдаж, 60 тэрбумын схем боловсруулан шударга бусаар сонгуульд ялж, 950 саяын зээлээр барьцаалагдсан УИХ-ын гишүүд өнөөдөр өөрсдийн өчүүхэн эрх ашиг, ордны хуйвалдаанаар төрийн эргэлт хийж байна. УИХ-ын дарга та тусгайлан захирамж гаргаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, прокурорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байгаа нь үзэл, санаа суурь зарчим, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг гажуудуулсан төрийн үйл ажиллагааны зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна. Энэ нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэх Үндсэн хуулийн бус байгууллагаар дамжуулан Үндсэн хуулиар тогтоосон шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдалд хандаж байна. Уг хууль батлагдсанаар шүүх эрх мэдлийг бүхэлд нь нэг хүний эрх мэдэлд төвлөрүүлж хүний эрхийг хамгаалдаг ардчилсан тогтолцоо бүхэлдээ устах болно. Авлигын тогтолцооны нэг хэсэг болсон эрх мэдэлтнүүдийн өвөр зуурын тэмцэлдээнд хууль хүчний байгууллагыг ашигладаг байсан үе ард хоцорч авлигын тогтолцоог бүтээн татварын төлөгчдийн мөнгөөр ил цагаан авлигалан барьцаалсан бүлэглэлд шилжлээ. Өнөөдрийн барьцаалагдсан бүлэглэл нь ард түмнийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй гэж ардчилсан үзэлтэй хүн бүр үзэж байна. УИХ өөрөө тарах асуудлыг УИХ-д яаралтай горимоор оролцуулан хэлэлцүүлэхийг шаардаж байна” гэжээ.

УИХ-ын Тамгын газрын Хууль эрхзүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал шаардлагыг хүлээн авч,  УИХ-ын дарга Г.Занданшатар болон Тамгын газрын удирдлагуудад хүргүүлнэ гэх хариу өглөө. Тэрбээр “Та бүхний шаардлагыг албан ёсоор хүлээн авлаа. Шаардлагыг зохих хүмүүст өгч УИХ-аар хэлэлцүүлэхийг уламжилна. Товлосон ёсоор өнөө өглөө 09.00 цагт  Хууль зүйн байнгын хороо хуралдахаар байсан ч энэ нь нийгмийн олны анхаарлыг татсан асуудал учраас тодорхой хугацаагаар хойшлогдлоо. Шаардлагыг байнгын хорооны хурлаар хэлэлцүүлнэ гэв.

Үүний дараа жагсагчид болон цагдаа нарын хооронд багагүй маргаан дэгдэв. Учир нь, цагдаагийн байгууллагын зүгээс жагсагчдыг зөвшөөрөлгүйгээр олон нийтийн тайван байдал алдагдуулах арга хэмжээ авсан гэж үзэж байна. Харин Ардчилсан намын гишүүд дэмжигч үүнийг “төв талбайд зургаа даруулж, бас жагсах эрхтэй” гэх хариуг өглөө.

Одоогоор шаардлагын хариуг хэзээ өгөх нь тодорхойгүй байна. Ардчилсан залуусын хөдөлгөөнийхөн шаардлагын хариуг гартал маргааш /2019.03.28/ өглөөнөөс Төрийн ордны баруун, зүүн хаалгыг хашиж, эрх баригчдыг ордон луу орж, гарахыг хориглохоор төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
9
ХахаХаха
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж