Ц.Нямдоржийн тавьсан хүсэлт, ҮАБЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ, шүүх, Ерөнхий прокурорыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болох тухай хуулийн төсөл санаачилсан нь сөрөг хүчнийг сэрээв. Ардчилсан намын зүгээс хүн мөрддөг, ялладаг, шүүдэг гурван субъектийг гурван хүн удирддаг, чиглүүлдэг болох хуулийн төслийг эсэргүүцэж, Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж байна. УИХ дээр энэхүү хуулийн төсөл өчигдөр /2019.03.26/яаралтай горимоор орж ирснийг Ардчилсан нам эсэргүүцэж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчим болох хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг үгүй хийх, эрх бүхий албан тушаалтан дур зоргоороо, үзэмжээрээ шийддэг болох эрсдэлтэй. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх чиг үүрэг бүхий байгууллагын үнэлэмжээр хууль, шүүхийн байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх гаж буруу тогтолцоог хэвшүүлэх, УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байна гэж үзээд хурал хаяцгаасан юм.
Харамсалтай нь, чоно борооноор гэгчээр ардчилсан Үндсэн хуулийг уландаа гишгэж, Төрийн эргэлт хийх зорилготой төсөл хэмээн шүүмжлэл хүртээд байгаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг МАН-ын олонх дэмжсэн билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Үндсэн хуулийг хамгаалахын тулд ганцхан Ардчилсан нам л тэмцэж байна.
Монголд ардчиллын үрийг суулгаж, тарьж ургуулсны хувьд ардчилал, хүний эрх эрх чөлөөг хамгаалах нь Ардчилсан намын үүрэг юм. Юун төлөө автор нь хүртэл Ардчилсан гэх тодотголтой билээ.
Чухамдаа Х.Баттулгыг өдий зэрэгт өсгөж, бойжуулж, өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн нь яах аргагүй Ардчилсан нам юм. Гэвч, өнөөдрийн хувьд ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгч болжээ.
Тиймээс Азийн ардчилалын өлгий болсон Монголыг хамгаалах, Монголын ардчилалын сүүлчийн цайз нь өнөөдөр С.Эрдэнийн нам болж байна. Ардчиллын үнэт зүйлийг хадгалж үлдэхийн төлөө тэмцэж байгаа Ардчилсан намд өнөөдөр ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа. Учир нь, УИХ-д 64 суудалтай, үнэмлэхүй эрх мэдэлтэй МАН-д Үндсэн хуулийн бус аргаар Төрийн эрх булаахыг зөвшөөрөхгүй бол шүү дээ. Өнөөдөр хэн нэгнийг хэлмэгдүүлэх хөрс бүрдсэн тохиолдолд маргааш улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос нь та ч байж мэднэ.
Б.БАТ