Л.Оюун-Эрдэнийн дэглэсэн “Эрдэнэт”-ийн дуулиан, С.Зоригийн хэргийг хилсээр шүүсэн гэх Ц.Нямдоржийн гэнэтийн мэдэгдэл, Н.Энхбаярын дэлгэсэн бичлэгээр массын тархийг багагүй угааж, нэлээд “бие халаалт” хийсэн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн бус аргаар Төрийн эргэлт хийхээр АТГ болон бүх шатны шүүхийн удирдлага, мөн Ерөнхий прокурорыг орлогчийн хамт ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болох тухай хуулийн төсөл санаачилсныг Г.Занданшатарын парламент хэлэлцээд 81.8 хувийн саналаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн үйл явдал өчигдөр /2019.03.26/ өрнөлөө. Харин өнөөдөр МАН-ынхан даргынхаа өгсөн даалгаврыг биелүүлээд ээлжит бус чуулган үүргээ гүйцэтгэж, “эзэндээ” үнэнч гэдгээ харуулах ч биз, хэн, хэн нь.
Ерөнхийлөгчийн санаачилсан, У.Хүрэлсүхийн засгийн дэмжсэн хуулийн төслийг эсэргүүцэн хурал хаяж гарсан Ардчилсан намынхан Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийхийг дэмжихгүй байгаагаа зарлав. Энэ удаад Монголын ард түмэн С.Эрдэнийн намыг дэмжихгүй бол бидний амьд явах, амьдрах эрх ердөө гурван хүний үзэмжээр шийдэгдэж магадгүй, цөвүүн цаг наашилж байна.
Монгол Улс Үндсэн хуульт, парламентын засаглалтай орон. Үндсэн хуульд төрийн байгууллагуудын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг ч тов тодорхой заагаад өгчихсөн. Тухайлбал, Үндсэн хуулийг гуравдугаар бүлгийн 47-ийн нэгд, Шүүхийг зөвхөн Үндсэн хуулийн дагуу байгуулна, хоёрт нь, Шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Харин эцэг хуулийн 49-ийн гуравт, Шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана гэжээ. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэхгүй гэвэл ёстой хөх инээд хүргэх биз. Түүний “Зөвлөмж гаргаад халаад, огцруулаад байдаг эрх мэдэл угаасаа ҮАБЗ-д байхгүй” гэх тайлбар зөвхөн өнгөлөн далдлалт. Ард нь ҮАБЗ-ийн Үндсэн хуулийн бус аргаар авах төрийн эргэлт явж байгааг дөрвөн жил хууль тогтоох байгууллагыг даргалж, алх барьж байсны хувьд тэрбээр хамгийн сайн гадарлаж суугаа.
Хэрэвзээ, энэ хууль батлагдвал улстөрчдийн яриад байгаа хонгил нь хуулийн дагуу “баригдана” гэсэн үг. Монголд ердөө ҮАБЗ нэртэй асар их эрх мэдэлтэй, аюултай хоёр хүн бий болох төдийгүй тэд бол Ерөнхийлөгч Х.Баттулга хийгээд түүний албан бус дэд ерөнхийлөгч З.Энхболд.
УИХ-ын дарга Г.Занданшатар угаасаа У.Хүрэлсүхийн “утсан хүүхэлдэй”. У.Хүрэлсүх өөрөө ч Х.Баттулгын бас нэг "хүүхэлдэй" болж харагдаж байна. Утсан хүүхэлдэйнүүдэд дарангуйлагчийн үг хууль байдгийг өчигдрийн улс төрд өрнөсөн үйл явдлаас харахад амархан байлаа.
Урьд нь, М.Энхболдыг огцруулах У.Хүрэлсүхийн захиалгыг Х.Баттулга биелүүлж өгсөн бол энэ удаад Х.Баттулгын хаан болох хүслийг МАН-ын гишүүд хангаж өгөхөөр шийджээ. Ийнхүү ҮАБЗ-ийн гурав “Аяганы хариу”-гаа өгөлцөж, авалцахын хэрээр Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт улам алсарсаар л байна.
Үндсэндээ, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга хууль, шүүхийн эрх мэдлийг гартаа авах гэж тачаадан суусан нь худлаа биш. Сүүлчийн сумаа тавьсан түүний бай харамсалтай нь, Үндсэн хууль болж байна. Х.Баттулгын улайрсан улс төрийн золиосонд Монголын ардчилал амь тавьж буй нь бас худлаа биш билээ.
Ардчиллын үр шимээр жирийн зураачаас, ганзагын наймаачин, ганзагын наймаачнаас Монголын толгой бизнесмен, Монголын толгой бизнесменээс Монгол Улсын Ерөнхийлөгч болтлоо “дэвшсэн” Х.Баттулгын авторитори дэглэм тогтооход МАН-ын ЖДҮчид хэрэгтэй болжээ. Ж.Эрдэнэбатын засгийг огцруулах кнопны хөлс болгож 950 сая төгрөг тараасан нь ч ийм холын зорилго байсан нь өнөөдөр илэрч байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүдэд Ерөнхий сайд ЖДҮ гэх урхи тавьсныхаа хариуд М.Энхболдыг огцруулж, Х.Баттулгыг хаан болгох виз өгөх нь. Тэгээд ч МАН-ын бор халзан хонин сүргийг эзэн нь хэрхэн, яаж хариулахаа мэдэж байсан ч байлгүй.
Хүн нь олдвол хэрэг тохох амархан гэж үг байдаг. Хэрэвзээ, энэ хууль батлагдвал МАН-ын ЖДҮчид хэзээ нэгэн цагт үйлийн үрээ эдлэх болно. Учир нь, ҮАБЗ-ийн гурван гишүүн буюу Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурав нийлж суугаад хэнд хэрэг тохож, хэнийг шоронд илгээж, хэнийг хэргээс мулталж, хэний өмчийг дээрэмдэж, хэнээс авлига авах нь хуулийн дагуу бүрэн нээлттэй болж байна. Цаашлаад тэд үргэлж ҮАБЗ-ийн гишүүн явахгүй, тэднээс бүр аюултай хүмүүс ҮАБЗ-ийн дарга болбол яах вэ. Өнөөдөр хууль шүүхийн эрх мэдэлд Үндсэн хуулийн бус аргаар халдаж байгаа Ерөнхийлөгч цаашлаад Үндсэн хуулийн бус аргаар парламент болон гүйцэтгэх засаглалын эрх мэдэл булааж авбал яах вэ. Энэ мэт хор хөнөөлтэй үр дагаварууд үргэжлэх эхлэлийг нь МАН-ын 64 гишүүн тавьж өгвөл 1937 оны хэлмэгдүүлэлт ахиад Ардын намын үед амилах нь. Жинхэнэ айдас, хүйдэс.
Ээлжит бус чуулган хуралдуулж, большевикууд МОНГОЛЫН ТӨРИЙГ ХУЛГАЙЛАХ эсэх өнөөдөр шийдэгдэнэ. Хэрэвзээ большевикууд Үндсэн хуульд халдлаа гэхэд Үндсэн хуулийг манах үүрэгтэй манаач нар хэний талд үйлчлэхийг бас харъя. Эцэст нь, анхааруулахад, Г.Занданшатарын парламент энэ хуулийг батлах аваас У.Хүрэлсүхийн нам хоёр жилийн дараа 2021 онд тохиох зуун жилийнхээ ойг гудамжинд биш шоронд тэмдэглэж мэдэх л юм шүү.
Холбоотой мэдээ