"Сүүний нэг үйлдвэр гэхэд долоон тонн шар сүүг ашиглалгүй асгаж байна"

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

"Сүүний нэг үйлдвэр гэхэд долоон тонн шар сүүг ашиглалгүй асгаж байна"

"Сүүний нэг үйлдвэр гэхэд долоон тонн шар сүүг ашиглалгүй асгаж байна"

МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын химийн тэнхимийн доктор, дэд профессор Б.Мөнхжаргалтай ярилцлаа


-МУИС-аас багш эрдэмтдийнхээ судалгааны бүтээлийг бүтээгдэхүүн болгох чиглэлд нэлээн ажил өрнүүлж байна. Та бүхний хувьд “Жангар” энергийн ундаа үйлдвэрлэсэн байна шүү дээ. Яагаад шар сүүг онцлон түүхий эдээ болгон энергийн ундаа хийх болов. Энэ судалгааны ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Монгол Улсад сүүний үйлдвэр маш чухалд тооцогддог. Гэтэл аарц, ааруулын үйлдвэрлэлээр сүүний 60-70 хувь нь шар сүү болчихдог бөгөөд үүнийг бид огт ашиглахгүй, зүгээр л асгаж байна. Өнөөдөр манай улсад үйлдвэрлэл эрхэлж байгаа сүүний нэг үйлдвэр гэхэд зундаа долоон тонн, өвөлдөө таван тонн шар сүүг ашиглалгүй асгаж байна. Гэтэл шар сүү хүний эрүүл мэндэд ашигтай олон нэгдлүүдийг агуулж байдаг.

Тухайлбал?

Тухайлбал, шар сүүнд уураг маш их байдаг. Шар сүүний уургаас өнөөдөр дэлхий нийт бодибилдингийн уураг гаргаж авч байна. Өнөөдөр залуучууд бодибилдингийн уургийг маш үнэтэй худалдан авдаг. Гэтэл энэхүү үнэт түүхий эдийг бид зүгээр л крант руугаа урсгачхаж байна. Хоёрдугаарт, шар сүү кальци ихтэй. Ясны сийрэгжилт монголчуудын тулгамдсан асуудлыг нэг болчихсон энэ үед шар сүү бол амин чухал эрдэс бодисыг нь нөхөх чухал түүхий эд юм.

-Шар сүүг уухаар гэдэс гүйлгэдэг гээд монголчууд байнга хэрэглээд байж чаддаггүй шүү дээ. Иймээс магадгүй монголчууд хэрэглэхээс төвөгшөөдөг байж мэдэх юм?

Тийм ээ. Шар сүү нь гэдэс гүйлгэдэг шинж чанартай. Тэр нь сүүний сахар гэж нэрлэдэг лактозод хамаг учир нь байгаа юм. Харин монгол хүний бие организмд шар сүүн дэх лактозыг шингээх боломжгүйгээс гэдэс гүйлгээд байдаг. Иймээс л монголчууд цөс угаах зэргээр эмчилгээний зориулалтаар бага хэмжээгээр хаяадаа л хэрэглэж байна.

Гэхдээ бид энэ асуудлыг шийдсэн. Бидний судалгаагаар лактозыг хүний биед ашигтай лактулоз болгон хувиргах боломжтой гэдгийг нотолсон. Лактулоз нь пребиотик үйлчилгээтэй. Пребиотик үйлчилгээтэй гэдэг нь бидний гэдэс доторх ашигтай бактерийг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Хоёрт, элэг хамгаалах үйлчилгээтэй. Лактулозыг элэгний эм гээд шууд ууж хэрэглэдэг туршлага ч бий. Монгол Улсад элэгний хавдар өндөр байгаа энэ үед шар сүүнд агуулагдаж буй лактозыг хувирган лактулоз болгосон нь хүний эрүүл мэндэд ач холбогдолтой гэж харж байна.

-Лактозыг хэрхэн лактулоз болгон хувиргасан юм бэ? Ямар нэгэн химийн найрлага орсон гэсэн үг үү?

Бид ямар нэгэн химийн бодис, найрлага ашиглахгүйгээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн. Лактозыг лактулоз болгон хувиргахдаа бид өндөгний хальс ашигласан. Энэ маш шинэлэг санаа бөгөөд хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Өндөгний хальсийг сүүлийн үед монголчууд кальци ихтэй гээд нунтаглан хоолондоо хийж хэрэглэж байна шүү дээ. Лактозыг лактулоз болгохдоо өндөгний хальс ашигласнаар шар сүү дэх кальцийн агууламжийг нь нэмэгдүүлж байна л гэсэн үг. Мөн шар сүүний үл шингэх байдал арилж элэг хамгаална шүү дээ.

Энэхүү судалгааг бид 2013 оноос эхлэн хийж, 2015 онд патент болгох ажилдаа орж, 2017 онд оюуны өмчийн патентаа гардан авсан.

Гэхдээ шар сүү дэх лактозыг өндөгний хальсны тусламжтайгаар лактулоз болоод шууд хэрэглэхэд тийм тааламжтай амттай биш байсан тул бид энергийн ундаагаа үйлдвэрлэхдээ жимсний охь нэмж өгсөн. Ингэснээр хүний эрүүл мэндэд тустай төдийгүй уухад тааламжтай мэдрэмж төрүүлнэ.

-Зах зээлээ судалж үзэв үү. Зах зээлийн өрсөлдөөн хэр байна гэж харж байна вэ?

-Шар сүүг одоо маш бага хэмжээгээр ганцхан компани савлаад зарж байна. Нэг литр нь 2000 төгрөг. Үүнийг хүмүүс цөсөө угаар зорилгоор авч хэрэглэж байна. Үйлдвэрүүд шар сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашиггүй гэж үзээд хөгжүүлээгүй байдаг юм байна лээ. Учир нь, тэд шар сүүний  үл шингэх байдлыг хэрхэн арилгах шийдлээ олоогүй байгаа юм. Харин бид дээр өгүүлсэнчлэн лактулоз болгон хувиргаад гэдэс гүйлгэх асуудлыг шийдчихсэн..

Үүнээс гадна, бидний үйлдвэрлэсэн “Жангар” шар сүүний энергийн ундаа “Зөв” аарцны ундаатай өрсөлдөх боломжтой гэж харж байна. Гэхдээ зөв аарцны ундаа нь казейн гэх уургийн агууламж ихтэй бол манай бүтээгдэхүүн хүний биед ашигтай эрдэс бодисын агууламж өндөр, элэг хамгаалах лактулозтой, мөн эрдэс бодистой.

-“Жангар” шар сүүний ундаа хэзээ худалдаанд гарах вэ?

-Худалдаанд гарах арай болоогүй байна. Эхний ээлжид бид уусдаг ундаа хэлбэрээр үйлдвэрлэж үзлээ. Их сургуулийн маань лаборатори өдөрт дөрөвхөн ширхэг үйлдвэрлэх боломжтой. Иймээс Монгол Улсын томоохон хүнсний, сүүний үйлдвэртэй хамтран ажиллах санал тавих төлөвлөгөөтэй байна.

Хоёрдугаар, бид “Жангар” энергийн ундааныхаа элэг хамгаалах үйлчилгээг фармакологийн туршилтаар батлах судалгааг  энэ зун хийж дуусгахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, энэхүү энергийн ундааны маань судалгааны ажил хараахан дуусаагүй явж байна гэсэн үг.

Энэхүү бүтээлийг санаачилагч нь манай профессор багш Н.Цэвэгсүрэн багш байсан. Багш маань хүний эрүүл мэндийг дэмжигч хүнсний бүтээгдэхүүн гаргах шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох чиглэлээр ажилладаг, биднийг сургасан хүн. Энэ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж багшийнхаа нэрийг мөнхлөх хүсэлтэй байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж