Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийлж байна
Posted by News.mn on Tuesday, March 26, 2019
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу бүх шатны шүүгч, Авлигатай тэмцэх газрын удирдлага, Улсын ерөнхий прокурор болон орлогчийг нь чөлөөлдөг, огцруулдаг байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчдэд өнөөдөр /2019.03.27/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Та бүхний амгаланг айлтгая. 2017 оны долдугаар сарын 10-нд олон сэтгүүлчийн өмнө үг хэлээд явж байсан. Одоо дахиад уулзах боломж гарч ирлээ. Манай ерөнхийлөгч бидэнд ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох вэ, боохгүй вэ гэдгийг хамгийн хурдан ойлгуулах хүн Х.Баттулга. Урилгыг аваад энэ урилгад үгүй гэж хэлэхээр ирж байна" гэв. Ингээд түүний байр суурийг онцлох эшлэлүүдээр хүргэж байна.
- Монголын ҮАБЗ аюултай үндэсний зөвлөл болж хувирлаа.
- Өнөөгийн Хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хуруу гарыг нь хугалж, амь насанд нь хүрч байсан. Үүнийхээ төлөө уучлал гуйх ёстой. ҮХЦ-ийн шийдвэрээр УИХ-ын даргаас огцорсон хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд. Өнөөдөр ийм албан тушаал хашаад байх зохимжгүй.
- Ерөнхийлөгч болсон хүн өмнө нь бодож байсан, өмнө нь хийж байсан ажлаа л үргэлжлүүлдэг. Цоо шинэ хүн болж хувирдаггүй.
- Хууль шүүхийн байгууллагын нэр хүндийг нь унагах байдал руу оруулж байна.
- Монгол Улс шүүхгүй байснаас Хууль зүйн сайдгүй байсан нь дээр. Шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй болсон нь дээр.
- Одоогийн Ерөнхийлөгч улстөрчдийн зүрхэнд айдас суулгалаа. Олон жил сурвалжлага хийсэн сэтгүүлч хүн энийг уншиж байгаа.
- С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олох ёстой, захиалагчийг олох ёстой. Миний харж байснаар энэ хэрэг гурван шаттай юм байна гэж хардаг байсан. 1998 онд гарсан хэрэг. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн үйлдэл. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа.
- ҮАБЗ-ийн оруулсан хууль УИХ-аар батлагдах уу, үгүй юу гэдэг асуудал биш боллоо. Батлагдахгүй бол дахиад л орж ирнэ.
- УИХ-ын сонгууль ингэж эхэлдэг, улс төрийн амьдралаа сунгахын тулд хийж байгаа арга. ҮАБЗ аюултай байдлын зөвлөл болж хувирсан. Хуулиас, шүүхээс зугтаж байсан хүн нь ҮАБЗ-ийн дарга нь болоод юу хийх юм.
- 280 сая ам.долларын хэргийг 46 сая төгрөгөөр хаалгаад явж байгаа. Өчигдөр баахан хэрэг дурсахдаа тэр тухай дурдахгүй байна лээ. ЖДҮ-ийн тухай ярихгүй байгаа.
- Би 11 хууль санаачлаад оруулсан, 7 хууль батлагдсан, 4 хуулийг цааш нь үргэлжлүүлээд явах ёстой байсан.
- Гэмт хэрэг үйлдсэн хэнийг ч улстөрч шүүхгүй. Засах шаардлагатай байгаа юм бол шүүх нь засдаг.
- С.Зоригийн хэрэг дээр шинэ нөхцөл байдал үүслээ. Үүн дээр прокурор нь хянаад явах ёстой. Дахин, дахин шалгаад хянаад явдаг.
- Хуулийн хэдэн зуун хүн, Элбэгдорж дээр нь сууж байгаа болоод түүний дур зоргыг хэрэгжүүлэх гэж ажиллана гэж байхгүй.
- Алдаа гарсан бол засаад явах ёстой.
- 2015 онд соёрхон баталсан гэрээг ярьдаггүй. З.Энхболд өөрөө гарын үсэг зурсан. "Ростех" компанид эрхээ шилжүүлчих. Монголын 51 хувь яригдсан бол ҮАБЗ хуралдах байсан.
- Хүнд байгаа 49 хувийг авчрах гэж байгаа ҮАБЗ хуралдахгүй.
- Шүүх хурлын бүх материал ил байгаа. Видео бичлэгийг нь үзэх хэрэгтэй. Улсын яллагч нь яагаад түүнийг яллав гэдгийг үз.
- Монголын хууль шүүх нь хэрэг хийсэн хүмүүстээ хариуцлага хүлээлгэдэг биш, эргээд энэ хүмүүс нь гарч ирж хууль шүүхийн байгууллагаа татаж унагадаг системийн үргэлжлэл явах нь.
Ингээд асуулт, хариултыг хүргэе.
-Таны “оймсыг гозолзуулах цаг ирж байгаа” гэж Н.Энхбаяр хэлсэн. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Би Н.Энхбаярт уучлал үзүүлж байснаа сайн санадаг. 2013 оны наймдугаар сарын 1 байсан. Миний ээж 2013 оны наймдугаар сарын 3-нд өөд болсон. Харин прокурорын байгууллагын ой дээр ярьсан зүйл бол 2015 оны наймдугаар сарын 14. Н.Энхбаярыг уучилснаас хойш хоёр жилийн дараа хэлсэн зүйл. Би тэр үед яг өнөөдөр болох гэж байгаа зүйлийг ярьсан. Монголын төр рүү хууль, шүүхээс зугтдаг хүмүүс мярааж байна. Тийм хүмүүс шулмын арми бий болгоод тархи угааж байна. Ийм аюул болох нь байна шүү. Хууль шүүх дээр шударга ёс тогтоохоор явж байгаа хуульчдаа төр нь хамгаалах ёстой шүү гэж хэлж байсан. Одоо яг хэлснээр болж байна. Миний хувьд хэн ч, ямар ч албан тушаалтан хууль, шүүхээс дуудвал яваад оч гэдэг. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод оч гэдэг нь хууль, шүүхийн байгууллагад үзүүлдэг хүндэтгэл. Н.Энхбаярыг 12 удаа дуудсан. Ирэхгүй болохоор нь баривчилгаа болсон байдаг. Бид нар өөрсдөөсөө соёл нэвтрүүлж хууль, шүүхийн байгууллагаа хүндлэхгүй бол хэн ч хүндлэхгүй.
–С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж, шинэ нөхцөл байдал үүслээ. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн алуурчныг олох ёстой, захиалагчийг олох ёстой. Миний харж байснаар энэ хэрэг гурван шаттай юм байна гэж хардаг байсан. 1998 онд гарсан хэрэг. Одоо дөрөв дэх шат гарч ирж байна. Тэр нь Ц.Нямдоржийн үйлдэл. Шүүхээр шийтгэгдсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдоно гэдэгт эргэлзэхгүй байгаа.
-Шүүгчийг, прокурорыг хэн шүүх вэ. Бүтцээ өөрчлөхгүйгээр шударга ёс тогтохгүй юм байна гэж зарим хүмүүс яриад байгаа. Хууль хяналтын байгууллага өөрсдөө сайн дураараа огцрохгүй байгаа шүү дээ?
-ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай та ямар холбоотой вэ?
-Б.Хурцтай Ерөнхий сайд байхдаа ажил үүргийн шугамаар хамтарч ажилладаг байсан.
-Таныг шударга бусын хонгилыг бий болгосон гэж шүүмжилдэг?
-Таван жил үргэлжилж байгаа кино. Манай улстөрчид ардчиллын төлөө дуугарахаа больсон. Намайг хэн хараадгийг би сайн мэднэ. Хэдэн зуун тролл шулмын армитайг ч мэднэ. Ц.Элбэгдорж өөрөөс нь илүү муу хүн байх ёстой. Ц.Элбэгдорж өөрөөс нь илүү хулгайч байх ёстой. Шударга бус хүн байх ёстой гэж тэд боддог. Гэхдээ “Та хэзээ ч нугарч болохгүй шүү” гэж хэлдэг хүмүүс ч байдаг юм.
Холбоотой мэдээ