Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах” нь сэдэвт чанарын өдөрлөгийг энэ сарын 26-нд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт зохион байгууллаа.
Тус өдөрлөгт дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч, чанарын албаны дарга, менежер, сувилахуйн албаны дарга, арга зүйч, хавдар, хөнгөвчлөх, хими эмчилгээний эмч, эм зүйч нарын төлөөлөл бүхий нийт 53 хүн оролцсон юм.
Энэ хүрээнд нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээний тусламж, үйлчилгээнд хяналт үнэлгээ хийсэн дүнг танилцуулж, хавдар, хөнгөвчлөх, хими эмчилгээний тусламж, үйлчилгээг сайжруулах зөвлөмжийн талаар ажлын хэсэг мэдээлэл хийж, цаашид хийх ажлынхаа талаар санал солилцлоо.
Мөн тусламж, үйлчилгээнд ахиц гаргаж байгаа Багануур эрүүл мэндийн төвийн хавдрын кабинетийн анхан шатны бичиг баримтын хөтлөлт, Налайх эрүүл мэндийн төвийн хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээний тусламж, үйлчилгээнд мөрдөж буй журмууд, Сүхбаатар эрүүл мэндийн төвийн хөнгөвчлөх тусламж, үйлчилгээнд эрвээхэй зүү хэрэглэсэн үр дүн, Баянзүрх нэгдсэн эмнэлгийн өдрийн хими эмчилгээний өрөөний зохион байгуулалт, анхан шатны бичиг баримтын хөтлөлт, химийн бодис асгарч цацарсан үед авах арга хэмжээ, өвчтөний ар гэр болон асран хамгаалагч нарт зориулсан хими эмчилгээний талаарх зөвлөмж, сурталчилгааны гарын авлага зэргийг танилцуулж, мэдлэг туршлагаа хуваалцлаа.
Хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн сайн туршлагатай газар дээр нь танилцаж, бие биеэсээ суралцах нөхцлийг бүрдүүлсэн энэхүү өдөрлөг нь хавдар, хими, хөнгөчлөх тусламж, үйлчилгээнд багийн ажиллагаа, үүрэг оролцоо тун чухал гэдгийг ойлгуулсан үр дүнтэй ажил боллоо.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ