ЦЕГ: БНСУ-ын иргэнээс их хэмжээний хар тамхи хураан авсан

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

ЦЕГ: БНСУ-ын иргэнээс их хэмжээний хар тамхи хураан авсан

Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Даваанямтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн талаар ярилцлаа.


-2019 он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэчнээн гэмт хэрэг бүртгэгдсэн юм бол?

-Хар тамхитай тэмцэх газар 2019 он гарсаар 108 холбогдогчтой 54 хэргийг илрүүлэн шалгаж байна. Уг хэрэгт шалгагдаж байгаа этгээдүүдийн 80 орчим хувь нь 18-35 хүртэлх насны эрхэлсэн тодорхой ажилгүй залуучууд байна.

-Хар тамхи хэрэглэж байсан гадаадын иргэнийг шалгаж байна гэсэн энэ талаар?

-БНСУ-ын иргэн гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгалтын явцад 2019 оны гуравдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүрэгт түр оршин суугч БНСУ-ын иргэн К нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм “Каннабис” хадгалж байсныг илрүүлэн Нийслэлийн прокурорын газрын хяналтан дор эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.

-Иргэн К нь өмнө нь хар тамхины хэрэгт шалгагдаж байсан уу, өөрөө хэрэглэдэг юмуу эсвэл зарж борлуулдаг уу?

-Тухайн иргэн хэдий хугацаанд хэрэглэж байсан, зарж борлуулдаг байсан эсэхийг мөрдөн шалгах үйл ажиллагаа дууссан цагт мэдээлэх боломжтой.

-Иргэн К нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг байсан уу?

-Иргэн К нь 53 настай, эрэгтэй, урьдчилсан шалгалтаар гоо сайхны бараа зарж борлуулдаг гэж мэдүүлсэн байгаа. Ямар ажил хөдөлмөр эрхэлдэг байсан нь шалгалтын явцад илүү тодорхой болно.

-Хар тамхины хэргийг анх үйлдэж байгаа болон олон удаагийн үйлдэлтэй этгээдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрүүгийн хуулийн 20.7.1-д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 20.7.2-д “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

-Хар тамхи хэрэглэсэн этгээдийг албадан эмчилгээнд явуулдаг уу?

-Эрүүл мэндийн сайд, Улсын Ерөнхий Прокурорын 2005 оны 152/188 дугаар хамтарсан тушаал “Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг албадан эмчлэх тухай”-д заасны дагуу албадан эмчилгээнд явуулдаг.

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэгт залуус ихээр өртөх боллоо. Үүний цаад шалтгаан юунд байдаг вэ?

-Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг нэг удаа хэрэглэхэд ямар ч гаж нөлөөгүй гэх мэтчилэн бие биенийгээ хуурах асуудал их байдаг. Иймд залуучуудад хандаж хэлэхэд битгий нэгнийгээ даган дуурай, хэн нэгэн санал болгоход татгалзах бүрэн чадвартай бай. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхээс татгалзах нь ирээдүйгээ аварч байна гэсэн үг.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж