Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10, 19 дүгээр тойргийн дахин сонгууль энэ сарын 23-нд болсон. Энэ талаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэгээс тодрууллаа.
-Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулагдсан. Та энэ талаар тодорхой мэдээллийг өгнө үү?
-2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 10,19 тойргийн дахин сонгуулийг дүүргийн сонгуулийн хорооноос зохион байгуулсан. Сонгуулийн хорооноос дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгуулийн дүн мэдээ болон нэр дэвшигчдийг батламжлуулах тогтоолыг 03 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн. Иймд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид хуралдаж Нэгдсэн хуралдааны товыг зарлан, төлөөлөгчийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр боллоо.
-Нэгдсэн хуралдааны товыг зарласан гэсэн үг үү?
-Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах’’ ёстой гэж заасан байдаг. Иймд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж нэгдсэн чуулган буюу дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 12 дугаар хуралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хуралдуулахаар боллоо.
-Төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулах эрх нь хэнд байдаг юм бэ?
-Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг дүүргийн Хурлын онцгой бүрэн эрхэд хадгалж, хэрэгжүүлэхээр заасан байдаг. Иймд Иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах асуудлыг шийдвэрлэнэ.
-Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Галцогийг төлөөлөгчөөс нь огцруулсан мэдээлэл байна. Энэ талаар?
-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 11 дүгээр хуралдаанаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга, төлөөлөгч Б.Галцогийг огцруулсан. Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч байсан Б.Галцог нь 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Г.Ц-ийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэмт хэргийг өдүүлсэн нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 275 дугаар шийтгэх тогтоолоор гэмт буруутайд тооцогдож шийтгүүлсэн байдаг. Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасны дагуу иргэдийн Хурлын төлөөлөгч нь ‘’гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан’’ тохиолдолд ‘’Хурлын төлөөлөгчөөс огцруулах’’ эрх хэмжээг тухайн шатны иргэдийн хуралд олгосны хүрээнд хуралдаанд оролцогсдын 100 хувийн саналаар төлөөлөгчөөс нь огцруулсан.