Б.Дашдондог: “The HU” хамтлагийг Монголд таниулах гэж яараагүй

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Б.Дашдондог: “The HU” хамтлагийг Монголд таниулах гэж яараагүй

Б.Дашдондог: “The HU” хамтлагийг Монголд таниулах гэж яараагүй

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондогтой ярилцлаа. Тэрбээр монголын рок поп урлагийн ертөнцөд цоо шинэ “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг “The HU хамтлагийг 2018  онд үүсгэн байгуулаад буй. Дэлхийд Монгол өв соёл, үндэсний урлагаа сурталчилж байгаа тус хамтлагийн хоёр дуу цацагдсан даруйдаа гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байна. Ингээд “The HU хамтлагийн продюсерын яриаг хүргэе.

“The HU” хамтлаг

-Та сайхан хаваржиж байна уу?

-Сайхан хаваржиж байна. Мэдээллийн News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе.

-Таныг тун завгүй явна гэж дууллаа. Энэ их ажлын хажуугаар ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа?

-Зүгээр дээ. Ойрд “The HU” хамтлагийн цомгийн ажил гээд завгүй ажиллалаа. Ер нь би  хамтлагийнхаа уран бүтээл дээр төвлөрч ажиллаж байна даа.

-“The HU хамтлагийг байгуулахад зургаа, долоон жилийн хугацаа зарцуулсан гэж сонссон. Энэ үнэн үү?

-Монголын урлагийн ертөнцөд “Хүннү рок” хэмээх цоо шинэ урсгалаар тоглодог анхны хамтлаг бол “The HU”. Миний хувьд хүннү рок урсгалын гол утга учир, тоглох арга барилыг олохын тулд судалгааны ажлыг бараг долоон жилийн өмнөөс эхэлсэн. Яагаад “Хүннү рок” урсгал гэж нэрлэх болсон бэ гэхээр манай өвөг дээдэс Хүннүгийн үеэс товшуур хөгжим тоглож байсан. Товшуур хөгжим нь хөгжиж явсаар морин хуур болсон байдаг. Энэ түүхэн хөгжлийнхөө явцад хөгжмийн дугаралт, хөглөж байсан байдлыг судлахаар кварт, квинт гэдэг хөгөн дээр үндэслэж, хөглөгддөг байсан түүхтэй. Энэ хоёр хөг нь одоо энэ дэлхийд тоглож буй рок урсгалын үндсэн хөг болж байгаа юм. Өвөг дээдэс маань эрт үеэс үндэсний хөгжмөөрөө рок хөг дуугаралттай тоглодог байжээ. Дээр нь хархираа хөөмий нь рок дуулалтын суурь элемент. Миний үзэж байгаагаар манай өвөг дээдэс рок урсгалыг үндэслэсэн байх магадлал маш өндөр байна. Тийм учраас “Хүннү рок” урсгалыг шинээр гаргаж ирэхээр шийдсэн юм.

Цаашдаа ч энэ судалгааны ажлаа илүү хөгжүүлж, үндсэн хэв шинжийг нь алдагдуулахгүй байхыг хичээх болно. Мэдээж ирээдүйд “Хүннү рок” урсгал улам хөгжинө. Хөгжлийн явцад нэлээдгүй цаг хугацааг шаардах байх. Гадна, дотногүй энэ урсгалаар тоглодог хамтлагийн тоо ч нэмэгдэнэ гэж харж байгаа. Гадны рок хөгжим сонирхогчид энэ урсгалаар тоглохыг хүсвэл монголын үндэсний хөгжим болон хархираа хөөмийг сурах хэрэгтэй болно шүү дээ.

-Хамтлагийн нэрний хувьд?

-Хамтлагийн нэрний утга нь "Хүмүүн" гэсэн үгнээс үүсэлтэй. "Хү" гэж нэрлэсэн.

-“The HU хамтлагийн залуусыг хэрхэн сонгон шалгаруулав. Хамтлагаа бидэнд танилцуулбал?

-“The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлагийн ахлагчийг Ц.Галбадрах гэдэг. Анх рок хамтлагаа бүрдүүлэх гэж бүтэн нэг жилийн хугацааг зарцуулсан. Үндэсний хөгжим тоглодог залуус дунд сонголт хийхэд амар байсангүй. Яг рок урсгал руу ороод тоглочих, тэр хэмнэлийг мэдэрдэг байх нь чухал байсан. Үндэсний хархираа хөөмийг гэхэд үндэсний хэв маягаас нь рок урсгал руу өөрчилж, үндсэн хэв шинжийг нь алдагдуулахгүй тоглож байгаа. Миний хувьд ийм уран бүтээлчдийг олж, сонгох нь хэцүү байлаа. Хамтлагийн бүх гишүүд хөгжмийн боловсрол эзэмшиж, уламжлалт хөгжмийн зэмсгээр тоглоно. Тэд хөх, улаан морин хуур, товшуур хөгжим, цуур хөгжмөөр тоглодог. Хуучир, ятга, ёочин гэх мэт өөр улс үндэстний ардын хөгжим ороогүй гэдгээрээ онцлог.

-Хөх, улаан морин хуурын тухай тайлбарлаж өгөөч?

-Хөх морин хуур нь аянга хуур гэсэн үг л дээ. Жирийн морин хуураас дуугаралт нь ялгаагүй ч хийцийн хувьд цоо шинээр хамтлагтаа зориулан хийсэн. Хөгжмийн зэмсгийн патент нь миний нэр дээр байдаг юм. Хамтлагийн хөгжмийн зэмсгийн  загварыг нь шинээр гаргасан зураач залуу бий. Миний хувьд анхны санааг нь гаргасан.

The HU хамтлагийн дууны клипний дор бичсэн олон мянган сэтгэгдэл дунд хувцасны стиль имижийг их сонирхсон байсан?

-Хамтлагийн залуусын хувцсыг Монголын загвар зохион бүтээгч, “Ariunaa Suri” брэндийн үүсгэн байгуулагч С.Ариунаа урласан юм.

-Хамтлагийн залуус хоёр дууны клипээ цацаад удаагүй ч “Youtube”-д хэдийнэ олон мянган хандалтыг авчээ. Нэг ёсондоо дараагийн уран бүтээлийн хүлээлт үүсээд байна. Дараагийн уран бүтээл хэзээ сонсогчдод хүрэх вэ?

-Хамтлагийн “Yuve Yuve Yu”, “Wolf Totem” хэмээх хоёр клип цацагдаад таван сар л болж байна. Энэ хугацаанд нийтдээ “Youtube”-д 18 сая хүний хандалт аваад байна. Цаашдаа хамтлагийн залуус европын орноор аялан тоглохоор төлөвлөсөн байгаа. Мөн ирэх долдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо 10 жилд нэг удаа зохион байгуулдаг Олон улсын рок хөгжмийн фестивальд оролцоно. Энэ фестивальд дөнгөж гарч ирж буй хамтлагууд тэр бүр оролцоод байдаггүй бөгөөд фестивалийн үеэр 400 мянган хүн цуглардаг. Ирэх наймдугаар сард Норвеги улсад болох хөгжмийн томоохон фестивальд оролцоно. Тэр фестивальд ойролцоогоор 200 мянган хүн цуглардаг.

-Монголд “The HU” хамтлагийн талаарх мэдээлэл төдийлөн бага байсан. Гэтэл Орос, Герман, АНУ-ын  мэдээллийн сайтууд тэдний уран бүтээлийг онцолж эхэлсэн. Хамтлагаа анхнаас нь дэлхийд гаргах бодолтойгоор байгуулав уу?

-Монголчууд ямар ч уран бүтээлч шинээр бүтээл хийх болгонд доор нь сэтгэгдлээр муулаад баллаж өгдөг. Дөнгөж урлагт хөл тавьж буй зулай нь нимгэн хамтлагийг янз бүрээр хэлээд л эхэлдэг. Өөрсдөө юм хийхгүй, бодохгүй сэтгэхгүй байж хүний хийсэн зүйлийг өөлөхдөө яасан ч сайн юм. Гэнэт бүгд л урлагийн мэдлэг, мэдрэмжтэй хүмүүс болчихдог. Энэ хандлага нь надад огт таалагдаагүй. Тийм болохоор би хамтлагаа Монголд таниулах гэж яарсангүй ээ. Хамтлагийн залуус маань эхлээд гадны зах зээлд гарч, олон улсын фестивальд оролцож, нэр хүнд олоод ирэхээр монголчууд хүссэн хүсээгүй олж мэднэ. Зарим хүмүүс урам хайрласан, сайхан сэтгэгдэл бичиж байгаа. Хэдийгээр “The HU” хамтлаг дэлхийд гараад ирвэл энэ залууст хэрэгтэй ч алсдаа Монгол Улсад л хэрэгтэй шүү дээ. Хамтлагийн залуус маань Монголынхоо үндэсний урлаг, байгалийн үзэсгэлэн, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Жишээлбэл, хамтлагийн хоёр дууны клипний доод хэсэгт нийтдээ 48 мянган сэтгэгдэл бичсэн байна. Энэ сэтгэгдлийг уншаад үзэхээр зургаан мянга орчим гадаадын иргэн “Монголд очиж үзнэ” гэж бичсэн байсан. Энэ чинь өөрөө монголын эдийн засаг, аялал жуулчлалд маш их нөлөө үзүүлж байна шүү дээ. Тиймээс уран бүтээлчдээ аль болох ойлгож, дэмжээд явах байтал бүр “Монголын нацистууд байгаа юм. Би  сайн танина” гэж хүртэл сэтгэгдэл бичсэн байсан. Бид нацист биш уран бүтээлч шүү дээ.

-Ярианы эхэнд хамтлагийн цомгийн тухай дурдсан. Анхны цомгийн нээлтийг хаана хийх вэ?

-Бид хамтлагийн анхны цомгоо гаргачихсан байгаа. Одоо зохион байгуулалттайгаар олон нийтэд танилцуулж, сурталчлах болно. Цомгийнхоо эхний нээлтийг Герман юм уу АНУ-д хийх байх. Мөн дараагийн цомгийн уран бүтээлээ эхлүүлсэн. Одоогоор дөрвөн ч дуу гарсан байна. Эхнээсээ сонсогчдод хүрч эхэлнэ.

-Гадны томоохон хөгжмийн агентлагтай хамтран ажиллаж байгаа гэсэн үү?

-Хамтлагийн залуус одоогоор АНУ-ын томоохон хөгжмийн энтертайнмент компанитай хамтран ажиллах гэрээтэй ажиллаж байгаа.

-Хамтлагаа гадны зах зээлд таниулахад нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулсан байх. Салбар яамны зүгээс тусалж, дэмжсэн үү?

-Ер нь гадны урлагийн зах зээлд хамтлагаа гаргахын тулд асар их мөнгийг зарцуулж байгаа. Салбар яамны зүгээс биднийг хоёр удаа дэмжиж, ажилласан. Миний бодлоор үндэсний өв соёлоо сурталчилсан ийм сайн төсөл, контентууддаа хөрөнгө оруулах  хэрэгтэй юм шиг санагддаг. Харамсалтай нь өнөөдөр тэгж чадахгүй байна л даа. Гэхдээ салбар яамны дэмжлэг бага ч гэсэн нэмэр болсон. Тэрхүү хөрөнгө оруулалтаар бид уран бүтээлээ хийсэн.

Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж