Гэр бүл салалт хоёр хүний асуудал биш

Хуучирсан мэдээ: 2019.03.27-нд нийтлэгдсэн

Гэр бүл салалт хоёр хүний асуудал биш

Гэр бүл салалт хоёр хүний асуудал биш

Сошиал ертөнц дуулиангүй, донсолгоогүй өдөр ховорхон болсон. Дуучин Нарагийн хувийн амьдралаа зоригтойгоор дэлгэсэн пост, бичлэг нийгмийн сүлжээнд багагүй хэлэлцүүлэг дагуулсаар байгаа. Хэдийгээр "Эр эм хоёрын дунд илжиг бүү жороол" гэсэн үгтэй ч Нарагийн амьдрал олон хүнд сигнал өгсөн билээ.

Өрх гэрээ нуруун дээрээ үүрч яваа ганц бие ээж, аавууд Монголын нийгмийн нэг анхаарлын тэмдэг болоод удаж байна. Гадаа гарч эр, гэрт орж эм болж яваа тэднийг төр засаг төдийлөн тоодоггүй. Хэдий нь энэ нь хоёр хүний хоорондын асуудал мэт боловч төр анхаарах ёстой нийгмийн нэг асуудал болжээ. Учир нь эцэг, эхийнхээ салалтын золиос нь болж яваа хүүхдүүдийн эрх энд хамгийн их зөрчигддөг. Тэд ээж, ааваасаа ч илүү бие, сэтгэлийн зовлон эдэлдгийн нэг жишээ бол хэдхэн хоногийн өмнө дөрвөн настай хүүгээ үхлүүт болтол нь зодсон хойд эцгийн хэрэг явдал. Тиймээс ч олон ээж аав хүүхдэдээ хойд эцэг, эхийн хатуу гар харуулахгүйн тулд ээжийн ч, аавын ч үүргийг гүйцэтгэж яваа. Харин хөхөө шиг хүүхдээ хаяад одсон эцэг, эхэд хариуцлага ярих цаг нэгэнт болсоныг Нарагийн тэсрэлт дор бичсэн олон эмэгтэй сэтгэгдлээс харж болохоор. Салалт Монголын нийгмийн аранга болсон. Жилээс жилд салалтын тоо улам нэмэгдэж байгаа нь архидалт, боловсролын ялгаа, ажилгүйдэл зэрэгтэй холбоотой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны статистикаар  2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж 3945 хос гэрлэлтээ цуцлуулсан байна. Салсан гэр бүлийн 51.6 хувь нь гэрлээд 10-аас дээш жил, 26.5 хувь нь 7-9 жил болсон байх юм.

Энэ бол зөвхөн шүүхээр цуцлуулсан тохиолдол. Албан ёсоор буюу шүүхээр гэр бүлээ цуцлуулалгүй хоёр тийш болсон хэчнээн хүн байгааг мэдэх боломжгүй. Ямар ч шалтгаантай байсан ч салсан гэр бүлийн золиос нь хүүхэд байдгийг л санах учиртай. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж буй хүмүүсийн олонх нь эмэгтэйчүүд. Эхнэр, хүүхдээ хайхрахгүй, санхүүгээр тусалж, дэмжихгүй, тэр ч бүү хэл, гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон нөхрөөсөө залхсан эмэгтэйчүүд бүх хариуцлагаа нуруун дээрээ үүрдэг. Харамсалтай нь, шүүхээр салалтаа шийдүүлсэн ч хүүхдэдээ нэг ч төгрөг өгдөггүй эцэг, эх олон.

Тухайлбал, гэрлэлт цуцлалтын улмаас хүүхдийн тэтгэлэг төлөгчдийн 89.1 хувь нь тэтгэлгээ төлдөггүй гэсэн статистик судалгаа байна.

Гэр дотроо асуудлаа, сэтгэл дотроо гуниг зовлонгоо нууж яваа олон бүсгүй Нара зориг өгсөн байх.      Тэрбээр “Хүүхдийнхээ сайн сайхны төлөө эцгээс нь хариуцлага гуйх нь шантааж юм бол бүх дэлхийн ээжүүд шантаажчин. Ээж бүр бүсгүй хүн бүр үр хүүхдийнхээ эцэгт найддаг. Үнэндээ бол энэ нийгэмд  баян хүний хүүхэд төрүүлээд авах ёстой юмаа аваад хариуцлагыг нь үүрүүлээд тайван амьдарч байгаа ээжүүд байдаг, би мэднэ. Тэд нар шиг амьдарч чадахгүй байгаа, тэтгэмжээ ч авч чадахгүй байгаа, хүүхдийнхээ зөвхөн хоол хувцасны мөнгийг олох гэж стрессдэж туйлдаж яваа хэдэн мянган эхчүүд байгаа вэ. Бүгдээрээ над шиг хашгираад гуйгаад байна уу, эсвэл над шиг хөшигний ард гомдоод цөхрөөд явж байна уу.Би хөндөх ёстой асуудал гэж харж байгаа. Магадгүй цаг үеийн тохироо нь ингэж бүрдэж би тэсэрсэн байх. Би дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй. Сул талтайгаараа энэ нийгэмд зөндөө юм туулсан. Миний өгөгдөл л энэ байх.Одоо бол харилцааг хуулийн дагуу шийднэ. Эмэгтэйчүүд эднийг царай алдах биш хуулийн дагуу байр байрандаа очмоор байгаа"-гаа нууж хаалгүй илэрхийлэх болсон.

Хүүдээ ДНК-ийн шинжилгээ хийлгэж, шүүхэд хандан энэ явдлыг нэг тийш нь цэгцлэхээр шийдсэн тэрбээр бүхий л процессоо олон нийттэй хуваалцаж буй. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ч энэ цаг үед мөн хөндөгдөж эхэлсэн бөгөөд түүний эхлүүлж буй энэхүү асуудал олон ч хүнд асуудлаа шийдэх гарц гаргалгаа болох биз.

2018 оны байдлаар 77 мянга гаруй өрх толгойлсон эхчүүд бий гэсэн судалгааг гаргажээ. Гэр бүл салсан тохиолдолд ихэвчлэн ээжүүд хүүхдээ авдаг  учраас өрх толгойлсон эхийн нөмөр нөөлгөнд толгой хорогдон амьдрах хатуу бэрх амьдралыг хүүхдүүд  туулсаар. Уг нь бол эмэгтэйчүүд хүнд хүчир ажил хийх бус гоо сайхан,  өр нинжин сэтгэлээр хатуу бүхнийг зөөллөн энэ хорвоог гэрэлтүүлж гийгүүлж явах учиртай улс.

Төрөөс үзүүлж байгаа халамж үйлчилгээ өнөөгийн нийгэмд хангалттай амьдрах хэмжээний биш гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ өрх толгойлсон эмэгтэйчүүдэд халамж өгч ажилгүй суулга гэж байгаа юм биш. Амьдралд нь нэмэр болохуйц ажлын байр бий болгож, үр хүүхдүүдийг нь боловсролтой болоход нь дэмжиж ажиллах тал дээр холбогдох газрууд анхаарал тавьж ажиллавал яасан юм бэ? Тэгэхээр эх орондоо тус нэмэр болох сайн иргэнийг төрүүлж байгаа баялгаа, өрх толгойлсон эмэгтэйчүүдээ төр засаг анхааралдаа авах цаг нэгэнт иржээ.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж