УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр 10.00 цагт хуралдана. Тус байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх юм. Намрын чуулганы төгсгөлд байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон учраас байнгын хорооны даргын ажлаа өгөх ёстой. Тэрбээр, УИХ-ын даргад хүсэлтээ өгсөн учраас түүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товлогджээ.
Харин байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Учрал, Д.Оюунхорол, А.Ундраа нарын нэр яригдаж байгаа бөгөөд хамгийн боломжтой хувилбар нь Д.Оюунхорол гишүүнийг хэмээн МАН-ын бүлэг дотор яригдаж байна.
УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг жил тутам солих боломжтой бөгөөд өмнөх дарга нь улиран сонгогдох боломжтой байдаг. Гэхдээ энэ удаад байнгын хорооны дарга нь сайд болсон учраас шууд чөлөөлж, орны хүнийг нь томилох ёстой юм.
Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдах гэж байна. Тус хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүгийг хийх юм.
Ш.ЧИМЭГ