УИХ –ын ээлжит бус чуулганаар өчигдөр /2019.03.26/ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ. Уг хууль батлагдан хэрэгжсэнээр Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг ноцтой зөрчөөд зогсохгүй, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах үйл ажиллагаа руу орж байна гэсэн шүүмжлэл өрнөж буй юм. Иймээс бид эл асуудлаар хуульчдын байр суурийг авснаа хүргэж байна.
“ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ОРОЛДЛОГО”
Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр: Гэнэтийн үйл явдал боллоо. Иргэд битгий хэл, хууль тогтоогчдын хувьд ч гэнэтийн юм боллоо. Үдээс хойш л УИХ-ын ээлжит бус чуулганаар ийм хууль хэлэлцэх боллоо гэдэг мэдээлэл гарлаа.
Ямар агуулгатай хуулийн төсөл өргөн баригдаж вэ гэдгийг үзлээ. Товчхон хууль байна. Гол агуулга нь бүх шатны шүүгчийг, Авлигатай тэмцэх газар /АТГ/, Улсын ерөнхий прокурор/УЕП/-ын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-өөс зөвлөмж гаргавал чөлөөлж, огцруулж болдог байхаар хуулиудын нэмэлт өөрчлөлт хийхээр оруулж иржээ. Энэ нь ердийн нэг албан тушаалтныг чөлөөлөх гэж байгаа юм уу гэдэг асуудлаасаа халиад Үндсэн хуулийн бус аргаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь шүүх эрх мэдлээ гартаа оруулах, Үндсэн хуулийн бус эрх мэдэл хуваарилах зарчимд нийцэхгүй, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар булааж авах оролдлого болж байна гэж дүгнэж байна.
Бид ҮАБЗ гэдэг нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байна гэж ойлгодог. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 34.1.10-т Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх гээд ганцхан заалт бий. Энэ байгууллагад нь ямар байгууллага байх тухай, тэр бүү хэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга байна гэсэн үг байхгүй. Энийг хуулиар хийчихсэн. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ гэдэг нь УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар нь ийм бүрэн эрхтэй гэсэн заалттай институц биш. Зөвлөх чиг үүрэгтэй институц юм. Ийм чиг үүрэгтэй институцэд шүүх эрх мэдлийн бүх томилгоонд оролцох эрх өгөх гэж байгаа нь өөрөө Үндсэн хуулийн бус. Жишээлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ҮАБЗ-ийн зөвлөмж гаргавал шүүгчийг чөлөөлөх тухай оруулж өгсөн.
Тэгвэл Үндсэн хуульд шүүгч нарыг томилж, чөлөөлөхийг заасан байдаг. Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 3-т шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ ажиллана. ШЕЗ шүүгч, шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгч нарыг шилж сонгох, эрх ашгийг хамгаалах зэрэг шүүгчийг бие даан ажиллуулах нөхцөлийг хангахтай холбоотой үүргийг биелүүлнэ.
Үндсэн хуулийн 51.2 дугаар зүйлд ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчийг ШЕЗ-д санал болгосноор тус, тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг УДШ-ээс санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаатай Ерөнхийлөгч томилно.
Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно гэж бичсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан үндэслэлээр л шүүгчийг огцруулна, огцруулах хүн нь Ерөнхийлөгч байна гэдгийг хэлж өгсөн.
Энэ үндэслэл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдэд үндэслэсэн байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, тухайн шүүгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тухайн шүүгч ёс зүйн алдаа гаргасан, шаардлага хангахгүй байна гэсэн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч огцруулна. Түүнээс ҮАБЗ оролцоно гэсэн нэг ч өгүүлбэр Үндсэн хуульд байхгүй.
Гэтэл дээрх хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ҮАБЗ оролцоно гэдэг нь Ерөнхийлөгч дээр нэмээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд шүүгч нарын томилгоонд оролцох гэж байна. УИХ-ын дарга гэдэг хууль тогтоох байгууллага, Ерөнхий сайд гэдэг бол гүйцэтгэх дээд байгууллага. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл нь нийлж байгаад шүүх эрх мэдэлд хэн, хэн байх вэ, байхгүй вэ гэдгийг бие дааж шийддэг, өөрсдийн таалалд нийцээгүй тохиолдолд шүүгч нарыг шууд зайлуулдаг болох гэж байна.
УИХ жил бүрийн намрын чуулганаараа улсын төсвийг батлаад өгдөг. Засгийн газар төсвийн хуулийг хэрэгжүүлдэг. Өдөр тутам бид хэдэн тэрбумаар нь мөнгө угаасан, зувчуулсан, Засгийн газрын албан тушаалтнуудын тухай хэрэг сонсдог. Энийг хэн шийддэг вэ шүүгч л шийддэг. Гэтэл дээрх хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь манай намын хүмүүсийг шийдлээ гээд тэр шүүгчийг огцруулах юм уу. Тэгвэл тэнд хараат бус шүүгч гэж байгаад яах юм. Намын даргын ая зангаар байдаг шүүгчтэй болно. Ийм боломжийг Үндсэн хуулиар олгоогүй. Тийм учраас үзэл санаагаараа Үндсэн хууль зөрчсөн, төрийн эрх мэдлийг булааж авах гэж байна гэж хэлээд байгаа юм.
Хараат бус хяналтгүй эрх мэдэлтэй болно. Энэ хуулиар гуравхан толгойтой атгаалжин хар мангас бий болох гэж байна. Гуравхан хүн нийлээд Монгол Улсыг хянах гэж байна. УИХ шүүх эрх мэдлийнхээ дээр гарах гэж байна. Энэ гурван хүний таалалд нийцээгүй л бол ямар ч шүүгч зайлуулагддаг болно гэсэн үг. Ямар үндэслэлээр гэдэг нь байхгүй, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр л гэдэг. Гэтэл үндэслэл нь мэдэгдэхгүй. Үндэслэл нь байхгүй. Таалагдаагүй байхад л огцруулна.
Бидний шударга ёсны тогтолцоог нэхэх юм бол шүүх. Хараат бус шүүх. Өнөөдөр шүүгч бусдыг алагчилдаг, авлигад автсан тухай яригдаж байгаа. Үүнийг үгүйсгээгүй. Авлига авсан, хэрэг маргааныг эрүүдэн шүүсэн асуудал байгаа бол гэмт хэрэг. Хууль зөрчсөн эдгээр шүүгчид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой болохоос биш хуулийн байгууллагыг энэ гурван хүн мэддэг болчихъё, тэгвэл шударга ёс тогтоно гэвэл уучлаарай. Тийм юм бол байхгүй.
Шүүгч нар хугацаагүйгээр томилогддог бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав хугацаатай. Сонгуулиар дөрвөн жилийн хугацаатай гарч ирдэг атлаа хугацаагүйгээр өөрсдийг нь хянах ёстой хүмүүсийг дур зоргоороо халж солих эрхийг өгөх гэж байна.
Мөн Үндсэн хуулийн 56.2-т УЕП, УЕП-ын орлогчийг зургаан жилийн хугацаагаар томилно гээд Үндсэн хуульд бичсэн байгаа. Гэтэл ҮАБЗ гээд хугацаатай гурван гишүүнтэй, магадгүй жил тутамд Ерөнхий сайд нь өөрчлөгддөг байвал зургаан жилийн хугацаатай томилогддог, өөрийг нь хулгай хийх нь үү яах нь вэ гэдгийг хянаж байх ёстой албан тушаалтныг халж солих, тэгэхдээ бүр үзэмжээр халах эрх олгоно гэдэг Үндсэн хуулийн бус, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж байгаа гэмт үйлдэл.
"САЙН ЗАМ ГАРГАХ ЁСТОЙ АТАЛ МУУ НҮХ ГҮНЗГИЙ УХАЖ БАЙНА"
Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэг: Үндсэн хуулийн 49.1-т шүүгч хараат бус байна, 49.2-т Ерөнхийлөгч, УИХ ба Засгийн газрын гишүүн шүүгчээр шүүн таслах эрхээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг. Харин шүүгчийг түдгэлзүүлэх бол долоон үндэслэлийг заасан. Үүнд эрүүл мэндийн шалтгаанаар, зургаан сараас дээш хугацаагаар сурахаар болсон, сураггүй болсон, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа, давж заалдах шатны шүүхийн магадлалаар гэм буруутай нь тогтоогдсон ч гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл, шүүгчийг түдгэлзүүлэх үндэслэлд улстөрчийн оролцоо байхгүй байгаа биз. Гэтэл Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан бол шүүгчийг түдгэлзүүлнэ гэсэн утгатай заалт оруулсан байгаа юм.
Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл энэхүү өөрчлөлтөөр ҮАБЗ-ийн гурав шүүхийн хараат бус байдалд халдан, нөлөөлөх болж байгаа. Энэ нь Үндсэн хуулийн бус маш хор хөнөөлтэй өөрчлөлт юм.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэж үг бий. Өнөөдрийн энэ хүмүүс явна. Харин дараагийн хүн асар их эрх мэдэл авсан, шүүх, хууль сахиулах байгууллага руу оролцсон хүн болно. Ухаантай улстөрч бол хэтийдсэн энэ их эрх мэдлээс татгалзаад зөв зам руу оруулах арга замыг эрэлхийлэх ёстой юм. Жишээлбэл, Үндсэн хуульд заагаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдээсээ татгалзаж, АТГ, ШЕЗ гэсэн байгууллагын удирдлагыг томилдог хуулийг өөрчилж болно. Гэтэл улам л муу нүхийг ухаж, гүнзгийрүүлээд байна.
"ДАРАНГУЙЛЛЫН ДЭГЛЭМ БИЙ БОЛГОЖ БАЙНА"
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан: Монгол Улс дахь шүүх эрх мэдлийг устгах төслийг УИХ батлах боллоо. Саналаа хэлэх боломж олгохгүй нь. ҮАБЗ л шийдсэн бол шүүгчийг түдгэлзүүлж огцруулах нь. Eрөнхийлөгчид таалагдаагүй л бол зайлуулагдана. 2014 онд шүүгчийн хараат бус байдалд халдаж байсныг энэ удаад улам төгөлдөржүүлэх нь.
Бас АТГ, Прокурорынхон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дохиогоор хөдлөх болох нь. ҮАБЗ нь Засгийн газар болон УИХ-д үүрэг өгөөд байсан. Одоо шүүх эрх мэдэлд үүрэг өгөх нь. ҮАБЗ-өөр удирдуулсан улс болж хувирах нь. Хууль, ёс зүй зөрчсөн тодорхой асуудлыг ном журмаар нь шийдэхийг огт үгүйсгээгүй. Далимдуулан бүхэл бүтэн шүүхийг устгаж болохгүй.
Үндсэн хуулийн, шүүхийн тогтолцоог бага багаар идэж, устгах замаар дарангуйллын дэглэм бий болгож байна.
Сүүлийн үед ҮАБЗ тодорхой даалгаврыг УИХ-д өгч шийдввэр гаргуулж байна. Бүх асуудалд хутгалдаж ордгийг болиулахгүй бол мангас боллоо.
"АРДЧИЛЛЫГ НУХЧИН ДАРЖ БАЙНА"
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн амин сүнс нь иргэний үндсэн эрх, эрх мэдэл хуваарилах зарчим байдаг. Болж буй үйл явц эрх мэдэл хуваарилах зарчмыг Үндсэн хуулиас бодит байдлаар алга болгох тийм санаачилга гарлаа. Өмнө нь олон дахин хэлдэг байсан, ҮАБЗ бол Засгийн газартай өрсөлддөг Засгийн газар, УИХ-тай өрсөлддөг УИХ, шүүхтэй өрсөлддөг шүүх болж хувирах гэж байна. Үе үеийн Ерөнхийлөгч ҮАБЗ-өөр дамжуулж, өөрийнхөө мэдлийг тэлэх оролдлогод саад учруулдаг байсан хүч нь УИХ байсан. Үе үеийн УИХ Ерөнхийлөгчийн хаан болох дур зорго дээр тээг болдог байсан бол энэ удаа УИХ, УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийг хулгайлах боломжийг өгч, парламентат ёсыг үгүй болгож гар хөл нь болж байна. Энэ бол хамгийн том эмгэнэл. Өнөөдөр гэнэт ухаан орсон мэт дөрвөн жилийн өмнөөс эрүүдэн шүүдэг, хууль бусаар хүмүүсийг материал олж түүгээр дарамталдаг, эд хөрөнгийг дээрэмддэг энэ хуулийн байгууллагын үйл ажиллагааг таслан зогсоохын тулд хуулийн төсөл санаачилсан. Энэ бүх санаачилгыг эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр байр суурь нь өөрчлөгдсөн. Эрүүдэн шүүх асуудлаар өмнөх парламентын үед маш их хэлэлцүүлэг өрнүүлж байсан ч МАН-ынхан алга ташаад зогсч байсан хүмүүс. Үндсэн хуулийг хулгайлах явцдаа олон хүний нус, нулимсаар тоглож хамгаалчихаад ардчиллыг үгүй хийхэд попорч байгаад харамсч байна. Дөрвөн жилийн өмнө эрүүдэн шүүх сандал Хятадаас авчраад улс даяар тарааж байсан, францаас хүн хулгайлж, эрүүдэн шүүж байгаад алж байсан хүмүүс өнөөдөр ухаарч байгаад баярлаж байна. Гэхдээ энэ ухаарал нь Үндсэн хууль, ардчиллыг нухчин дарж байгаад нь харамсч байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ